ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Барьцалдуулагчийн чанар өнгөрсөн оноос муудсан гэх дүгнэлт гарчээ

O.Admin
1 өдрийн өмнө

Шахмал түлшний стандартыг шинэчлэх ажлын явц, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг БОУАӨЯ-ны сайд, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга С.Одонтуяа УОК-ын хуралдаанд өгчээ.

Шахмал түлшний стандартыг шинэчлэх ажлын хүрээнд Сайжруулсан түлшний чанар стандартыг сайжруулж, хэрэглээг багасгах, урт хугацаанд хэрэглэх халаалтын технологийг нэвтрүүлэх, “Агаарын бохирдлын төлбөрийн журам”-ыг боловсруулж батлуулах, Агаарын чанар:Техникийн ерөнхий шаардлага MNS4585:2016 стандартыг шинэчлэх, “Дотоод орчны агаарын стандарт”-ыг агаарын чанарын стандартаас салгаж шинээр боловсруулж батлуулах, Асфальт, бетон зуурмаг, хайрга дайрганы үйлдвэр, хуванцар, яс боловсруулах үйлдвэр гэх мэт хүлэмжийн хий ихээр ялгаруулдаг агаар бохирдуулах бусад эх үүсвэрүүдэд экологийн нэгдсэн стандарт тогтоох зэрэг ажлыг зохион байгуулж байна.

Дээрх мэдээллийн хүрээнд Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан холбогдох албаныханд дараах үүрэг чиглэлийг өглөө.

-Сайжруулсан шахмал түлшний стандартын шаардлагыг шинэчлэх, олон улсын стандартад нийцүүлэх

-Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийг өөрчлөх

-Өнгөрсөн жилүүдийн шахмал түлшний дээжээс түүвэр хэлбэрээр дахин шинжилгээ авах

-Гаднын улс орон руу явуулсан сайжруулсан шахмал түлшний дээжийн хариуг яаралтай авч мэдээлэхийг үүрэг болгосон.

Түүнчлэн БОУАӨЯ-ны Салбарын хяналт, Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газартай хамтран “Тавантолгой” түлш ХК-ийн үйлдвэрлэж буй сайжруулсан шахмал түлшинд хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар мидлинг болон барьцалдуулагчийн чанар өнгөрсөн онуудтай харьцуулахад муудсан гэх дүгнэлт гарсан. Үүнтэй холбоотойгоор маргааш /2025.01.07/ Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ,Шадар сайд С.Амарсайхан нар Тавантолгой түлш ХК-ийн зүүн бүсийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, газар дээр нь ажиллах юм.