2016 оны сонгуулийн дараа МАН Засгийн газраа байгуулж, Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбатыг томилох үед Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан байдаг. Тодруулбал, “Мэргэжлийн” гэх тодотголтой Засгийн газар тохируулагч 10, хэрэгжүүлэгч 17 агентлагтай үйл ажиллагаа явуулахаар болж, бүтцээ эцэслэн баталж байв. Хэдийгээр Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорсон ч агентлагийн бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт ороогүй юм. Мөн дарга цэргийн халаа сэлгээ ч хийгдээгүй гэхэд болно. Тиймээс Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд голлох үүрэгтэй оролцох учиртай эдгээр агентлагууд хоёр жилийн хугацаанд ямар ажил хийж байгааг уншигчдад хүргэх гэж хэдэн өдөр мэдээлэл цуглуулав. Харамсалтай нь тэдгээр агентлагуудад хийж бүтээсэн онцлох ажил байтугай, ямар хүн удирддаг нь ч тодорхой бус байсныг нуух юун. Тиймдээ ч бийд нэмэргүй, байхгүйд гарзгүй эдгээр агентлагуудын тухай нийтлэлээ “Тэд унтаж байна” хэмээн гарчигласан хэрэг.
Чин үнэнийг хэлэхэд эдгээр агентлагууд үеийн үед л ийм байсан. Улс төрд шат ахих гэсэн амбийцтай залуус болон сонгуулиар ажилласан туслах зөвлөхүүддээ бэлэглэдэг албан тушаал болчихсон нь худлаа биш. Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд байдаг тохируулагч агентлаг болох ШӨХТГ-т гэхэд л 20 гаруйхан настай Д.Мөнхтөр гэх залуу даргаар сууж, хэсэгтээ л олны шүүмжлэлийг сонсч байв. Өдгөө УИХ-ын гишүүнээр сууж буй Т.Аюурсайхан ч намаасаа ШӨХТГ-ын даргын суудлыг “бэлгэнд” авч байсныг нуух юун. Тэгвэл өдгөө тус газрын даргаар Б.Лхагва гэгч ажиллаж байгаа аж. Өмнө нь даргаар ажиллаж байсан гэдэг ч О.Магнай ажлаа авсны дараа Б.Лхагва болон Удирдах зөвлөлийн хэд хэдэн хүнийг АТГ-т шалгуулахаар өгч байлаа. Тэгвэл 2016 онд ажлаа авснаас хойш энэ хүн бас л унтаж байна. ШӨХТГ нь ямархуу төвшинд ажилладаг вэ гэдгийг бид О.Магнайг байхад л мэдэрсэн. Хэрэглэгч нэг бүрийн төлөө жижиг зүйлийг ч орхихгүй ажиллаж болдог гэдгийг харсан, мэдэрсэн. Харин тэр цагаас хойш энэ байгууллага үндсэндээ унтаа байдал орлоо.
Өнөөдөр ч сэрээгүй, бөх гэгч нь нойрссоор байх аж. Сар шинийн өмнөхөн нефть импортлогчид шатахууны үнэ нэмнэ гэх шантааж хийх үед Б.Лхагва дарга хагас хугас ичээнээсээ гарч билээ. Огт чимээгүй суух нь эвгүй байсан уу, хоёр удаа мэдэгдэл хийгээд л эргээд таг чиг болов. Тэгвэл Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд байдаг Харилцаа, холбоо мэдээллийн технологийн газар бас л юу хийж байгаа нь мэдэгдэхгүй төдийгөөс өдийг хүрэв. Тус газар хамгийн сүүлд ОХУ-тай радио давтамжийн бүсээ баталгаажуулж, цахим орчноос хүүхдүүдийг хамгаалах талаар санамж бичигт гарын үсэг зурснаас өөр хийж гийгүүлсэн ажилгүй сууж байна. Тохируулагч агентлагийн даргаар Б.Чинбат гэх мэргэжлийн боловсон хүчинг 2016 онд томилсон байдаг. Түүний хийх ёстой ажил чамгүй их бий. Гурав, дөрвөн жил яригдаж буй дугаартайгаа шилжих үйлчилгээ ч өнөө хэр ахиц гараагүй байгаа нь Б.Чинбат ажлаа ямар хэмжээнд хийж буйг харуулж байгаа болов уу. Харин Б.Баярсайхан гэх залуугийн удирддаг Үндэсний хөгжлийн газрын тухайд хамгийн сүүлд Засгийн газрын гурван тулгуурт хөгжлийн бодлого гэгчийг боловсруулснаа олон нийтэд танилцуулав. Бусад газраа бодвол арай дөнгүүр ажиллаж байгаа юм билээ. Тэгвэл Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд буй хэрэгжүүлэгч агентлаг болох Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга мөн л унтаж байна.
