Аудитын байгууллагаас 113 албан тушаалтанд хариуцлага тооцох албан шаардлага ирүүлжээ. Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн эдгээр албан тушаалтанд хариуцлага тооцохыг салбарын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ "Үндэсний аудитын газраас 113 албан тушаалтанд хариуцлага тооцуулах албан шаардлага ирүүллээ. ЗГХЭГ эдгээр хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн албан тушаалтнуудад хуулийн дагуу хариуцлага тооцох чиглэлийг хүргүүлэх хэрэгтэй.
Ирэх долоо хоногт ямар албан тушаалтнуудад хариуцлага тооцсон талаараа олон нийтэд нээлттэй мэдээлээрэй. Аймаг, нийслэлийн Засаг дарга, агентлагийн дарга зэрэг холбогдох албан тушаалтнуудад аудитын тайланд дурдагдсан 113 албан тушаалтанд өөрийн эрх хэмжээний хүрээнд хариуцлага тооцох чиглэл өгч байна.
Татварын Ерөнхий газрын дарга Б.Цогтнаран, Мал Эмнэлгийн Ерөнхий газрын дарга Х.Алтангэрэл, Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Зандан нарыг хууль хяналтын байгууллага, төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн мэдэгдэлд үндэслэн чөлөөллөө.
Түр томилгоотой төрийн албан хаагч, Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд өнөөдрөөс эхлэн нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна. Төрийн албаны түр томилгоог хүчингүй болгож, ЗГХЭГ-аас сул орон тоог нөхөх ажлыг энэ долоо хоногт багтаан хэрэгжүүлье. Замбараагүй томилгоог цэгцлэхгүй бол шат, шатанд хариуцлагагүй байдал үүслээ. ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаярт томилгооны шалгалтыг улс орны хэмжээнд зохион байгуулах үүрэг өгч байна. Хүн хэлмэгдүүлж болохгүй. Гэхдээ төрийн албаны дүгнэлт, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлж, хариуцлагагүйн зуднаас салцгаая" хэмээлээ.
