МҮОНТ-ийн “Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уригдаж оролцлоо. Үндсэн хуулийн шинэчлэл, аж үйлдвэрийн комбинат, 2019 оны төсөв зэрэг цаг үеийн асуудлаар сэтгүүлч А.Бүрэнбаатартай хийсэн түүний ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэе.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцлага өгч байгаад баярлалаа.
-Баярлалаа. Амралтын өдөр байсан учраас ойрын өдрүүдэд өрнөж буй цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлье гэж бодлоо. Миний сууж байгаа өрөө бол өмнөх Ерөнхийлөгчийн найман жил суусан өрөө. 2012 оноос хойш засвар хийгээгүй юм билээ. 2012 оны Ерөнхийлөгчийн төсөв, одоогийн Ерөнхийлөгчийн төсөв үндсэндээ адилхан яваад байгаа. УИХ-аар яг одоо төсөв ярьж байгаа учраас энийг яриад байна. Болгоё гэвэл болдог л юм байна. 2019 оны төсөвт Ерөнхийлөгчийн төсөв гэж 4.6 тэрбум төгрөг байгаа. Өмнөхөөс буурсан. Гадаад дотоод явахгүй, томчуудтай уулзахгүй байна гэж намайг шүүмжилдэг. Би чинь бас ганц, хоёр хүнтэй очихгүй шүү дээ. Ганц нэг хэвлэл мэдээлэл авч явах шаардлага гарна. Гэтэл сэтгүүлчид хувийн зардлаараа явахаас өөр аргагүй болдог. Энийг хэлсэн нь зөв байх. Сая НҮБ-ын уулзалтын үеэр Ерөнхий сайдтайгаа тохиролцоод явуулсан. Ар араасаа долоо, найм хоногийн зайтай АНУ яваад байлтай биш.
-Та өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганд төсөвтэй холбоотой санал, шүүмжлэл хэллээ. Төсвийг 15 хувиар танах талаар санал гаргасан. Та үүнийг өөрөөсөө эхэлж болохгүй юм уу?
-УИХ-ын дарга өөрөө чуулганы нээлтийн үеэр төсвийг 10 хувиар хэмнэх ёстой гэдэг маш зөв уриалга гаргасан юм. Уриалгыг нь Ерөнхийлөгчийн хувьд дэмжээд 15 хувь болгоё гэсэн санал гаргасан хэрэг. Ерөнхий сайд хувьсгал хийнэ гэж гарч ирсэн. Тэр хувьсгалаа хийгээч ээ гэдгийг л хэлсэн юм. УИХ-ын дарга, Ерөнхийлөгч хоёр хэмнэлт ярьж байхад Ерөнхий сайд ч санал санаачилга гаргаад төсвөө эргэж хараад, засч залруулахад болохгүй зүйлгүй. Төсвөөс 15-20 хувь хэмнэж болно. Тэр мөнгөөрөө бидний байнга ярьдаг, шүүмжилдэг аж үйлдвэрийн комбинатаа барьж хөдөө аж ахуйн салбараа босгоё. 26 сая толгой малтай байхдаа аж үйлдвэрийн комбинаттай байсан юм шүү дээ. Одоо малын тоо толгой гурав дахин өслөө. Ноосоо боловсруулаад утас болгочихдог, түүгээрээ хивс нэхдэг, бусад бүтээгдэхүүн ч хийе. Нэг жилд гэхэд л 10 мянган тонн ноолуурыг малчдын гараас зөвхөн ченжүүд авч байгаа. Махаа экспортолж, арьс ширээ боловсруулж чадахгүй байна шүү дээ. Үүнийг эцсийн бүтээгдэхүүн болгох ёстой юм. Үе үеийн УИХ энэ талаар ярьдаг ч үр дүн гарч чадсангүй. Өнөөдөр төсвийг хэлэлцэж байхад ч маш олон гишүүн малын тоо толгой 89 сая хүрлээ, малын арьс 500 төгрөг байна гэж ярьж байгаа. Арилжааны банкны мөнгөөр аж үйлдвэрээ босгож чадахгүй гэдгийг 28 жилийн хугацаанд бид харчихлаа.
-Ямар, ямар бодит хэмнэлт хийх боломж байна вэ?
-Би тэмдэглэчихсэн байгаа. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд татварын хэлтсийн барилга барихад тэрбум 350 сая төгрөг төсөвлөсөн. Хэлтсийн барилгатай, барилгагүй одоохондоо болоод л байна. Захиргааныхаа байранд байж болно биз дээ. Хуульзүй, дотоод хэргийн салбарын нэгдсэн конторын барилгыг Чингэлтэй дүүрэгт барихад дөрвөн тэрбумыг төсөвлөсөн. Зарим нь зураг төсөл ч байхгүй.
