Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын пийшин зуух, галлагааны аюулгүй байдал, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагаа, халаалтын зуух, агаар бохирдуулагч гурав дахь эх үүсвэр түлж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж, зөвлөгөө, зөвлөмж өгөн, судалгаа гаргах ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна.
Өнөөдөр нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Сонгинохайрхан дүүргийн Сайжруулсан түлшний хяналтын хэлтэс хамтран тус дүүргийн 3, 4, 26 дугаар хорооны айл өрхүүдэд хяналт шалгалт хийлээ.
Хяналт шалгалтын талаар Сонгинохайрхан дүүргийн Сайжруулсан түлшний хяналтын хэлтсийн 1 дүгээр хороо хариуцсан ахлах ажилтан Т.Гандуулга “Хяналт шалгалтын явцад зуухны бүрэн бүтэн байдал алдагдсан, ханан пийшинг өөрсдөө хөөлөхдөө бүрэн шавардаагүйгээс үүдэн завсар гарсан, хоёр өөр түвшний яндан залгаснаас гадна хавхалга суурилуулсан, угаарын хийн мэдрэгчийг ажиллуулаагүй эсвэл түүнийгээ алга болгосон тохиолдолд шинээр аваагүй зэрэг алдааг нийтлэг гаргаж байна” гэв.
Угтаа ямар ч төрлийн зуух, пийшин бүрэн бүтэн, зай завсаргүй байж, яндан хавхалгагүй байснаар угаарын хийн эрсдэлээс нэн тэргүүнд сэргийлж чадна. Нэмэлтээр Сайжруулсан түлшний хяналтын хэлтсээс гэр хорооллын өрхүүдэд 2-3 удаа дамжуулагчтай болон зайгаар ажилладаг хоёр төрлийн угаарын хийн мэдрэгчийг суурилуулж өгсөн байна. Дамжуулагчтай угаарын хийн мэдрэгчийг 24 цагийн турш цахилгаанд холбох шаардлагатай.
Ингэснээр тус төвд мэдээлэл нь тогтмол ирснээр болзошгүй эрсдэлээс сэргийлэх боломжтой болж буй. Харин зайгаар ажилладаг угаарын хийн мэдрэгчийн зайг тогтмол шалган, хэвийн ажиллагааг хангах хэрэгтэй. Мөн угаарын хийн мэдрэгчийг гэрийнхээ хамгийн өндөр түвшинд буюу таазнаас доошоо харсан байдалтайгаар байрлуулах нь зөв аж. Түүнчлэн ханан пийшинг улирал тутамд хөөлөх шаардлагатай бөгөөд өөрсдөө хөөлж чадахгүй тохиолдолд 7011-9410 утсанд дуудлага өгснөөр үнэгүй хөөлүүлэх боломжтой гэдгийг онцолж байлаа.
Уг хяналт шалгалтыг нэгдүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд зохион байгуулах бөгөөд нийслэл, дүүргийн нутгийн захиргааны 9000 гаруй ажилтан, албан хаагч 196 мянга гаруй айл өрх, аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалт хийж байгаа юм.