Хүүхдийн хорт хавдартай тэмцэх олон улсын өдрийг хүүхдийн хавдрын талаарх олон нийтийн ойлголтыг сайжруулах, хорт хавдрыг даван туулагчид, асран хамгаалагчдын бие болон сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл зан үйлийг дэмжих,төлөвшүүлэх зорилготой өдөр болгон 2002 оноос дэлхий дахинд тэмдэглэж эхэлсэн.
Тус өдрийг 2017 оноос хойш есдэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ жилийн онцлог нь дэлхийн хэмжээнд хүүхдийн хорт хавдрын эмийн хүртээмжийг сайжруулах, эдгэрэлтийн хувийг нэмэгдүүлэх зорилготой дэлхийн санаачилгад нэгдсэн улсуудын нэг болсон явдал байв. анай улсад жилд ойролцоогоор 0-19 насны 100-120 орчим хүүхдийн хорт хавдрын тохиолдол бүртгэгдэж байна.
“Хүүхдийн хорт хавдрыг эмчлэхэд чанартай эмээр тасралтгүй эмчлэх, өвдсөн хүүхдийг тогтмол хянах, үе тэнгийнхэнтэй хамт нийгмийн харилцаанд оруулах зэрэг цогц арга хэмжээг эрүүл мэндийн ажилтан болон хорт хавдраар өвдсөн хүүхэд, түүний гэр бүлийнхэнтэй нь хамтран хэрэгжүүлэх хэрэгтэй байдаг. Хүүхдийн хорт хавдрын эмийн чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлснээр тусламж, үйлчилгээний чанар дээшилж, хорт хавдраар өвдсөн хүүхэд эдгэрэх, амьдралын чанар дээшлэх зэрэг эерэг үр дүн гарна гэж харж байна” хэмээн эрүүл мэндийн сайдын зөвлөх, Доктор Л.Төмөрбаатар онцолж үйл ажиллагаанд оролцлоо.
Эрүүл мэндийн яам нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Нэгдсэн үндэстний байгууллагын Хүүхдийн сан, Сэйнт Жуд Хүүхдийн хавдрын эмнэлэгтэй хамтран хэрэгжүүлж буй “Хүүхдийн хорт хавдрын эмийн хүртээмжийг сайжруулах ДэлхийнПлатформ”-р дамжуулан хүүхдийн хорт хавдрын нэн шаардлагатай 35 нэрийн эм хүлээн авахаас эхний ээлжийн 3 нэрийн эмийг хүлээн авлаа. Энэхүү хамтын санаачилгын дэмжлэгээр чанарын баталгаатай хүүхдийн хорт хавдрын эм таван жилийн хугацаанд тасралтгүй нийлүүлэгдэх юм.
"Хүүхдийн хорт хавдрын эдгэрэлтийн хувийг нэмэгдүүлэхэд тулгарч буй бэрхшээлийг олон талаас нь авч үзэх ёстой" гэж Сэйнт Жуд Хүүхдийн эмнэлгийн захирал доктор Карлос Родригес-Галиндо хэлсэн байдаг.
Энэхүү хамтын ажиллагаа нь хавдрын эмийн нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх, ажиллах хүчний дутагдлыг арилгах, хорт хавдартай хүүхдүүдэд үзүүлэх тусламж дэмжлэгийг нэмэгдүүлэх зэрэг олон арга замаар дэмжлэг болох юм. Нэгдсэн үндэстний байгууллагын Хүүхдийн сан нь ДЭМБ болон Сэйнт Жүдэмнэлэгтэй хамтран хүүхдийн хорт хавдрын эмийн худалдан авалт, нийлүүлэлтийг хариуцан ажиллаж байна.
НҮБ-ын Хүүхдийн Сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан хэлсэн үгэндээ урт хугацаагаар хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдэд чанартай эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг тасралтгүй үзүүлэхийн чухлыг онцлоод “… НҮБ-ын Хүүхдийн Сангийн хамт олон холбогдох Насан туршийн суралцахуйн төвийн зочин багшийн ажиллах боломжийг бүрдүүлсэн иж бүрэн тохижилттой анги танхим, хими эмчилгээний эм бэлтгэх тасаг нэгжийн бүрэн засвар тохижилтыг өмнө нь хийж гүйцэтгэсэн бол өнөөдөр хамтрагч талуудын хамтаар тухайн эм бэлдмэлийг Монгол Улсад нийлүүлэхэд дэмжлэг үзүүлж байгаадаа баяртай байна… ” гэжээ
Мөн хүүхдийн хорт хавдрын талаарх эмчилгээ, эмийн хүртээмж, ард иргэдэд хүүхдийн хорт хавдрын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, эрт сэрэмжлүүлгийг эцэг эхчүүдэд олгох зорилгоор ЭМЯ, ДЭМБ, НҮБ, Сайнт Жүд эмнэлэг, Глобал платформ, ЭХЭМҮТ-ийн удирдлага, Хавдрын үндэсний зөвлөл, Аригун ХХК, Баянгол дүүргийн насан туршийн суралцахуйн төв, Эрэлхэг баатрууд ТББ, Гэгээн-Анир ТББ, Soul Heal төв, эмч, мэргэжилтнүүд, хавдрыг даван туулсан хүүхдүүд,эмчлүүлж байгаа хүүхдүүд, асран хамгаалагч нарын хамт оролцлоо.