-Аймаг, орон нутаг хөгжихгүй байна, шинээр бүтээн байгуулалт хийгдсэнгүй гэж шүүмжилдэг шүү дээ. Төрийн албан хаагчид нь албан байгууллагадаа багтахгүй болчихсон?
-Төрийн алба чинь өөрөө данхайгаад байгаа юм. Бүгд л данхайсан гэж шүүмжилдэг атлаа тэдэнд зориулж байр барьдаг. Байр барихын оронд аймаг болгон анхан шатны боловсруулах үйлдвэртэй байх ёстой. Зам, дэд бүтцээ шийдчихлээ. Би Зам тээврийн сайд байхдаа Азийн хөгжлийн банкнаас зургийг нь хийлгээд зоригтой хөдөлсөн юм. Төмөр замын бодлого гэх мэтээр маш их шүүмжлэлтэй тулгарсан. Увс, Ховд, Говь-Алтай руу зам тавьж яах гэсэн юм, алслагдсан аймгууд руу үргүй зардал гаргалаа гэж байсан. Одоо хар. Тээвэр, ложистик, дотоод аялал жуулчлал хөгжиж, бас дэд бүтэцтэй болчихсон. Тиймээс 21 аймагтаа малын түүхий эдийг боловсруулах анхан шатны үйлдвэр бариад, тэнд барилга байшин барина аа гэвэл болж байгаа юм. Ажлын байр бий болно. Бидэндээ л том байгаа болохоос тэрбум орчим ам.долларыг аж үйлдвэр лүү гаргачихвал болоод явчихна. Хөгжлийн банк руу төсөвлөсөн мөнгөө өгөөд, тэр мөнгийг нь аж ахуйн нэгжүүдэд тодорхой барьцаа, шалгуурт үндэслээд хөрөнгө гаргаад явах асуудал юм. Ингэж чадвал одоогийн байгаа уул уурхайгаас ч илүү мөнгө олж болно. Аялал жуулчлалаас тэрбум орчим ам.доллар олж байгаа. Ямар ч дэмжлэг, бодлогогүй явж байхад шүү. Тэндээс 600-700 сая ам.доллар нь хаана орж байна гэхээр хөдөө аж ахуйн буюу малын гаралтай түүхий эдээр хийсэн бүтээгдэхүүн худалдан авахад орж ирдэг. Тэгэхээр дэмжээд өгөхөд л зөвхөн ноолуураас гэхэд л хоёр тэрбум ам.доллар олох боломж бий.
-Чуулганы үеэр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулах санал гаргасан. Хуралдаад төсвөө яриад, нэгдсэн ойлголтод хүрч чадсан уу?
-Баасан гарагийн чуулган завсарласны дараа 18.00 цагт анх удаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөл төсвөөр хуралдсан. Илтгэгч нь Сангийн сайд байсан ч томилолттой байсан учраас хуралд ороогүй. УИХ-ын дарга, Ерөнхий сайд бид гурав ярилцсан. УИХ-ын дарга М.Энхболд, бид хоёрын зүгээс 10-15 хувиар хэмнэх боломжтой гэсэн санал гаргасан. Ерөнхий сайдад үүнийг яриад, хэмнэх боломжтой зүйлсийг би зааж өгье гэж хэлсэн байгаа. УИХ дээр Д.Оюунхорол гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан юм билээ. Би МАН-ын бүлэг болон Төсвийн байнгын хороо, ажлын хэсэгт танилцуулга хийхээр тохирсон байгаа. Энд ярьж байгаа бүх зүйлийг тэдэнд ярина.
-2020 оны сонгуульд бэлтгэсэн төсөв гэж байна. Гишүүдийн мөнгө гэж орж ирлээ гэх юм. Та гишүүн байсан хүн. Гишүүд мөнгөө авчихаад тойрогтоо бүтээн байгуулалт хийж, зөв зохистой зарцуулж чаддаг байсан юм уу?
-Суманд тийм юм барина гэж орж ирсэн чинь л төсөв байхгүй юу. Би тухайлбал, Баянхонгороос сонгогдлоо гэж бодъё. Тойрогтоо юм хийхийн тулд Сангийг яамыг дарамтална, Ерөнхий сайдыг бас дарамтална. Огцруулна гэж сүрдүүлдэг. Үүнийг би маш тодорхой ярьсан. Н.Энхбаяр 2000-2004 онд Ерөнхий сайд байхдаа 72 гишүүнтэй УИХ-д гарч ирсэн. Тэр гишүүд нь бослого гаргангуут нэг тэрбум төгрөг тойрогт нь суулгаж өгч байсан юм. Одоо таван тэрбум болчихлоо. Сонгуулийн тогтолцоогоо эргэж харах цаг болсон байна.
-Аж үйлдвэрийн парк байгуулах талаар та олон удаа ярьсан. Зураг төсөл ч гарч байлаа. Төмөр замтай холбоотой асуудал хүртэл тантай холбогдож яригдаад удаж байгаа шүү дээ?
