Монгол Улсын Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ болон холбогдох чиглэлийн сайд нар өнөөдөр агаарын бохирдолтой тэмцэх ажлын хүрээнд “Тавантолгой түлш” компанийн Зүүн бүсийн үйлдвэрт ажиллаж байна. Тухайлбал, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нарын албаны хүмүүс тус үйлдвэрт ажиллаж байгаа аж.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газраас 2025 оныг "Нийслэлийн дэд бүтцийг дэмжих жил” болгон зарлаад ковидын үе шиг ажлуудаа нэгтгэх "Шуурхай штаб" байгуулан ажиллахаар болсон. Энэ хүрээнд тулгамдсан хэд, хэдэн асуудалд анхаарч ажиллана. Нэгдүгээрт, түгжрэлийн асуудал байна. Босоо, хэвтээ тэнхлэгийн хурдны замыг гэрлэн дохио байхгүйгээр хоёр жилийн дотор барьж байгуулна. Хоёрдугаарт, агаарын бохирдолтой шуурхай тууштай тэмцэнэ. Түүхий нүүрс түлж байх үеэс шахмал түлш рүү шилжсэнээр хорт бодисын ялгаруулалт хоёр дахин буурсан гэж үздэг. Өнөөдөр та бид шахмал түлшний үйлдвэр дээр ирээд байна. Гэхдээ хэрэглээ нэмэгдэж байна.
Тэгэхээр сайжруулсан шахмал түлшээ хагас коксжсон үйлдвэр буюу нүүрсийг технологийн аргаар буцалгаж, дотор байгаа бодисыг нь химийн аргаар бууруулсан түлш рүү шилжих гэж байна. Одоо байгаа түлшнээс хамгийн багадаа 60-80 хувиар хоруу чанар нь буурна. Уг түлшээ хийхийн тулд хамгийн ойрын уурхайг ашиглахаар шийдэж, Засгийн газраас зарласан 14 мега төслийн нэгээр Багануурын уурхайд хагас коксжсон түлшний үйлдвэр байгуулахаар зарлалаа. Цаашдаа орон нутгууд ч хийх боломжтой. БНХАУ, БНСУ энэ зарчмаар утаанаас салсан.
Цаашдаа газ руу шилжих шаардлага бий. Энэ түвшинд хүрэхийн тулд бид ажиллаж байна. Үйлдвэрийн ажил энэ дөрвөн сараас эхэлнэ. Маргааш Засгийн газрын хуралдаанаас шийдвэр гаргана. Коксжих нүүрс зэргээ иргэдэд бид шат дараатай ойлгуулаад явах ёстой. Мөн автомашины яндангаас ялгарч буй утааны асуудлыг нэн яаралтай зохицуулах шийдвэрүүд ойрын үед гарна. Нийтийн эрх ашгийн төлөө хатуу зогсох шаардлага үүснэ.
Засгийн газар бүтэн нэг жил хөдөө орон нутагт ажиллахгүйгээр өдөр тутамдаа нийслэлийн асуудлыг шийдэх чиглэлд үндсэн штабаараа ажиллах болно. Үүнд нийслэлчүүдийн дэмжлэг маш чухал. Хэд, хэдэн газруудыг ногоон бүс болгоно. Газар зүйн байршлын хувьд байшин хороололд ойрхон Гандан, 100 айл, Москва хороолол, Дарь-Эхийн наад орчмыг ногоон бүс болгож, газын бүс болгох эрхзүйн орчныг бий болгоно. Үүнийг УИХ-аар шийднэ. Нийслэлийн асуудал УИХ-аар дараалалгүй орно” гэлээ.
Түүнчлэн, Хагас сайн өдөр болгон Ерөнхий сайдын удирдсан Шуурхай штаб “Улаанбаатар чуулга”-д хуралдах бөгөөд тэнд бүх яам агентлагийн дарга, иргэдийн төлөөлөл, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бий болгож, асуудлаа ярилцахаар шийджээ. Багануурын уурхайг түшиглэн баригдах Хагас коксжсон хөх нүүрс үйлдвэрлэх төслийн тухайд Засгийн газраас баталгаа өгөөд “Эрдэнэс Монгол” дээр зээл гаргах эрхийг өгөх зарчмаар шийдвэрлэнэ гэдгийг Ерөнхий сайд онцоллоо. Өөрөөр хэлбэл, Багануурын хагас коксжсон үйлдвэр нь ТЭЗҮ-гээ зөв гаргаж, ирээдүйд бие даан ашигтай ажиллах, бүтээгдэхүүн нь одоо байгаагаас илүү чанартай, эрүүл байна гэсэн баталгаагаа эрдэмтэн судлаачид, мэргэжлийн хүмүүсээр гаргуулаад ирвэл Засгийн газар баталгаа гаргахад бэлэн байгаа аж.