ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

М.Билэгт: Мал аж ахуйн салбар төрийн бодлогын гадна үлдчихсэн

Б.БУНДХОРОЛ (сэтгүүлч)
2018-10-11

Энэ удаагийн “Ярилцах танхим” буландаа УИХ-ын гишүүн М.Билэгтийг урьж ярилцлаа.

-Та намрын чуулганаар ямар асуудалд голчилж анхаарч ажиллахаар төлөвлөж байна вэ?

-УИХ-ын гишүүд өөр өөрийнхөө сонгогдсон тойрогтоо ажиллаад ирлээ. Миний хувьд намрын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудал тус бүрт анхаарал хандуулан, ач холбогдол өгч, сонгогчдоо төлөөлөх үүргээ биелүүлнэ. Хамгийн гол сэдэв бол мал аж ахуй, малчидтай холбоотой асуудалд анхаарлаа хандуулахаар төлөвлөөд, ажил хэрэг болгоод явж байна. Би өөрөө Баянхонгор аймгаас сонгогдсон гишүүн, мөн өтөг бууцан дунд төрж өссөн хүн. Тиймээс ч малчдын ахуй амьдралыг сайн мэднэ. Бусад орон нутгаас сонгогдсон гишүүдтэйгээ хамтраад “Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж”-ийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санаатай байгаа. Учир нь энэ хууль 2012 онд батлагдсан ч зарим талаар учир дутагдалтай, хангалттай хэрэгжихгүй байна. Мөн Ерөнхий сайдад мал аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй бодлогын талаар асуулга тавихаар бэлдэж байна.

-Мал аж ахуй, малчдын асуудал гэдгээ та жаахан тодруулахгүй юу?

-Монгол улс бол нүүдлийн соёл иргэншилтэй. Уламжлалт нүүдлийн соёл нь мал аж ахуй, таван хошуу малдаа түшиглэж бий болсон байдаг. Үндсэн хуульдаа хүртэл “Мал сүрэг нь үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” хэмээн оруулсан байдаг шүү дээ. Ер нь манай улс 1990 онд ардчилсан системд шилжиж, зах зээлийн эдийн засгийг сонгохоос өмнө, мал аж ахуйн салбараас төсвийнхөө ихэнх хувийг бүрдүүлдэг байсан.

Өөрөөр хэлбэл, 1978 онд л “Эрдэнэт”-ийн уурхай ашиглалтад орж байж, бусад дагалдах үйлдвэрүүд бий болсноор мал аж ахуй, үйлдвэрийн орон болж байсан түүхтэй. Хэдийгээр аж үйлдвэрийн орон болсон ч мал аж ахуйн салбараас гарч буй түүхий эдэд тулгуурлаж үйлдвэрлэл хөгжиж бай­лаа. Тухайлбал, арьс шир, гутал, шивро, нэхий, ноос ноолуур, сүлжмэл, хивсний үйлдвэр гэх мэт мал аж ахуйд тулгуурлан үйлдвэрүүд хөгжсөн. Мөн 1999 онд 30 сая малтай байсан хэр нь дотоодын нийт бүтээгдэхүүний 60 орчим хувийг мал ажуйн салбараас олдог байлаа. Гэтэл өнөөдөр 84 сая малтай хэр нь дотоодын нийт бүтээгдэхүүний дөнгөж 10 хувийг мал аж ахуйн салбараас авч байна. Тэгэхээр мал аж ахуйн салбар төрийн бодлогын гадна үлдчихсэн байна гэсэн үг.

-Таны дэвшүүлж буй санал юу юм бэ?

-Өмнөх нийгмийн үед мал аж ахуйн салбар манай улсын төсвийн ихэнх хувийг бүрдүүлдэг байсныг хэллээ. Өнөөдрийнхөөс мөнгө багатай байхдаа төрийн үйлчилгээг иргэдддээ үнэ төлбөргүй олгодог байсан. Тухайлбал, эрүүл мэнд, боловсрол гээд бүх зүйл үнэгүй. Боловсрол гэхэд үнэгүйгээс гадна стипэнд хүртэл өгдөг байлаа. Техник мэргэжлийн сургуульд ажлын хувцасыг нь хүртэл үнэ төлбөргүйгээр өгдөг байсан шүү дээ. Гэтэл одоо төрсний гэрчилгээний лавлагаа авахад ч мөнгө хэрэг болдог.