-Аж үйлдвэрийн парк гэдэг чинь Сайншандыг ярьж байгаа юм. Хүнд аж үйлдвэрийн парк байхгүй бол бид алт, зэс, нүүрс, төмрийн хүдрээ түүхийгээр гаргаад л дуусна. Нүүрсийг нойтноор боловсруулж, цэвэрлэж байгаа. Маш их ус шүү. Бид бэлчээрийн мал аж ахуйтай. Ус хэрэгтэй юу хэрэгтэй байна. Тиймээс технологи нэвтрүүлэх ёстой юм. Ер нь Монгол Улсын хөгжүүлэхгүй байх гэсэн бодлого гүн гүнзгий ороод ирчихжээ. Аж үйлдвэрийн парктай болъё гэхээр яаж ийгээд л хүчний байгууллага оруулаад нам дарчихдаг. Хүнсний ногоогоо өөрсдөө ургуулъя гэхээр ярьсан залууг нь шоронд хийчихнэ. Ард иргэдээр өөрийнхөө ярьж байгааг дэмжүүлэх зорилгоор 21 аймгаар яваад ирлээ. Гишүүдтэй ч ойрхон байсан. Гэтэл төсөв орж ирснийг харахаар энэ бүхэн бүтэхгүй юм байна гэж ойлголоо.
Анх удаа Ухаа худаг, Тавантолгойтой холбоогүй хүмүүс төрийн гурван өндөрлөг боллоо
-Ажлаа аваад багагүй хугацаа өнгөрлөө. Та өнгөрсөн хугацаанд бодитой ямар ажил хийв. УИХ-д ажлаа тайлагнах ёстой хүн шүү дээ?
-Би засагтай л хамтрахгүй бол юу ч хийж чадахгүй шүү дээ. Хэрэгжүүлэх алхам болж хийж байгаа. Хүүхдийн мөнгө 100 хувь олгоё гэхэд унагачихаж байгаа юм. АТГ-ын даргын хугацаа нь дуусчихаад байна, солиоч, ажлаа хийдэг хүн тавиач гэхэд хэн нь ч дэмжихгүй байгаа биз дээ. Санаачилсан хийсэн ажил бүгд л унаж байгаа. Тогтолцоогоо сольж, реформ хийе гэдэг үүнээс л үндэслэлтэй юм. Уул уурхайн компанийн эзэд УИХ-д ороод ирчихлээ. Тогтолцооны гажуудалд оржээ гэдэг нь ч тодорхой болсон. 1992 онд Үндсэн хууль баталж байсан хүмүүс ийм зүйл болно гэдгийг тооцоолоогүй байх. Уул уурхайг хөгжүүлнэ гэж тооцсон ч тэр нь хэдхэн хүний халаасанд орно гэж бодоогүй байх. 2015 онд “Эрдэнэс Тавантолгой”-г Хятадын төрийн өмчит “Шиньхуа” компанид үнэгүй 100 жилээр шилжүүлэх гэж орж ирснийг та нар санахгүй байх шиг. Р.Гончигдорж, Л.Цог нарын нэр бүхий 41 гишүүн эсэргүүцсээр байгаад авч үлдсэн юм. Миний өмнөх Ерөнхийлөгч бол энэ нийгмийг авчирсан хүмүүсийн нэг. Уул уурхайг эзэгнэж байгаа хүмүүсийн лоббид орчихсон байгаа биз. Хоёр удаа Ерөнхийлөгчөөр ажилласан атлаа топ татвар төлөгч, одоо хамгийн ашигтай ажиллаж байгаа, коксжсон нүүрсний тэр том ордоо 100 жилээр бусдад үнэгүй бэлэглэх асуудлыг оруулж ирсэн шүү. Одоо ч тэр тогтолцоо хэвээр байна. Бид эндээс л хөдлөх хэрэгтэй байна. Уул уурхайтай улс орон, мөн уул уурхайгүй атлаа эзэнтэй улс яаж хөгжиж байна вэ гэдгийг ярих цаг болсон. Саяхан Азербайжен улсын Ерөнхийлөгчийн урилгаар тус улсад айлчлал хийгээд ирлээ. Баялгийн сангаа авч явдаг туршлагаас нь суралцая гэж урилга илгээсэн. Хүмүүс нь өнөөдөр ирж байгаа. 1993 онд байгуулагдаад, 1995 онд гэрээгээ зурсан юм билээ. 9.8 сая хүн амтай улс өнөөдөр тэр сандаа 38.9 тэрбум ам.доллар хураасан байна. Зөв явсан байгаа биз. Бид өнөөдөр баялгаа гадныханд өгөөд өөрсдөө хувь хүртээд явна гэсэн ч тэр мөнгөөр УИХ-ын гишүүд, шийдвэр гаргагчдыг л барьчихаж.
