ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хөдөөд боломж дүүрэн байна, хүрэлцэн ирээрэй

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2023-04-30

“Дорноговь аймгийн энэхүү өргөн уудам газар нутагт ирээдүй цагт олон хэлийн, олон хөлийн том газар бий болно” гэж 200-гаад жилийн тэртээ Говийн догшин ноён хутагт Д.Данзанравжаа зөгнөж байсан нь биелэлээ олж байна хэмээн дорноговьчууд бэлэгшээж сууна. Учир нь ээрэм говийн их талд яг энэ цаг үед их бүтээн байгуулалт ар араасаа сүндэрлэж, говьчуудын алс ирээдүйн амьдралд өөрчлөлт, шинэчлэлт авчрах Газрын тосны үйлдвэр нь дараагийн том алхмаа хийж буй түүхэн агшин тохиолоо. 

Далан нэгэн мянган дорноговьчууд ч бус гурван сая монголчуудын амьдрал, дараагийн 30, 40 магадгүй 100, 200 жилийн хугацаанд Монгол Улсын хувь заяаг эрс өөрчлөх энэхүү бүтээн байгуулалтын дуулианаар “10 мянган орон сууцаа бариад, ард түмнийхээ амьдралыг эрс өөрчилнө. 14 сумаа дэд бүтэц, эрчим хүчээр бүрэн хангачихвал тэнүүн говьдоо та бүхэн минь тав тухтай амьдрах болно” хэмээгээд итгэл төгс төлөвлөгөө боловсруулснаа Засаг дарга О.Батжаргал Улаанбаатар хот, аймгаасаа урьсан 50 гаруй барилгын компаний захирлуудад танилцуулсан үйл явдал өнгөрөгч баасан, бямба гарагт тохиов.

Говьчууд өнөөдөр ойрын зовлон бус алс хэтийн том мөрөөдлөө хөрсөн дээрээ буулгаж, энэ цагт эхлүүлж ирээдүйд ашгийг нь хүртэх олон ажлаа “Нээлттэй Дорноговь” уулзалтаараа танилцуулж буйг сурвалжлах завшаан тохиолоо. Дорноговь бол Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэгч аймгуудын нэг. 2003 оноос эхлэн төсвөө бие даан бүрдүүлж, улсын төсөвт төвлөрүүлдэг болжээ, тэд. Эдийн засгийн өрсөлдөх чадварын тайлангаар сүүлийн таван жил дандаа эхний байруудад эрэмбэлэгдэж, цар тахлын жилүүдэд ч эрэмбээ алдаагүй.

2021, 2022 онуудад улсаа тэргүүлсэн амжилтын нууцаа хоёр өдөр үргэлжлэх энэхүү чуулга уулзалтаар олон нийтэд, бас бусад аймгуудад хүргэхийг тэд хүсчээ. Учир нь Засгийн газраас зарласан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын тэргүүлэх зорилтын нэг болох “Хөдөөгийн сэргэлт”-ийг тэд говь нутгаасаа эхлүүлэхийг хүссэн учраас тэр. Тиймдээ ч “Хөдөөд боломж дүүрэн байна, хүрээд ирээрэй” хэмээн итгэл төгс индрээс мэдэгдэж, энэ өдрүүдэд аймаг орон нутгийнхаа боломж бүхнийг сурталчлахаар хичээж байв.

Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал хэлэхдээ “Хөдөөгийн сэргэлтийн бодлогын хүрээнд ойрын хугацаанд 10 мянган айлын орон сууц барина гэсэн зорилтоо “Барилга, орон сууцны үзэсгэлэн”-д танилцуулж, төсөлд оролцох 50 гаруй компанийг урилаа. Бид газар зохион байгуулалт, дэд бүтэц гээд бүх зүйлээ төлөвлөсөн. Үзэсгэлэнд оролцож буй компаниудаас иргэд, аж ахуйн нэгжүүд маань барилгын шинэ технологи, боломжуудыг шүүрч аваасай.

Манай аймагт эрчим хүчний шинэ эх үүсвэрүүд олон болж байна. Ойрын хугацаанд цахилгааны дулааны эх үүсвэрүүдээ өргөтгөх, хүнд үйлдвэрийг дагасан эрчим хүч дулааны томоохон эх үүсвэр ойрын хугацаанд Дорноговь аймагт бий болно. Эхний шатны Ган хайлуулах, ширэм боловсруулах үйлдвэр ирэх аравдугаар сард ашиглалтад ороход л шинэ эх үүсвэр бий болно. Гэр хорооллын тоогоор манай аймаг улсдаа хамгийн бага байдаг. Энэ бол боломж. Газар нутаг ч өргөн учраас төлөвлөлтөө маш зөв хийж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хамтраад хийгээд явах болно” гэв.

