ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Польш, Монгол хоёр улсын худалдааны эргэлт 105 сая ам.долларт хүрчээ

O.Admin
2025-03-16

Монгол Улсын Хөрөнгө оруулалт, худалдааны газар болон Бүгд Найрамдах Польш Улсын Хөрөнгө оруулалт, худалдааны агентлаг хоорондын Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Польш Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд Варшав хотноо болсон Польш-Монголын бизнес форумд хоёр улсын төрийн тэргүүн оролцлоо.

Форумд 180 гаруй аж ахуйн нэгж оролцож, хоёр улсын бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх олон боломжуудыг хэлэлцлээ. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улс Польшийн хувьд "итгэлтэй, найдвартай, удаан хугацааны түнш" байхаа илэрхийлж, харилцан ашигтай хамтран ажиллахыг уриалсан юм.

Тус бизнес форумд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, худалдаа үйлчилгээ, уул уурхай, ашигт малмал, барилга, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, тээвэр ложистик зэрэг 20 гаруй салбарын 180 орчим аж ахуйн нэгж оролцсон байна.

2024 оны байдлаар хоёр орны худалдааны эргэлт 105 сая ам.долларт хүрч, Монгол Улс Польш улсаас 104 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн импортолж, 1 сая гаруй ам.долларын экспорт хийдэг.

Польш нь Монгол Улс руу хийх экспортын хэмжээгээрээ Европын Холбооны орнуудаас тэргүүлдэг орны нэг юм. Мөн 1990 оноос өмнө Польшийн зээл, тусламжаар хэд хэдэн томоохон төсөл хэрэгжсэн байна.

Үүнд:

-Дарханы царууц тоосго, шохойн үйлдвэр (1966 он)

-Улаанбаатарын хөнгөн бетоны үйлдвэр (1966 он)

-Хархорины дулааны цахилгаан станц (1970 он)

-Улаанбаатарын мод боловсруулах комбинат (1971 он)

-Улаанбаатарын спиртийн үйлдвэр (1974 он)

-Хархорины спиртийн үйлдвэр (1974 он)

-Улаанбаатарын халиман цавууны цех (1975 он)

Энэхүү айлчлал нь Монгол, Польшийн хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцааг цаашид улам бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд Монгол Улс болон Польш Улсын Хөрөнгө оруулалт, худалдааны газар хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг нь хоёр улсын эдийн засгийн харилцааг эрчимжүүлж, хөрөнгө оруулалт, худалдаа, технологийн солилцоог нэмэгдүүлнэ. Энэ нь хоёр талын бизнесүүдэд шинэ зах зээлд нэвтрэх, хамтран ажиллах боломжийг олгож, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал алхам болно.