-Д.Сумъяабазар сайд бас яриад л байгаа юм билээ?
-Баялгийн сангийн талаар маш олон гишүүд ярьдаг. Ийм сантай улсад айлчлал хийгээд ирсний дараа ярьж байснаа дараа нь мартчихдаг. Мартуулдаг нь нөгөө л хэсэг бүлэг. Миний яриад байгаа олигархи бүлэглэл шүү дээ. Хууль, хүчний байгууллагууд ч орсон байгаа. Хэдхэн өдрийн өмнө 1.3 сая ам.доллар хятад иргэний гэрээс олдлоо гэх мэдээлэл явсан. Энэ бол үнэн. Ван гэх хятад иргэн Ян гэх хятад иргэнтэй монгол хүнд байсан уул уурхайн лицензийг авсан байгаа юм. Тэндээс нь асар их баялаг гараад ирэнгүүт хоорондоо муудалцсан. Бидний баялгийг хоорондоо булаалдаж, шүүхийн байгууллагыг талцуулж, их хэмжээний мөнгө авлигад өгдөг болчихоод байна. Гэрт орж ирээд бидний баялгийг булаалдаж байна шүү дээ. Би засаглалаа эргэж харъя, түүнийгээ ард түмнээр хэлэлцүүлье гэдгийг л хэлж байгаа. Сонгууль явуулж байгаа юм шиг УИХ-аар батлаад, СЕХ зохион байгуулаад явж болно. МАН гэх 64 гишүүнтэй бүлгийн шийдвэрээр Үндсэн хуульд гар хүрч болохгүй. Уул уурхайгаар асар их мөнгөтэй болчихсон хүмүүс үүнийг чинь өөрсдийнхөө кнопоор л шийдчихнэ. Тэдний 3/2 нь бараг Үндсэн хуулиа уншихгүй кноп дарна. 1982 он долдугаар сарын 09-ны архивын материал энд байна. 847 метр өрөм тавиад Тавантолгойг нээсэн гэсэн мэдээ. Гэтэл бид нээсэн гээд таслаад авчихсан. “Ухаа худаг”-ийг нэг компанид Тавантолгойгоос салгаж өгч, маш буруу шийдвэр гаргасан юм. Монгол Улс өөрөө өрөнд орчихсон, ард түмэн өртэй байгаа. Хэрвээ уул уурхай нь зөв явсан юм бол орлого нь хаана байна вэ.
-MCS компанитай Ерөнхийлөгч мөнхийн зөрчилтэй байх юм гэж хүмүүс ярьдаг. Намайг асуугаасай ч гэж бодож байж мэднэ. Ерөнхийлөгч өөрөө уул уурхай руу ашиг сонирхолтой яваа юм биш биз ч гэдэг юм уу?
-Компанийн тухай яриагүй юм. Уул уурхай маань өөрөө буруу явчихжээ гэдэг л асуудал. Би баримтаар яриад байгаа юм. 1982 онд 847 метр өрөм тавиад нээчихсэн байна. Гэтэл яахаараа бид нээсэн гэж хэлээд таслаад авчихдаг юм. Шийдвэр гаргачдыг өөрийн болгож авчихаад байгаа юм шүү дээ. Их хуралд 3/1 нь уул уурхайн компаниудыг төлөөлж сууж байна. Тэгэхээр тэдэнд зориулсан шийдвэр л гарна. Үндсэн хуулиа тэднээр гаргуулахгүй ээ гэсэн логик яваад байна. Би уул уурхайтай байсан бол ийм олон жил яриад явахгүй. Анх удаа Ухаа худаг, Тавантолгойтой холбоогүй хүмүүс төрийн гурван өндөрлөг боллоо. Бид хамтдаа Тавантолгойг хөдөлгөе, төмөр замаа явуулъя гэж шийдвэр гаргасан. Өмнө нь бол аль нэг нь очоод оосорлочихдог байлаа. “Эрдэнэс Тавантолгой” компанийн шинээр томилогдсон захирлыг дуудаж ирүүлээд би хэлсэн байгаа. Гайхамшигтай том орд дээр очлоо, ашигтай ажиллуулж ард түмэнд хувьцаа өгөөрэй гэж хэлсэн. Би компани яриагүй гэдгийг зөвөөр ойлгоорой.
-Төмөр зам гэснээс далан овоолсон шороо юу болж байгаа бол?
