УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын нэр бүхий гишүүд хуурамч шатахууны эсрэг хуулийн төсөл өргөн барьж буй талаараа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр, “Онцгой албан татвараас зугтдаг бизнес Монголд байгаа. Энэ бол хуурамч шатахуун хийдэг бүлэг хүмүүс. Зориулалтын бусаар керосин зэрэг олон бүтээгдэхүүнийг Монголд татваргүйгээр оруулж ирээд технологийн бусаар хийдэг бүлэглэл юм.
Эрдэнэт хотод байдаг нэг компанийн тухай ярьж өгье. "Петролиум продакшн" гэх компани нь ОХУ-аас 30 вагон оргинал түлш авчраад, доороос нь 25 хувийг нь соруулаад авчихдаг. Тэгээд тухайн түлш дээрээ керосин, нафта, бэхжүүлэгч бодис зэрэг бүтээгдэхүүнээ нэмээд, вагоноо тагладаг. Тухайн вагон хөдлөх бүртээ найруулж явсаар тухайн шатахууныг зарахад бэлэн болгодог. Үүний цаана хэчнээн иргэд эд хөрөнгөөрөө хохирч байна вэ. Би үүний эсрэг тэмцэж, хоёр жил гаруй явсаар 2019 онд хуулийн төслөө өргөн барьж, батлуулж чадсан.
Ингээд хоёр жил гаруй иргэд маань цэвэр шатахуун хэрэглээд явж байтал 2023 онд Үндсэн хуулийн цэц миний хуулийг Үндсэн хууль зөрчсөн гэх увайгүй дүгнэлт гарган хүчингүй болгосон юм. Цэцийн гишүүд авлига авсан гэж би харддаг. Ингэснээр гишүүд ичих нүүргүй дүгнэлтийг хүлээн авч, иргэдийнхээ эсрэг гэмт хэрэг үйлдсэн. Тэгвэл одоо 126 гишүүд маань энэхүү хуулийн төслийг дахин хэлэлцүүлж батлуулж өгнө гэдэгт эргэлзэхгүй байна. Хууль батлагдсанаар агаарын бохирдол 30 хувиар буурна гэдэгт итгэлтэй байна. Монголчуудынхаа төлөө, эдийн засгийн аюулгүй байдлын төлөө, шударга өрсөлдөөний төлөө энэ хуулийг өргөн барьж байна. Өмнөх парламентын олон гишүүн дам болон шууд бусаар энэ компанийн эрх ашигт үйлчилсэн. Одоо томилогдсон гишүүд тэгэхгүй байх гэж итгэж байна” гэлээ.
Харин УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн “Нэг хэсэг нь татваргүй бараа оруулж ирээд татвар төлж буй хэсэгтэйгээ өрсөлдөнө гэдэг нь хуулийн цоорхой юм. Бизнесийн зарчимд сөргөөр нөлөөлж, шударгаар татвараа төлж буй хэсгийг эрх ашгийг зөрчиж байна. Мөн импортын тослох бүтээгдэхүүнээс орж ирдэг төсвийн орлого тасарч байна. Мөн хэрэглэгч хохирч байгаа асуудлыг байхгүй болгоно. Хуурамч шатахуунаас үүдэж иргэд эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирч байгааг таслан зогсооно. Хуулийн төсөл дөрвөн заалттай. Өөрөөр хэлбэл, газрын тосны бүтээгдэхүүний дайвар бүтээгдэхүүнд татвар ногдуулах хуулийн төсөл юм” хэмээв.
УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа хэлэхдээ “Нэг хэсэг нь онцгой албан татвараа төлөөд 100 хувь цэвэр шатахуун оруулж ирэх. Нөгөө хэсэг нь дайвар бүтээгдэхүүн хольж борлуулдаг эрхзүйн орчин бүрдсэнийг эцэс болгоё. Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулахгүй л бол хуурамч шатахуун борлуулдаг байдал олон жил үргэлжиллээ. Маш олон хүн хохирлоо. Агаарын бохирдлын үндсэн шалтгаан болж байна. Хуулийн төслийг иргэдэд зөв талаас нь ойлгуулах ёстой байх аа. Хулгай хийж буй хүмүүс биднийг мушгин гуйвуулж, дайралт ч олон ирэх байх. Гэхдээ бид иргэдээ бодож энэ хуулийг өргөн барьж байгаа юм шүү” хэмээлээ.