Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумд оролцож, “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” илтгэлээ танилцууллаа. Түүний илтгэлээс онцлох эшлэлийг уншигч танд хүргэе.
-Өнөөдөр сүүлийн 30 жилд нийслэлд хуримтлагдсан алдаа дутагдал, ирэх 30 жилд хийгдэх хөгжлийн концепцоо хэлэлцэж, хамтран шийдэхээр нийслэлийн есөн дүүргийн салбар бүрийн төлөөлөлтэй уулзаж байна.
-30 жилд хүн амын талаас илүү нь нийслэлд төвлөрснөөс даац хэтэрсэн. Үүнийг дагаад түгжрэл, утаа, хог, бохирдол зэрэг олон бэрхшээл бий болсон нь төлөвлөлтийн алдаатай бодлоготой холбоотой.
-Хотын төвийн Бага тойруу хэсэгт төрийн 70 гаруй байгууллага ажиллаж, түгжрэл, төвлөрлийн гол шалтгааны нэг болж байна. Бага тойрууд байгаа эрх мэдлийн төвлөрлийг задлахгүйгээр нийслэлийн түгжрэл буурахгүй.
-Бүсчлэл гэдэг бол эрх мэдлийг задална гэсэн үг. Бид суурь реформ дээрээ хандлага, харах өнцгөө өөрчлөх цаг болжээ. Төр, захиргааны байгууллагууд манлайлал үзүүлэх ёстой.
-Төрийн байгууллагын төвлөрлийг задлахгүйгээр орон сууцжуулна гэж ярих нь утгагүй.
-Нийслэлд реформ хийх цаг нь болсон. Үүнийг хийхгүй бол эс үйлдэхүй болно.
-Энэ форум сонгуулийн өмнө болж байгаа нь улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр илүү прагматик байхад, мөн мэдээллийн хувьд тэгш гараанаас эхлэх, бодлогын мэтгэлцээнд тулгуурлах тал дээр чухал ач холбогдолтой.
-Хорооны Засаг даргад төсвийн эрх мэдэл байхгүй. Хуулиар эрх мэдлийг нь нэмэгдүүлж, төсөв захиран зарцуулах эрх олгох, хот, хөдөөгийн тэнцвэрийг хангах хүрээнд төвлөрлийг сааруулах бодлогыг төр, засгаас хэрэгжүүлэхээс өөр гарцгүй.
-Форумын үр дүнд үндэслэж, Засгийн газар бүс бүрийн эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлсон Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулна.
-Орон сууцжуулъя гэвэл эрчим хүчээ эхлээд шийдвэрлэхээс өөр аргагүй.
-Улаанбаатар хотыг бүсчилж хөгжүүлнээр 20 минутын хот бий болно. Эмнэлэг рүү, сургууль руу, ЕБС, худалдааны төв рүү ч 20 минутад очно гэсэн үг.
-Богд уулыг нүхлээд тунель гаргая гэдэг зоригтой сайд байсангүй. Бид ингэж мухар сүсэгт автаж болохгүй.
-Хотын төвөө Хөшигийн хөндий рүү, голоо дагаад Тэрэлж, Налайх, Багануур руу тэлэх боломжтой.