-Энэ чинь миний үед эхлээгүй юм. Миний үед төмөр замын бодлого батлагдсан. Харин миний дараагийн сайдын үед ажил эхэлж, 280 сая ам.доллароор даланг бариад дуусгасан. Дахиад мөнгө хэрэгтэй. Хэвлэл мэдээлэл өөрөө шар мэдээллээс хол байх ёстой байх. Бодит байдлыг бүгд мэдэж байгаа. Миний дараа солигдсон бүх сайд нар мэддэг. Энэ төмөр зам, Сайншанд руу чиглэсэн төмөр зам ч баригдах ёстой. Ирэх хавар ажил эхлэх болов уу гэж харж байгаа. Газар дээр нь очоод сурвалжлахад өөр зүйл харагдана. Би бодлого гаргасан сайд. Н.Алтанхуяг сайдын үед мөнгөтэй байсан учраас хийж эхэлсэн. Хийж бүтээгээгүй бол юу ч гэж ярьж болно л доо. Аж үйлдвэрийн комбинат, парк хоёр өөр шүү. Арьс ширийг испаниудтай, махыг исламын улс орнуудтай, ноолуур, оёмол бүтээгдэхүүнийг америкчуудтай гэх мэтээр хамтраад хөгжүүлэх боломжтой гэдгийг яриад байна.
-Та өөрөө үндэсний үйлдвэрлэлээ хэр дэмждэг вэ?
-Боломжийн хэрээр дэмжинэ. Оёдолчдыг маш их дэмждэг. Ерөнхийлөгч болоод хамгийн түрүүнд АНУ-ын Элчин сайдтай уулзаад, Монголд оёсон бүтээгдэхүүнийг АНУ руу татваргүй оруулж өгөөч гэдэг санал гаргасан. Ерөнхийлөгч Д.Трампт захидал бичсэн, Конгресс руу өргөдөл гаргасан. Өргөн бариад амжилттай явж байна.
-Дотооддоо яригдаж байгаа энэ бүх зөрчилтэй асуудлаар төрийн гурван өндөрлөг ойлголцолд хүрсэн гэж ойлгож болох уу?
-Бид гурав ойлголтод хүрч болно. Эргээд УИХ гэж нэг юм байгаа шүү дээ. Засгийн газрыг бүрдүүлэх үед би хоёрхон цагийн дотор дэмжсэн. Гэхдээ энэ Сангийн сайд бол Монгол Улсын Сангийн сайд биш гэж хориг тавьсан. Яг одоо л тэр асуудал гарч ирж байна. Өөрийнхөө тойрогт 52 тэрбум төгрөг тавьчихсан. Төсвийг ийм байдлаар оруулж ирвэл бид бахь байдгаараа л байх болно. Зүрх сэтгэлтэй төсөв оруулж ирэх боломж байсан шүү дээ.
-Таны яриад байгаа чинь үе үеийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт байгаа. 2030 он хүртэл хөгжүүлэх “Монгол Улсын хөгжлийн бодлого”-д ч байгаа шүү дээ?
-Намайг чуулганд үг хэлж, Ерөнхий сайдад шаардлага тавиад гарсны дараа УИХ-ын гишүүн З.Нарантуяа Ерөнхий сайдад асуулга тавьсныг хэлэлцсэн. ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хариу өгөхдөө яг бид хоёрын яриад сууж байгаа бүсчилсэн хөгжил, ноос ноолуур, хөдөө аж ахуй, эдийн засгийг солонгоруулах тухай яриад байгаа юм. Төсөв нь харин шал өөр ороод ирсэн. Яахаараа хүүхдийн мөнгө эсэргүүцдэг юм бэ. Борлуулалтын орлогыг Монголбанкаар дамжуулъя гэхээр өөрөө гүйж байгаад унагаж байгаа хүнийг Монгол Улсын Сангийн сайд гэж хэлэх үү.
Үндсэн хуульдаа бол цаазын ялтай юм билээ
-Бидний яриа дандаа болохгүй зүйлийг илүүтэй хөндлөө. Гэхдээ энэ улс оронд бас болж бүтэж байгаа зүйл байгаа гэж бодох юм. Нөгөөтээгүүр, эрчим хүчний салбарт гэхэд хэзээ мөдгүй хөлдөх аюул ирчихсэн байна. Өдөрт нас барж байгаа хүний тоог хэлэх юм бол үнэхээр харамсмаар?
-Аваар орсон, амиа хорлосон, хүчирхийлэлд өртсөн, осолд орсон хүүхдийн тоог би байнга ярьдаг. Их хурал дээр, хаалттай хаалганы цаана ч ярьж байгаа. Болж бүтэж байгаа зүйл байлгүй яахав. Ардчилсан сонгуультай болж үзлээ, эргээд энэ нь мөнгөнийх болчихлоо. 21 аймгаа автозамаар холбоод авчихлаа. Эрчим хүчний нүүрстэй атлаа эрчим хүчний асуудалтай явж байна. Бас л бодлого байхгүй. Нар салхиных л гэнэ, судалгаа байна уу гэхээр байхгүй. Дөрвөн жилийн засаглалтай төр өнгөрсөн 28 жилд дүнгээ тавиулчихлаа шүү дээ.