Бүх зүйлд үйлчилгээний төлбөр төлдөг. Энэ нь миний дээр хэлсэн таван хошуу мал, түүний ашиг шимээр нь бий болж байсан зүйл. Хэдийгээр өмнөх нийгэмд “малаа 25 сая толгой болгож өсгөе” гээд таван жилийн төлөвлөгөөндөө оруулаад чаддаггүй  байсан хэдий ч үр өгөөжийг нь хангалттай хүртэж чадаж байсан юм. Гэтэл өнөөдөр малчдын уйгагүй хөдөлмөрийн үр дүнд 84 сая толгой малтай болсон. Тэгсэн хэр нь ашиг шимийг нь санасан хэмжээнд хүртэл хүртэж чадахгүй байна шүү дээ. Ашиг шимийг нь дээшлүүлье гэж санал гаргаж байгаа гэж хэлж болно.

-Тухайлбал яаж?

-Өнгөрсөн жил гэхэд 10 сая толгой малаа дотоодынхоо хэрэгцээнд хэрэглэсэн байгаа юм. Дөрвөн сая толгой мал экспортод гаргасан байна. Өөрөө хэлбэл, 14 сая толгой мал эдийн засгийн эргэлтэд орсон гэсэн үг. Гэтэл 2000 онд 30 сая толгой малтай байхдаа 10-аад сая толгой малаа хэрэглээд л байж байсан байдаг. Харин өнөөдөр малын тоо толгой гурав дахин өсчихөөд байхад тэр үеийнхээ малтай бараг ижил хэмжээний малыг эдийн засгийн эргэлтэд оруулаад байж байгаа. Төрийн бодлогогүйгээр малчид зүтгээд, зүтгээд малынхаа тоо толгойг зохицуулж чадахгүй байна. Үүнээс болж бэлчээр талхлагдаж байна. Монгол Улсын гурван хүн тутмын нэгийг эзэлж буй малчид мөнгөгүй байгаа. Хүн амынхаа гуравны нэгийг эзэлж буй малчдад нийт эдийн засгийн 10-хан хувь нь оногдож байна.

Тиймээс малчдаа дэмжсэн төрийн зөв бодлого хэрэгтэй. Хамгийн түрүүнд энэ онд багтаагаад 20 сая бог малыг хоёр хөрш рүүгээ экспортлох хэрэгтэй юм. Орос, Хятадад мах хэрэгтэй. Манайд шатахуун хэрэгтэй байгаа биз дээ. Тэгэхээр шууд солилцож ч болно. Муу амлаж байгаа юм биш 2000 онд гэхэд нийт малынхаа 15 хувийг зудад алдаж, хотоо харлуулж байсан түүх бий шүү. Түүн шиг зүйл болохгүй гэхийн баталгаагүй. Бид яаралтай бодлогоо гаргаад энэ ажлыг хийж эхлэх ёстой. Мөн хэлэх юм бол “Атрын гуравдугаар аян” зарлаад тариаланчдыг дэмждэг боллоо. Түүний хүчинд тариаланчид тарьсан буудайгаа яаж борлуулах вэ гэдэг зүйлд санаа зоволтгүй болсон. Төр нэгдсэн үнээр аваад гурилын үйлдвэрүүд рүү нийлүүлдэг. Үүн шиг хийж болно.

-Ажил хэрэг болгох гэхээр манай малыг өвчтэй гээд авдаггүй шүү дээ?

-Манай мал эрүүл гэж боддог. Эрдэмтэд ч тэгж нотолдог. Зүгээр монгол малыг өвчтэй болгож харагдуулж, вакцин шахаж, дундаас нь мөнгө олох гэсэн хүмүүс бий. Би өөр жишээ татъя. Бид Солонгос руу ажиллах хүч гаргахдаа залуучуудаа үзлэг, шинжилгээнд оруулж байгаад явуулдаг биз дээ. Түүнтэй адил төрийн нэг компани байгуулаад малчдаас тогтсон үнээр мах бэлтгэж болно. Тэгэхдээ стандартын дагуу өвчингүй эрүүл малыг авчихаж болно. Ажил хийе гэвэл зохион байгуулалтыг яаж ч хийж болно шүү дээ. Миний гаргаж буй санаа бол дан бог малын махыг л экспортлох юм шүү.

Учир нь 2017 онд 29 мянган тонн мах экспортолсон гэж байгаа нь түүний 90 хувь нь зөвхөн адууны мах байгаа юм. Ингэхээр сүргийн бүтэц алдагдаж байгаа биз дээ. Адуу чинь манайд гуравхан сая, үхэр дөрөвхөн сая, тэмээ 434 мянга л байдаг. Хэдэн жилийн өмнө 100 мянган тонн үхрийн мах экспортлохоор боллоо гэж байсан, гэтэл гурван сая үхрээ дуусгах нь байна шүү дээ. Гэтэл манайд хонь гучин сая, ямаа гучин сая байна. Тэгэхээр хонь, ямаагаа буюу бог малаа борлуулах бодлого барих ёстой. Дотоодын хэрэгцээнд хэрэглэдэг 10 сая толгой малаа нэмээд 10 сая ямаа, 10 сая хонийг энэ ондоо багтаагаад төр бодлогоор экспортлох ажлыг зохион байгуулах ёстой. Манайх гэрээ байгуулаад яагаад энэ ажлыг хийж болохгүй гэж.

