ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Жаргалмаа: Архивын баримт яагаад устгаад байна вэ

O.Admin
2024-04-15

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор эмийн хүртээмжийн асуудал, Монгол Улсын эм зүйн салбарын өнөөгийн нөхцөл байдал ба тулгамдаж буй асуудал, зайлшгүй шаардлагатай болон хөнгөлөлттэй эмийн зохицуулалт болон бусад асуудлаар сонсгол хийх юм. Энэ үеэр зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг баталсан эмийн зөвлөлийн хурлын тэмдэглэл, ажлын хэсгийн мэдээлэл, санал, шийдвэрлэсэн байдал, дүгнэлт зэрэг материалууд ЭМЯ-ны архивт байхгүй байгаа асуудлыг УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа хөндөж асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:

  • “Эрүүл мэндийн яам мэдээлэл материал өгөхгүй байна. Гараар бичсэн үл ойлгогдох материал өгсөн, тодруул” гэх мэт асуудал түр хорооны хуралдааны үеэр байнга яригдаж байсан. Үүнд шинжээч тайлбар өгнө үү. Нөгөө талаар, бүртгэлгүй эмийг зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад оруулчихаар хэн хаанаас яаж эмээ авах юм бэ. Хомсдол үүсгэж, өвчтэй хүмүүсийн эрүүл мэндэд эрсдэл үүсэх юм бишүү. Эмч нь эм бичдэг, очоод эмийн сангаас авах гэхээр Монгол Улсын эмийн бүртгэлд байхгүй. Бүртгэлгүй юм чинь яах юм бэ. Бодлого байх ёстой юм биш үү. Журам нь хаана байна вэ?

Шинжээч:

-2024 оны нэгдүгээр сарын 23-нд УИХ-ын тоот захирамжийг Эрүүл мэндийн яаманд хүргүүлсэн. Тодорхой хариулт ирээгүй учраас хоёрдугаар сарын 1-нд Эрүүл мэндийн яаманд очиж биечлэн ажилласан.

Эрүүл мэндийн яамны эмийн асуудал хариуцсан мэргэжилтэн Я.Амаржаргал зайлшгүй шаардлагатай эмийн 8, 9-тэй холбоотой ажлын хэсгийн мэдээлэл, хурлын тэмдэглэл, ирсэн саналууд, шийдвэрлэсэн байдал, дүгнэлт ЭМЯ-нд байхгүй тул Эм зүй, эм судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга Д.Энхжаргалаас авна уу гэсэн тайлбар хийсэн.

Тайлбарын хүрээнд 2024 оны хоёрдугаар сарын 9-нд Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эм зүй, эм судлалын мэргэжлийн салбар зөвлөл рүү албан бичиг явуулсан. Хоёрдугаар сарын 20-нд албан бичгийн хариу ирээгүй тул нарийн бичгийн дарга Х.Даариймаатай холбогдож, хоёрдугаар сарын 20, гуравдугаар сарын 1, 4-ний өдрүүдэд Д.Энхжаргалтай утсаар холбогдож  мэдээлэл авахад “Гар ноорог хэлбэрээр байгаа. Нотлох баримтын шаардлага хангахгүй” гэсэн тайлбар хэлсэн.

Эргээд ЭМЯ руу албан бичиг явуулсан. Уг баримт архивт байхгүй бол тайлбарласан албан бичиг явуулаач гэсэн агуулга бүхий албан бичгийг явуулсан. Хариу тайлбар одоо болтол ирээгүй.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:

- Яагаад материалаа өгөөгүй юм бэ. Архивын материал яагаад устгаад байгаа юм бэ. Ямар хариуцлага тооцдог юм бэ. Улсын бүртгэлд бүртгэгдээгүй эмийг яагаад зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад оруулсан асуудалд мөн тайлбар өгөөч.

ЭЭХХЗГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Энхтуяа:

-Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг гаргахад өмнө дурдсанчлан ажлын хэсэг гардаг. Тухайлбал уналт таталтын өвчний эм гэхэд цөөн хэрэглэгддэг учраас компаниуд Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгүүлдэггүй. Өнгөрсөн оноос зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад уналт таталтын бүртгэлгүй эмнүүд Хүний эмийн зөвлөлөөр хэлэлцэгдээд нэг удаагийн импортын лицензээр орж ирж, хэрэгцээт иргэддээ хүрч байгаа.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат:

-ЭМЯ-наас эмийн зөвлөлийн протукол, тэнд бичсэн эмийн жагсаалтыг хүргүүлсэн. ЭМЯ-наас ирүүлээгүй, байхгүй гэсэн ойлголтын зөрүү яваад байна. Ж.Чинбүрэн гишүүнээс салбар яаманд хаягласан албан бичигтээ “Салбар зөвлөлийн хуралдаан дээр нэмэгдсэн болон хасагдсан эмийн асуудлуудыг ирүүлнэ үү” гэсэн байна. Сая Д.Энхжаргал дарга болон салбар зөвлөлтэй ярьсан. Холбогдох материалуудыг бид сүүлд нь нөхөж, бүх материалыг өгсөн гэсэн хариултыг тухайн үед өгч байсан.

Түр хорооны дарга Ж.Чинбүрэн:

-Монгол Улсад өвчний үед зайлшгүй хэрэглэгдэх эмийн жагсаалтад багтаж байж хөнгөлөлттэй эмийн жагсаалт руу ордог журамтай. Ямар оролцоотой хэн хэн яаж ажилласан бэ гэдэг хамаарал бүхий этгээдийг шалгах боломжийг та бүхэн хааж байна. Хэрэв худал мэдээлэл өгвөл Эрүүгийн хуулийн 21.2-т заасны дагуу Эрүүгийн хариуцлага хүлээх үндэслэл болно гэсэн заалтыг дахин сануулъя.