-Цаазын ялыг халах тухай асуухгүй өнгөрч болохгүй байх. Нийгэмд нэлээд эрчимтэй яригдаж байна шүү дээ. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Долоон зүйл анги дээр цаазын ял өгдөг байсан юм билээ. Иргэдтэйгээ уулзаад явж байхад бага насны хүүхдийг хүчирхийлэх асуудалд иргэд маш эмзэг ханддаг юм. Бага насны хүүхдийн хүчирхийлэл дээр л зүйлийг нь сэргээж өгөөч ээ гэдэг хүсэлт их ирсэн. Энэ зүйл анги дээр л сэргээж өгөөч гэдэг хүсэлтийг Хуульзүйн яам болон УИХ-д тавьсан. Хариу өгөөгүй байгаа. Эргэж ярьмаар л юм билээ. Үндсэн хуульдаа бол цаазын ялтай л юм билээ.
-Хүн хэлмэгдэх юм биш биз дээ. Олон улсын түвшинд ухралт хийх юм биш байгаа?
-Сөрөг зүйл гарна. АНУ, Хятад, Япон гэх мэт олон орон цаазын ялтай шүү дээ. Ардчиллаас ухарсан зүйл байна уу, үгүй юу. Өөрөө их эмзэг сэдэв л дээ. Соошлоор мушгиад л байгаа. Бага насны хүүхэд хүчирхийлэл гэдгийг л онцлоод байгаа юм.
-Хятад улс гэхэд маш хурдацтай хөгжиж байна. Эдийн засгийн хувьд АНУ-ын түвшинд хүрчихлээ. Хятад, ОХУ-ын харилцааг харъя. Тэгэхээр бид ер нь хаана явна вэ?
-1989 онд ЗХУ задарсан. Хуучны соц орнууд бие даасан улс болсон. 1990 оныг би сайн мэднэ. Хятад, ОХУ-ын харилцаа муу байсан учраас Хятадаас бараа авч, Оросуудад зардаг байсан. Хятадууд тухайн үед Оросын барааг их авдаг байлаа. Тэр нь технологи судалдаг байсан байгаа юм. Хятадын эдийн засгийн хөгжлийн бодлого өөрийн гэсэн онцлогтой. Хувийн хэвшлийг зөвшөөрсөн, тариалангийн газрыг тариачиддаа бага багаар өгсөн, төрийн өмчит компаниудын 30 хувийг ажилчдад нь өгсөн гэх мэт. Дахиад 49 хувь болтол нь бирж дээр гаргасан. Алгуурхан алдаа гаргахгүй яваад ирэнгүүт бирж, иргэд, ажилчдынхаа хувийг 51 болгох, жаахан явж байгаад 66 хувь болгох гэх мэтээр хувьчилсан. Бүс нутагтаа том бодлого явуулж байна. “Нэг зам-Нэг бүс” гэх том бодлогыг ярьж болно. Бүс нутагтаа давуу байдлыг бий болгож байгаа бодлого шүү дээ. Хятад улсын хувьд зөв бодлого. Бид харин яах ёстой вэ. Нэн тэргүүнд газрын дээрх баялгаа боловсруулж, газрын доорх баялгаа эзэнтэй болгоё. Өмнө хэлсэнчлэн, Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байсан хүмүүс “Эрдэнэс Тавантолгойг” Хятадын төрийн өмчит компанид 100 жилээр үнэгүй өгөх гээд орж ирж байна шүү дээ. Монголын баялгийг хувааж авах гэж зодолдсон хоёр хятад иргэний талд хууль хяналтынхан нь хуваагдчихсан, бүр социализмын үед нэлээд сайн бэлтгэгдсэн хурандаа нэг талыг нь толгойлж байсан гэх мэдээлэл бий шүү. Мэдээлэлд ойр учраас бодитой зүйл яриад байна, би.
-Гадаад бодлогын тухайд төрийн гурван өндөрлөг ойлголцохгүй байх шиг санагдах юм?
