ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

О.Алтангэрэл: Баривчлах шийдвэрийг нэг өдрийн дотор түүгээрээ дамжуулж шийдвэрлэхийг харлаа

O.Admin
1 өдрийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан, "Ачит ихт" компанийн хувьцаа эзэмшигч П.Цагаан нарыг Эрүүгийн хуулийн 18.3.1, 18.6.2 буюу “их хэмжээний мөнгө угаах, татвараас оргон зайлсан” хэргээр шалгаж буй.

Тэгвэл тэдний өмгөөлөгчдөөс прокурорын байгууллагад баривчлах тогтоолыг хүчингүй болгуулах хүсэлт гаргасны дагуу прокурор шүүхэд таслан сэргийлэх арга хэмжээг цуцлуулах санал хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Уг хүсэлтийн дагуу өнөөдөр өглөө Дүүргийн Эрүү иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх хуралдаж, таслан сэргийлэх арга хэмжээг цуцлах шийдвэр гаргажээ. Тэгвэл энэ талаар Хуульзүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл өөрийн албан ёсны твиттер хуудсаараа дамжуулан тайлбар хийсэн байна.

Тэрбээр, “2012 онд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчлах гэж буйг Ц.Нямдорж гуай мэдээгүй гэхэд гайхаж бас итгээгүй юм. Гэтэл интерполоор эрэн сурвалжилж байсан хүмүүстэй холбоотой шийдвэр шүүхээр хэлэлцэгдэх, баривчлах захирамжийг цуцлахыг нэг өдрийн дотор, “түүгээрээ амжуулж, шийдвэрлэхийг харж итгэлээ. Авлигачдын талаарх шийдвэр үүн шигээ хурдан гардаг бол. Засгийн газар, АТГ-ын шударга ёсны тэмцлийн замд тээглэж буй бул хар чулуу нь шүүх, авлигачдын халхавч нь бусдын утсан хүүхэлдэй бологч шүүгч гэдэг нь тодорхой болж байна. Шүүгч бусдын нөлөөд орвол шийтгэгдэх Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг нэн даруй өргөн барина” хэмээжээ.