Харин УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан хөдөөгийн сэргэлт бол хамгийн нүдээ олсон, тэр хэрээр амжилттай явах боломжтой хөтөлбөр хэмээлээ. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах хамгийн гол аймгуудын нэг хэмээн Дорноговийг онцлов. Тэд хоосон амлалт өгсөнгүй. Эсрэгээрээ 12-13 мянган ажлын байр бий болгочихсон, мэргэжлийн боловсон хүчнийг хүлээж авахад орон байраар хангах ажлаа эхлүүлчихсэн учраас хөдөө хүрч ирээд ажиллаарай хэмээн залуусыгаа уриалав.

Залуус хөдөө ажиллаж, амьдрах сонирхол байгаа ч орон  сууцны хүрэлцээ хангамж муу, орон байртай болох, ажлын байранд гарсан ч ахиц дэвших, чадварыг нь үнэлэх талаас муу байдаг. Мөн ипотекийн зээл олголт ч хангалттай биш. Монголбанкнаас гарч буй нийт зээлийн 80 хувь нь Улаанбаатарт, дөнгөж 20 хувь нь хөдөө орон нутагт олгогдож байгаа аж. Тэгвэл энэ тоог нэмэгдүүлэх, цаашдаа 80 хувийг хөдөө олгох ёстой гэдгийг Монголбанкны удирдлагуудтай уулзахдаа хэлсэн гэдгээ гишүүн дуулгана билээ.

Тун удахгүй Төв банкны удирдлагууд Эдийн засгийн байнгын хороонд ажлаа танилцуулах үеэр ч энэ асуудал тууштай яригдах гэнэ лээ. Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Монгол Улсын Засгийн газраас орон нутагтаа ажиллахаар Улаанбаатар хотоос шилжиж очсон залууст ипотекийн гурван хувийн хүүтэй зээл олгох шийдвэр гаргасан. Гэлээ ч энэ шийдвэр хараахан ажил хэрэг болж эхлээгүй, хөнгөлөлттэй болон урьдчилгаа төлбөрийн журам эцэслэн гараагүй учраас нэн яаралтай энэ ажлыг эхлүүлэх талаар улстөрчид нь ч анхаарч ажиллахаа хүрэлцэн ирсэн залууст амлалаа.

“Говийн шанд дахь эдийн засгийн шинэ эрх чөлөө”

Говьд олон бүтээн байгуулалт анхны шангаа татаж, басхүү нээлтээ хийхэд бэлэн болсныг эрхэм уншигч танд дуулгасан. Нөгөөтээгүүр, Монгол Улсын эдийн засгийн амин урсгал болсон голлох түүхий эдийг экспортолж, импортолж буй Хангимандал, Замын-Үүдийн хоёр том боомт энэ аймагт бий. Ердөө хоёр жил гаруйн дараа л БНЭУ-ын хөнгөлөлттэй зээлээр баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхээр “дуншиж” өнгөрөгч баасан гарагт EPC 02, EPC 03 багц ажил буюу үндсэн технологи, бусад дагалдах бүх төрлийн байгууламж, 35 МВт-ын хүчин чадалтай Дулааны цахилгаан станцын ажлаас гадна 530 км үргэлжлэх, жилдээ 1.5 сая тонн түүхий тос дамжуулах хүчин чадал бүхий хоолойн бүтээн байгуулалтыг тус, тус эхлүүлэв.

Эхний хоёр багц ажлыг БНЭУ-ын “Mega Engineering Infrastructure Limited” компани гүйцэтгэхээр шалгарч, 2022 онд гэрээ байгуулан ажлаа эхлүүлжээ. Харин газрын тос дамжуулах хоолой барих ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын төрийн өмчит “Norinco International Cooperation” шалгарч, мөн л 2022 оны сүүлээс ажлаа эхлүүлсэн юм. Тэд салбар бүртээ дэлхийд шилдэгт ордог компаниуд. Дан ганц Монголд ч бус дэлхийн маш олон оронд тэд чанартай, туршлагатай ажил гүйцэтгэсэн гэдгээрээ гайхагддаг гүйцэтгэгчид.

Mega Engineering Infrastructure Limited” компани гэхэд л дэлхийн 30 гаруй улсад 200 тэрбум ам.доллароор яригдах гэрээг гүйцэтгэжээ. Тиймдээ ч дэлхийн зах зээл дээр голлон тоглогч хийдэг хоёр том улсын гүйцэтгэгчийг говийн талд гар бариулж чадсан энэхүү түүхэн бүтээн байгуулалтыг “Engineers India Limited” компанийн Төслийн удирдагч Балакумар Субхас "Монголын эрчим хүчний аюулгүй байдалд хувьсгал хийх шинэ алхам. Монголын эдийн засгийн тусгаар тогтнолыг 10 хувиар нэмэгдүүлж чадах түүхэн боломж” хэмээн тодотгож байлаа.

Харин тус төслийг 2021 онд төслийн ажил эхэлснээс хойш хоёргүй сэтгэлээр гүйцэтгэж яваа “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг “Говийн шанд дахь эрчим хүч, эдийн засгийн шинэ эрх чөлөө” хэмээн тодорхойлно билээ.