-Ойлголцолд хүрсэн. Би тухайлбал Владивосток явлаа гэж бодъё. Дараа нь Ерөнхий сайд Москва явахдаа нэг л асуудлыг ярина. Чиндаод Хятадын удирдлагуудтай уулзаад ирсэний дараа УИХ-ын дарга БНХАУ-д айлчилсан бол мөн л адилхан асуудлаа ярина. “Олон зүйл ярихаа больё. Гурав, дөрвөн зүйл яриад л түүнийгээ хийе” гэж тохирлоо. Урд хөрштэй юу ярьж байна гэхээр хөгжиж буй Зүүн Азид хүнс, эрчим хүчинд асуудал үүснэ. Бидэнд эрчим хүчний боломж бий. Шивээ-Овоо дээр хийсэн судалгаагаар Монгол Улсаас хямд эрчим хүч гарах боломжтой байгаа юм. Энэ боломжийг бид экспортолж болно. Гадаад бодлогоо дахин давтаж ярина, үргэлжлүүлээд явна. Дөрвөн жилийн санамжтай байж болохгүй гэж ярьсан. Владисвосток руу би яагаад явсан гэхээр, тэнд манай бүс нутгийн төрийн тэргүүнүүд очсон. Бид камерын өмнө болон, камергүй уулзаж ярилцаад танилцчихаж байгаа юм. Дараа нь Чиндаод БНХАУ-ын даргаас гадна маш олон улсын төрийн тэргүүнтэй уулзалт хийсэн. Нэг айлчлалаар маш олон улс оронтой уулзалт хийгээд, хамтын ажиллагаа ярьчихсан. Сая ч бас Владивостокт очиж уулзаад ирлээ. Азербайжен улсад хонины ноосны утасны асуудлаар уулзах гэж очсон. Мөн баялгийн сангийн талаар ярилцаад ирлээ. Бөх үзээд яваад байна гэдэг. Би баг тамирчдаа дэмжинэ. Тэдэнд урам өгнө. Спорт гэдэг бол залуучуудыг зөв хүмүүжилд хөтлөх хамгийн зөв алхам. Спорт, урлагт үнэнч байж төлөвшсөний дараа нарийн мэргэжил рүү оруулна. Түүний жишээ нь төрийн тэргүүн байхад буруу зүйл алга. Би 15 наснаасаа спортоор хичээллэсэн. Цаашдаа ч хичээллэнэ. Долоо хоногт 3-4 удаа спортоор хичээллэнэ. Гэхдээ ажлаа алдахгүй. Өөрийнхөө эрүүл мэндэд цаг зарцуулна гэдэг чинь өрөөлд цаг зарцуулна аа л гэсэн үг шүү дээ.
Нийтдээ гурван тэрбум ам.доллар барилгын салбарт царцчихсан
-Боловсролын салбар уначихлаа гэж хүн бүхэн ярьж байна. Та энэ талаар юу хэлэх вэ?
-Монголд 95 дээд сургууль байна гэж байгаа. Тэгэхээр энэ олон сургуулийг төгссөн хүмүүс гадаад, дотоодын бүх том том компаниудын боловсон хүчин болох ёстой. Гэтэл эндээс төгссөн хүмүүс хаана юу хийж явна вэ. Эндээс боловсролын тогтолцоог дүгнэчихэж болно. Маш олон гишүүд хувийн сургуультай. Үндсэндээ бизнес болгочихсон. Тэгэхээр одоо өөрчлөх ёстой. Майдар хот гээд дагуул хотын шийдвэр гарчихлаа. Тэгвэл таван их дээд сургуулийг тийшээ нүүлгээд хамгийн том номын сан байгуулаад, дотуур байртай, спорт заалтай болгож болно. Ийм системээр явъя гэж тогтсон байгаа. Боловсрол нь болохгүй байгаа салбарын нэг. Шатахуун түгээх станцад түгээгч авах гэж дээд боловсрол шаардаж байна шүү дээ.
-Шатахууны үнийн өсөлтийг ҮАБЗ-өөр ярилцав уу?
-Ярьсан. Толгойтой бүхэн ярьж байна. Ам.долларын ханш өслөө, дагаад шатахуун үнэ өслөө. Иргэдийн худалдан авах чадвар эрс муудлаа. Экспорт хийхгүйгээр ам.долларын ханшийг барина гэж байхгүй. Зэс, нүүрс гэсэн уул уурхайн хоёрхон бүтээгдэхүүн дээр тогтдог эдийн засагтай улс гэж хэзээ ч байхгүй. Гишүүд, сайд нар бүгд ярьдаг. Хийх гэхээр асуудал үүсдэг юм.
-Утаа ирчихсэн байна. Та утаагаа шийдэж чадахгүй бол УИХ тар гэж хэлж байсан санагдах юм?
-Утааг шийдэх талаар 2010 онд би маш боломжтой хувилбар гаргаж тавьж байсан. Харамсалтай нь нөгөө бүлэг чинь орж ирээд бизнес хийчихдэг. Утаагүй зуух олоод ирлээ, тэдэн тэрбум гээд л бизнес хийчихдэг. Би найман жил утааг ярьсан. Дагуул хот гаргая, захаас гэр хорооллоо төлөвлөхдөө иргэдээр өөрсдөөр нь байр бариулъя гэж хэлдэг ч бизнесийнхэнд таалагдахгүй байгаа.
-Таныг хүлээгээд сууж байхад тоо баримттай нэг самбар харагдана билээ. Ямар учиртай самбар юм бол?
-Улсын хэмжээнд дутуу баригдсан барилгын тоо байгаа юм. Нийтдээ 60 орчим мянган орон сууц байгаа. 60 хувийн гүйцэтгэлтэй нь 38 мянга орчим. Нийтдээ гурван тэрбум ам.доллар барилгын салбарт царцчихсан. Үүнийг хөдөлгөөнд оруулахын тулд Засгийн газар цалинг нь барьцаалаад байраар хангаад болоо. Босоод ирсэн мөнгөөр дахиад шинэ бүтээн байгуулалт хийж болно.
