ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

"FINANCIAL TIMES": ОХУ-д тавьсан хориг Монгол Улсад нөлөөлж байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2023-02-02

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Файнаншл Таймс” сонинд эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцлага өгснийг “Financial times” вэб сайт нэгдүгээр сарын 30-ны өдөр нийтэлжээ. “ОХУ-д тавьсан хориг Монгол Улсад нөлөөлж байна” гэсэн гарчиг бүхий тус нийтлэлийг уншигч танд тоймлон хүргэе.

Тус нийтлэлд “ОХУ нь Украиныг эзлэн түрэмгийлж байгаа нь Монголын эдийн засагт сөргөөр нөлөөлсөн гэж тус улсын Ерөнхий сайд мэдэгдлээ. Тухайлбал, агаарын тээврийн орлого алдагдаж, ОХУ-аас шатахуун болон бусад бараа бүтээгдэхүүн импортлоход хүндрэлтэй байгаа нь эдийн засгийн хохирол учруулжээ.  АНУ, Европын холбоо зэрэг бусад орнууд ОХУ-ын эсрэг өргөн цар хүрээтэй хориг арга хэмжээ авснаас хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн ч ОХУ, БНХАУ-ын хооронд хавчуулагдсан 3.3 сая хүнтэй, далайд гарцгүй улсын эдийн засагт сөргөөр нөлөөлсөн хэвээр байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Файнэншл таймс” сонинд өгсөн ярилцлагадаа “Бид ардчилсан улс ч гэсэн ОХУ-д тавьсан хориг арга хэмжээнээс болж дарамт шахалтад орсон. Бидний буруу биш ч гэсэн Монгол Улсын эсрэг давхар хориг арга хэмжээ авсан гэсэн үг.

Учир нь шатахуунаар ОХУ-аас бүрэн хамааралтай учраас төлбөр төлөх хүндрэлээс эхлээд тус улсын дээгүүр нисч байсан агаарын тээврийн компаниудын орлогын алдагдал хүртэл багтаж байна.  Украины нөхцөл байдал зөвхөн хоёр улсын мөргөлдөөн биш. Энэ нь дэлхийн эдийн засаг, Монгол Улс тэр дундаа далайд гарцгүй жижиг орнуудад сөрөг нөлөө үзүүлсэн. Эдийн засгийн хориг арга хэмжээ нь бусад улс орнуудад ч сөргөөр нөлөөлж байгаа учраас өргөн хүрээний судалгаанд үндэслэн ногдуулах ёстой” хэмээлээ.

ОХУ-ын агаарын орон зайгаар Европ-Азийн чиглэлд нислэг үйлдэж байсан авиакомпаниуд тус улсын нутаг дэвсгэр дээгүүр нисч, үүнийхээ төлөө Монгол Улсад  “навигацийн төлбөр” төлж байв. Гэсэн ч ОХУ-ын агаарын орон зайд хориг тавьсан Европын холбооны арга хэмжээний хариуд Москва мөн хариу барьснаар Европын агаарын тээврийн компаниуд хойд туйлын дээгүүр эсвэл Төв Ази болон Туркийг дамнан нисэхээс өөр аргагүйд хүрсэн юм. 

Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ байр сууриа илэрхийлэхдээ “ОХУ-ын нутаг дэвсгэр дээгүүр нисэх онгоц явахгүй байгаа учраас навигацийн орлого дутагдаж байна. Хоёрдугаарт, шатахуунаа ОХУ-аас импортолдог. Тус улсын эрчим хүчний компаниуд болон банкууд хоригт орсон учраас төлбөрийн асуудалтай тулгарлаа. Дайнтай холбоотой дизель түлш, наранцэцэгийн тос, уул уурхайн тоног төхөөрөмж зэрэг бараа бүтээгдэхүүний хомсдол үүссэн. Өөрөөр хэлбэл, бидний өдөр тутам хэрэглэдэг зарим бүтээгдэхүүн тасалдахад хүрлээ” гэв. 

Энэ бүх асуудлыг тэрбээр өнгөрсөн аравдугаар сард ХБНГУ-д айлчлал хийхдээ, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришыг наймдугаар сард Монголд айлчлах үед ч хөндөж ярилцсан бөгөөд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-г өнгөрсөн оны сүүлчээр Монголд айлчлах үеэр ч байр сууриа тодорхой илэрхийлжээ. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Украины нөхцөл байдалд Хятад, Европын холбоо, Герман асар их нөлөө үзүүлж байгаа. Энэ хүрээнд би ХБНГУ-д албан ёсны айлчлал хийсэн, мөн БНХАУ-ын түншүүд, ялангуяа Гадаад хэргийн сайд Ван И-г Монгол Улсад айлчлал хийх үеэр нь ярилцсан” гэлээ. Монгол Улс нүүрс, зэс болон бусад түүхий эдийн экспортоор Хятад улсын эрэлт хэрэгцээг хангадаг буюу тус улсаас хамааралтай. Нийт экспортын 60 орчим хувийг нүүрс, зэс, 20 хувийг алт, төмрийн хүдэр эзэлдэг.

Өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын сүүлээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-тай хил дамнасан шинэ төмөр замын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, цар тахлын өмнөх жилийн 30 орчим сая тонн байсан нүүрсний экспортыг 80 саяд хүргэнэ гэдгээ мэдэгдсэн билээ. Тэрбээр “Монгол Улс экспортынхоо 90 хувийг БНХАУ руу нийлүүлдэг. Шатахууны хувьд ОХУ-аас бүрэн хамааралтай. Хоёр хөршөөсөө хүнс болон бусад бүтээгдэхүүнээр хараат байна. Гэхдээ Монгол бол парламентын засаглалтай ардчилсан улс. Манай хүмүүсийн сэтгэхүй, нийгэм нь тэдгээр улс орноос тэс өөр. Далайд гарцгүй ч сэтгэлгээний хувьд чөлөөт орон” хэмээн байр сууриа илэрхийлэв. 

Энэхүү ардчилсан сэтгэлгээ нь хоёр хөрш улсад нь байдаггүй олон нийтийн эсэргүүцэл тэмцлийг өдөөсөн бөгөөд нүүрсний хулгайн хэрэгт бухимдсан олон хүн Төв талбайд жагсаж, Төрийн ордон руугаа дайрна гэж сүрдүүлжээ. Энэ талаар Хуульзүйн сайд Х.Нямбаатар “Financial times”-д өгсөн ярилцлагадаа  “Сүүлийн 32 жилийн хугацаанд өрнөсөн баялгийн тэгш бус хуваарилалтын үр дүнд үүссэн бухимдал нь олон нийтийг хамарсан жагсаал цуглаан болсон” гэж онцоллоо.

Үүнээс хойш Л.Оюун-Эрдэний Засгийн газар байгалийн баялаг, төрийн өмчит компаниудын төрийн албан хаагчид болон удирдах албан тушаалтнуудыг хамруулсан өргөн хүрээний шалгалт явуулж эхэлжээ. Засгийн газар авлига авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан, "үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн" хэргээр олон арван хүнийг баривчилж, цагдаа нар төмөр замын удирдах ажилтны гэрээс 7.3 тэрбум төгрөг (2.1 сая доллар) хураан авчээ” хэмээн тус нийтлэлд бичжээ.