ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ХӨНДӨХ СЭДЭВ: Хөдөөд улстөрчдийн зуд нүүрлэж байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2024-02-23

Монгол Улсын хэмжээнд 13 аймгийн 58 суманд мөсөн буюу төмөр зуд,  17 аймгийн 139 суманд цагаан зуд, 18 аймгийн 69 сум цагаан зудархуу гэж энэ сарын 20-ны байдлаар үнэлжээ.

Өчигдрийн байдлаар гэхэд хорогдсон малын тоо толгой 1.5 саяд хүрсэн байх юм. Хөдөө, орон нутагт үнэхээр нөхцөл байдал хүндэрч, байгалийн гамшиг цаг бусаар тохиож, малчдын хот харлаж, буянт малаасаа салж байгаа нь үнэн. Харахаас ч нүд хальтрам дүр зураг хөдөөд болж байгааг жамаараа болж байгаа зүйл, сандралдах хэрэггүй хэмээн зөвтгөж суух нь утгагүй. Хэлж ирдэггүй, хийсч ирдэг байгалийн гамшгийг яалтай ч билээ. Тэгвэл энэхүү нөхцөл байдалтай уялдуулан Засгийн газраас гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, шаардлагатай арга хэмжээг мэргэжлийн байгууллагууд авч, тусламж, үйлчилгээг ч боломжоороо хүргэн ажиллаж байна.

Өдөр бүр Улсын онцгой комиссоос нөхцөл байдлын мэдээллийг хүргэн ажиллаж байгааг та бүхэн мэдэж байгаа биз. Хаа хаанаа л боломжит нөхцөл байдлаа дайчлан ажиллаж буй. Цаашдаа ч нөхцөл байдал хүндрэхийг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байгаа юм. Тэр дундаа энэ сарын сүүлээр ихэнх нутгаар цастай, говийн аймгаар цасан шуургатай болохыг сэрэмжлүүлж, онцын шаардлагагүй бол хол зам гарахгүй байхыг сануулав. Орон нутагт зам, даваа хаагдах магадлал өндөр байхыг сануулжээ.

Гэвч “Дайны хажуугаар дажин” гэдэг шиг давхар улс төрийн зуд нүүрлэж байгааг сануулах нь зүйтэй болов уу. Энэ онд УИХ болон Орон нутгийн сонгуультай билээ. Тойрог томсож, улстөрчдийн өөрийгөө таниулах, танилцуулах ажил ч цар хүрээний хувьд томорсон гэсэн үг. Гэсэн хэдий ч дан ганц өөрийгөө, улс төрийн карьераа бодож, хүн хүчгүй байгаа малчид дээр очиж, хүндрэл учруулмааргүй байх юм, улстөрчид өө. Хэдэн улстөрчидтэй, төрчидгүй ажлаад, амьдраад, болгоод ирсэн улс шүү дээ малчид чинь. Нүглийн нүдийг гурилаар хуурч байгаа аятай жаахан юм атгуулчихаад, санал горьдож яваа бол ёстой санасны чинь гарз шүү.

Гай, гамшиг тохиож байхад том, том жийп хөлөглөөд хэдэн боодол өвс, гурил аччихсан, улс төр хийгээд, зураг хөргөө дараад явж байгаа та нарт хүн чанарын жаахан ч хэтэрхий алга уу гэж эрхгүй адарч асуумаар. Зудыг далимдуулан малчдад туслах элдэв аян, хандив ч бүр хэрээс хэтэрч гүйцлээ. Тэднийг хянах, шалгах байгууллага ч алга. Ямар ч замбараагүй, шүүлтүүргүй явагдаж буй нь худлаа биш. Урлагын тоглолтууд ч хэрээс хэтэрлээ. Бараг хувь хүн хүртэл дансны дугаараа тавьчихсан явж байна билээ.

Дуучид бараг зуднаар зоолж мөнгө олоод байна уу гэж хардахад хүрч буйг нуух юун. Гэтэл яг малчиндаа очсон бодит тусламж нь ховор байгаа. Хүртээмжийн хувьд ч хангалтгүй байгаа юм. Ингэж нэгэндээ туслах нэрийдлээр нэгнийхээ зовлонгоор нэр алдар хөөхгүй ээ, монголчууд аа. Харин түүний оронд эмх, цэгц замбараатай байж, тусламжийн хүртээмжээ нэмэгдүүлье. Аргаа бараад нэг малчин эмэгтэй хүртэл хэвлэлд яриа өгч байх юм. Тэрбээр, "Мал бол хувийн өмч өө. Бид хэнээс ч тусламж, дэмжлэг гуйгаагүй. Нөхцөл байдал хүндэрсэн үү, хүндэрсэн. Байгалийн шалгарлыг яалтай билээ. Бидэнд маш чанартай, дотроо хөгц идээгүй өвс хэрэгтэй байна. Хүртээмжийн хувьд хурдан, шуурхай баймаар байна. Хэрэв ийм байвал зээл аваад ч хамаагүй, таван малаа амьд авч үлдэхийг хичээнэ. Түүнээс бидэнд туслаач, өвс, ургамал өгөөч гэж гуйгаагүй шүү. Бүх малчдад маш чанартай өвсийг хүртээмжтэй байдлаар хүргэчихвэл асуудлыг шийдэхэд амар байна” гэж ярьж байна билээ. Бүх малчид л ийм бодолтой байгаа. Харин зээлийг хойшлуулах, хүүг царцаах зэрэг Засгийн газрын дэмжлэг бол үнэхээр бодит байсныг дурдах нь зөв. Харин төрөөр далимдуулан малчдад танигдах гэж, тэдний саналыг худалдаж авах гэж жиптэй давхилдаж буй улстөрчид илүүц байгааг хэлчихье. Малчид хэдэн малаа яаж тэжээх, яаж маллахаа та нараар заалгахгүй.

Хүртээмжгүй тусламж, нүдээ олоогүй хандиваа зогсооё, улстөрчид өө. Ирж яваа цаг байна, удахгүй хүн малын зоо тэнийнэ. Хөдөөд цасны зуд биш улстөрчдийн зуд болж байна гэж ярилцаж байна гэнэ, цаана чинь.