Тэрбээр, “Дулааны цахилгаан станцын ажлаа бид 2025 оны гуравдугаар улиралд дуусгана. Үйлдвэрийн үндсэн барилга байгууламж, бусад дагалдах барилгын ажлыг багтаасан багц ажлыг 2026 он эхээр хийж дуусна. Ингэснээр 2026 оноос бүтээгдэхүүнээ олборлоод эхлэх зорилготой байгаа. Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил нь Алтанширээ аж үйлдвэрийн паркийн ажилд томоохон үүрэг гүйцэтгэх юм. Монгол Улсын эдийн засгийн шинэ тулгуур багана болно.

Бүтээн байгуулалтын ажилд гэхэд л 1000 гаруй ажлын байр гарна. Дамжуулах хоолойн ажилд 300-400 ажлын байр шинээр бий болно. Түүхий тос тээвэрлэх дамжуулах хоолой эдийн засгийн хамгийн үр ашигтай, эрчим хүчний зарцуулалт, өртөг зардал, аюулгүй байдал талаасаа хамгийн шалгарсан арга. Улсын төсөвт гол үүрэг гүйцэтгэдэг нүүрс, зэсийн араас газрын тос орох цаг тун удахгүй ирэх нь ээ. Төсвийн санхүүжилт хэвийн явж байна. Мөн энэ төсөлд ажиллах мэргэжлийн боловсон хүчинг ШУТИС-тай хамтран бакалаврын түвшинд бэлтгэхээс гадна БНЭУ руу гурван сарын мэргэшүүлсэн сургалтад сургаж, бэлтгэж байна” гэлээ.

Говийн дараагийн хөгжлийн гарцыг аялал жуулчлал гэж тодорхойлжээ

Боомтын сэргэлтийн хүрээнд Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүс ашиглалтад орох гээд хөдөөгийн сэргэлт бодит утгаараа хэрэгжих аймгийн нэг нь Дорноговь болсон гэдгийг говьчуудын төлөөлөл болсон УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин онцолж байна.

Уул уурхайн бүтээгдэхүүн зөвхөн түүхийгээр гарч байсан бол сүүлийн таван жил аль болох баяжуулж, эцсийн бүтээгдэхүүн болгоод гаргахыг зорьж, түүнийгээ дагаад бүтээн байгуулалтын ажлууд ч эхэлсэн нь ажлын байр нэмэх, татварын орлого аймаг, улсын төсөвт нэмэгдэх давуу талтайг хэлж байх юм. Тиймээс 1600 гаруй шинэ ажлын байр нэмэгдүүлэх Алтанширээт үйлдвэр технологийн парк, Хатанбулаг, Хөвсгөл сумыг дамнасан Хүнд үйлдвэрийн технологийн парк, Хангимандалыг түших 3000 иргэний шинэ суурьшлын бүс, төмөр зам дагасан баяжуулах боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт гээд шинээр ажлын байр бий болгох, орон нутагт залуусыг татах энэхүү ажлуудыг тууштай дэмжиж, төсөв нь гацахгүйгээр урагшлах бүх боломжийг ханган ажиллаж буйгаа эрхэм гишүүн дуулгана билээ.

Говьчууд дан ганц уул уурхайгаас ашиг олох, орон нутгийн төсөвт татан төвлөрүүлж байгаа АМНАТ-таа найдаад суухыг хүссэнгүй. Тиймээс говиос олж болох дараагийн ашиг юу байх, шавхагддаг нөөц дуусах цагт говьчуудын амьдралын эх үүсвэр, мөнгө олох гарц юу байхыг ч энэ өдрүүдэд ярилцаж байгаа юм. Тэрхүү гарцаа тэд аялал жуулчлал, говийн махаа брэнд болгох гэж тодорхойлжээ. Тиймээс усны нөөц гэх мэт цаг зуурын бэрхшээл тоочиж суух бус саарал усаа үйлдвэрлэлд ашиглахаар шинэ Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад оруулан, дэргэд нь бохир усыг 98 хувьтай цэвэршүүлэх технологи ашиглаж эхэлжээ.

Ирэх зунаас хоногтоо 3000 метр шоо усыг цэвэршүүлж, үйлдвэрлэлд нийлүүлэхээр болоод буй юм. Ингэснээр ноолуураа эцсийн бүтээгдэхүүн болгох үйлдвэрүүд, махаа БНХАУ-ын зах зээлд эцсийн бүтээгдэхүүн болгон гаргах үйлдвэр, говийн хилийн бүсийг дагасан аялал жуулчлалыг хөгжүүлэх гээд шинэ гарц гаргалгааг мөн “Нээлттэй Дорноговь”-ийн хүрээнд тойрч ярилцлаа. Дараагийн нийтлэлээс эрхэм уншигч та говьчууд гарц бас боломжоо хэрхэн тодорхойлсныг уншаарай.

Үргэлжлэл бий...