Ц.Ням-Осор даргын сэрдэг цаг нь хууль бус өмчийн маргаан. Тухайлбал, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд авах, авахгүй гэх маргаан гарах үед түүний нойр сэргэж билээ. Тус газрын албан ёсны сайтад орж үзэхэд “Сэтгэл хөдлөлөө хэрхэн хянах вэ” гэх мэт элдвийн сургалтууд ар өвөргүй хөвөрч байлаа. Уг нь энэ байгууллага үнэгүйдэж буй төрийн өмчийг үнэ цэнэтэй болгох, жил бүхэн алдагдал нь нэмэгдэж буй төрийн өмчийн компаниудынхаа алдагдлыг багасгаж, ашгийг нэмэгдүүлэх талаар ажиллах учиртай. Гэвч 2018 оны эхэнд хэдэн компанийн дарга нартай уулзсаныг эс тооцвол энэ талаар хийсэн ажил нь чамлалттай. Урлагийн олон бүтээл үнэгүйдэж байхад унтсаар байгаа газар бол Оюуны өмч, улсын бүртгэлийн газар. Тэтгэвэрт гарах наснаасаа өнгөрчихсөн Р.Содхүү даргыг удирдаж байхад энэ газар чимээ аниргүй л нам гүмхэн байлаа. “Төрийн үйлчилгээнд хүнд суртал байх ёстой. Банкинд очерлодог атлаа яагаад төрийн үйлчилгээ авахаар очерлож болдоггүй юм” хэмээн хэрэглэгчээ загначихаад зогсч байлаа, дарга нь. Р.Содхүү мөн л хууль бус маргааны үед ажлаа тун ч сайн хийнэ. Гэрчилгээг нь хүртэл шөнөөр гаргаж рекорд тогтоож байв. Тэгвэл Р.Содхүүг ажлаас нь чөлөөлсний шинэ дарга болох Д.Дэлгэрсайхан нь гадаад паспортын үйлчилгээг дүүргүүдэд шилжүүлэх шийдвэр гаргаж, сая л энэ байгууллага амьд гэдгийг мэдэв. Оюуны өмчийн хулгай цахим орчинд эрчээ авчихаад байгаа талаар энэ байгууллага нэг ч ажил хийсэнгүй. Бүтэн жилийн хөдөлмөр, хэдэн зуун сая төгрөг зарлагадаж бүтээл гаргасан уран бүтээлчдийн контентыг ямар ч цензургүйгээр хуулбарлан тараах гэмт хэрэг улам л эрчээ авч байна. Уран бүтээлчдийнхээ оюуны өмчийг хамгаалах талаар Харилцаа холбооны газартайгаа хамтарч ажиллаад ч болов ажиллах нь тэдний хамгийн эхлээд хийх ёстой ажил. Гэвч тэд бас л унтаж байна.
Хүүхдийн эрх шат шатанд зөрчигдөж, нялх балчир үрс хүчирхийлэлд өртөж байхад аанай л бусад шигээ унтаж буй Хүүхэд залуучуудын хөгжлийн газар ч шүүмжлэлээс холуур өнгөрөх учиргүй. Байдаг эсэх нь ч үл мэдэгдэх Стандарт хэмжилзүйн газар, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, Гадаадын иргэн харьяатын газруудын үйл ажиллагаа, хийж байгаа ажил хэзээ ч олон нийтэд ил тод байсангүй. Элдвийн уралдаан тэмцээн болохоор хэдэн зуун сая төгрөгөөр хувцас хийдэг, дарга цэрэг нь гадагшаа явсан гэх шүүмжлэлд өртөхөөс бусдаар товойж гардаггүй Биеийн тамир спортын газрын удирдлагууд ч унтацгааж байна. Сагсчин Ц.Шаравжамц тун саяхан өвлийн олимпт оролцсон тамирчдын хувцаслалтаас болж багагүй шүүмжлүүлж билээ. Хатуухан хэлэхэд, тухайн үед олон ч хүн ийм газар байдаг, түүнийг нь сагсчин залуу удирддаг гэдгийг мэдсэн болов уу.
Тэгвэл МУГЖ гэдгээрээ олонд илүү танигдсан нэг дарга бол Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат. “Гэртээ ирлээ” дуугаар нь илүүтэй таних эрхэм дарга мөн л албан тушаалаа авснаас хойш бөх гэгч нь нойрсч буй. Хаа нэгхэн том төсөл хэрэгжүүлж, тоглолт зохион байгуулахаас бусдаар яамнаас хийж буй ажлын нэг автор болчихоод л чимээгүй сууж байдаг нь худлаа биш юм. Дахин хэлэхэд, бийд нэмэргүй, байхгүйд гарзгүй энэ олон агентлагуудаа ажилд нь оруул, Ерөнхий сайд аа. Эгэл иргэдийн амьдралд ойрхон гэдгээр нь ард түмэн Гааль, Татвар, ШШГЕГ, Эрүүл мэнд нийгмийн даатгал, Хөдөлмөр халамжийн агентлагуудыг мэддэг юм билээ. Харин бусад газрын тухайд яамны нэг хэлтэс болоод ажиллахад ч гэмгүй. Сургалт зохион байгуулж, эсвэл ниргэсэн хойно хашгирч ажилласаар байвал ийм олон агентлагт тэр олон албан хаагчдыг төр үнэгүй тэжээх хэрэг байгаа бил үү. Тэд хэзээ нойрноосоо сэрж, иргэдийн эрх ашгийн төлөө ажиллаж, төр гэх хүнд суртлын том аппаратын нэг эрэг шургийг ч болов хөнгөлж чөлөөлөх талаар ажиллаж эхлэх бол. Ямар даргатай, ямар чиг үүрэгтэй ажилладаг нь ч тодорхой бус агентлагын “хурган” дарга нараас нойрноос нь сэрээж, ажлыг нь хийлгэмээр байх юм.