-ЕТГ-ын дарга чинь АН үнэмлэхүй олонхи байх үед УИХ-ын дарга байсан. Ийм хүнээр яагаад гал тогоогоо удирдуулах болов. Та АН-ын Ерөнхийлөгч шиг харагдаад байна л даа?
-АН-аас гэж харагдана. Би үгүй гэж хэлэлтэй биш. Яагаад гэвэл би АН-аас нэр дэвшсэн хүн. Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд би өөрөө хүнээ сонгох ёстой. УИХ дээр ч, нам дээр ч олон жил хамтарч ажиллаж байгаа. Үзэл бодол нийлдэг. Намайг бодвол хатуу чанга, зарчимч хүн. АН-аас нэр дэвшсэн учраас тэр нэрээр овоглоод байхдаа дургүйцэх зүйл алга. Гэхдээ тангараг өргөхдөө намаасаа татгалзсан. Одоо бол би МАН болон эрх барьж байгаа намын сайд, гишүүдтэй ойрхон ажиллаж байна. Д.Сумъяабазар, Н.Цэрэнбат, Б.Батзориг гэх мэтээр маш олон сайд нартай ойр ойрхон уулзаж, бодлого ярьж байна. Ажлаа би нам бусаар хийгээд явж байна.
-ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хаана байна, манай Ерөнхийлөгч тэнд байна гэдэг шүүмжлэлд та хариулт өгөх байх?
-Тийм зүйл гэж юу байх вэ. Их сонин зүйл болсон юм. Намайг Ерөнхийлөгч болсны дараа Унгарын нийслэл Будапешт хотноо дэлхийн аварга болсон. Унгарын Ерөнхий сайд байсан В.Орбантай би бас найз нөхдийн холбоотой. Намайг Ерөнхийлөгч болсон учраас дэлхийн аварга ирж үзээ гэсэн урилга явуулсан. Би явсан. ОХУ руу ярихад В.Путин Ерөнхийлөгч тэнд очно оо гэсэн. Тэнд албан ёсны бус уулзалт болох нь ээ гэж хэлсэн. Нэгэнт очсон учраас бид гурав суугаад тэмцээн үзсэн юм. Манай улс түүхэнд байгаагүй буюу зургаан медаль авсан. Түүхэнд байгаагүй амжилт шүү. Владивостокт хоёр дахь уулзалт болсон. Ер нь хөршүүдтэйгээ уулзаж байх нь буруу зүйл биш. Хоёр хөршийн бодлого гэж бий. Хоёр хөршөө ямар байхыг бид байнга ажиглах ёстой. Хятадыг эсэргүүцэх үзэл бол байгаагүй. Бидний уриа “Монгол ялна” байсан. Өнөөдөр Монгол Улс ардчилсан нийгмийг байгуулсан ч эргээд ялагдсан. Эдийн засгийн бодлого, дэлхийд эзлэх байр суурь, боловсруулах үйлдвэрийн бодлого гэх мэтээр олон салбарт ялагдсан учраас бид ялна аа л гэсэн юм. Хятад улсаас эдийн засгийн хувьд хараат байх тухай л асуудал яригдана. Зээл авдаггүй л байх ёстой юм.
-Өрнөөс хэзээ гаргах юм бол, тэгж амласан шүү дээ гэж олон үзэгч бодож суугаа. Асуугаасай ч гэж хүлээж байгаа байх?
-Би өөрөө бодож олсон юм биш. Үндсэн хуулийн 6.1-д Газрын доорх баялаг ард түмний өмч байна гэж заасан. Тавантолгойгоор эхлүүлье гэсэн. Энэ орд ашигтай ажиллаад эхэлбэл 1072 хувьцаа ногдол ашгаа өгөөд эхэлнэ. “Оюутолгой”, “Эрдэнэт” гэдэг хэдэн баялаг маань баялгийн санд төвлөрч ажилладаг бол бид өрнөөс салах боломжтой. Том ордоо 76 хүнд хувааж өгөөд байвал бид өөдлөхгүй. Хувь айл ч тийм шүү дээ. Болохгүй, бүтэхгүй зүйлд манлайлаач гэсэн сонголт л би байсан юм. Тиймээс ажиллана. Ж.Эрдэнэбатын Засгийн газартай үнэхээр ажиллаж болоогүй юм. Та бид хоёрын ярилцлага, МАН, АН-ын бүлгийн уулзалт, Төсвийн байнгын хороо, төсвийг хянах ажлын хэсгийг уулзалт үр дүнгээ өгдөг юм бол энэ төсөвт бага ч гэсэн өөрчлөлт гарах байх гэж найдаж байна.
Буулгасан: Б.Өнөртогтох