-Ингэснээр ямар ашигтай вэ?

-Нэгдүгээрт, бэлчээрийн даац зохистой хэмжээнд хүрнэ. Хоёрдугаарт, мал­чид бэлэн мөнгөтэй болно. Гуравдугаарт, бэлэн мөнгөтэй болсон малчид малынхаа үүлдэр угсааг сайжруулахыг бодно. Мөн улс мөнгөтэй болох боломжтой юм.

-Улс хэрхэн мөнгөтэй болно гэж. Жаахан тодруулахгүй юу?

-Өнөөдөр дунджаар нэг хонийг малчдын гар дээрээс 70, 80 мянган төгрөгөөр авч байна. Үнэндээ 30 ам.доллар ч хүрэхгүй байна. Эхлээд төрийн өмчит компани байгуулах хэрэгтэй. Дараа нь  малчдаас малыг нь зээлээр авчихаж болно. Төр хоёр хөрштэйгөө гэрээ байгуулаад 100 ам.доллараар гэрээ байгуу­лаад хилээр гаргаж болно. Тэгэх юм бол 20 сая толгой бог мал гэдэг чинь хоёр тэрбум ам.доллар буюу таван их наяд төгрөг олох боломжтой. Гэтэл өнөөдөр төсвийн алдагдал 1.9 их наяд гээд, хаанаас нөхөх тухайгаа яриад л сууж байгаа шүү дээ. Малчдаа мөнгөтэй болгохоос гад­на төр өөрөө төсвийн алдагдлаа нөхөх ашигтай ч ажиллах боломж байна.

Манайх дээрээ ч доороо ч газрын доорхи баялгаа ухаж, газраа эдийн засгийн эргэлтэд оруулж л орлого олохгүй бол болохгүй нь ээ гэдэг тухай л ярьдаг. Нүүрс, зэс яриад байгаа юм. Газрын баялаг дахин сэргээгдэхгүй. Үнэ нь унах юм бол нэг тонн нь 20 ам.доллар ч хүрэхгүй байх үе бий. Гэтэл хэзээ ч хонь, ямааны мах ингэж үнэ нь унадаггүй. Мөн нөхөн сэргээгддэг баялаг. Жилдээ хорин сая мал гаргасан ирэх жил нь бид төлөө бойжуулаад авчих боломжтой. Бидэнд нөхөн сэргээгддэг эдийн засгийн нөөц байна. Үүнд л төр менежмент хийх асуудал байгаа юм. Манай намын мөрийн хөтөлбөрт 50 мянган тонн мах экспортлохоор орсон байгаа. Энэ нь нэг хонинд шилжүүлэхээр хоёр сая 700 мянган бог мал гэсэн үг. Гэтэл миний хувьд 20 сая толгой мал экспортолмоор байна. 50 мянган тонн биш 500 тонныг экспортод гаргамаар байна. Энэ ажлыг төр хийх ёстой.

-Манай гишүүдийн ихэнх нь хөдөө орон нутгаас сонгогддог учир энэ асуудлыг дэмжиж байгаа биз дээ?

-Тариаланчид өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалаад жагсаж чадна. Гэтэл малчид тэгж чадахгүй. Өвөлд нь малаа дагана. Хаварт нь төлөө авна. Зунд нь малаа таргалуулна. Малаа дагаж жилийн дөрвөн улиралд завгүй байдаг хүмүүс хэдий завандаа жагсаж, цуглаж эрх ашгаа хамгаалах билээ. Тиймээс төрд төлөөлөл болж буй гишүүд энэ асуудалд анхаарах хэрэгтэй биз дээ. Малчдын эрх ашгийг нь хамгаалдаг лобби хийдэг хүмүүс байх ёстой. УИХ-ын гишүүд энэ асуудлаар Засгийн газарт шахалт үзүүлж ажил болгох ёстой. Энэ асуудлыг дэмжиж Б.Пүрэвдорж, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва нөрын гишүүд дэмжиж үг хэлж байна лээ. Монголын төр нөхөн сэргээгддэг баялгаа ашиглах талаар бодлогоор дэмжих ёстой. Мөн хэрэгтэй асуудал байна гэдгийг манай хэвлэл, мэдээллийнхэн ч дэмжиж малчдын дуу хоолой болж өгөөч хэмээн хүсэж байгаа юм.