УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Элчин сайд нарыг эргүүлэн татах, тохоон томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцлээ.
Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох хуулийн заалтыг үндэслэн Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Элчин сайд М.Энхсайхан, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайд С.Баяр нарыг эгүүлэн татах санал УИХ-д оруулсан юм. Мөн Шведийн Вант Улсад суух Элчин сайдаар О.Энхцэцэг, Япон Улсад суух Элчин сайдаар Д.Батжаргал, Канад Улсад суух Элчин сайдаар Я.Ариунболд, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Элчин сайдаар Н.Тулга нарыг тус тус томилохоор зөвшилцөхөөр хүргүүлсэн. Тэгвэл энэ асуудлыг өчигдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцээд М.Энхсайхан, С.Баярыг эргүүлэн татаж, дөрвөн элчин сайдыг дэмжлээ.
Хуралдааны үеэр Элчид сайд нар тухайн суугаа орондоо амьдарч буй монгол иргэдийнхээ эрх ашгийг нь хамгаалж, туслахад голлож анхаарах, хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр санаачилгатай ажиллах, энэ талаар хэрхэн ажилласан байдлаар ажлыг нь үнэлж дүгнэдэг байх зэрэг саналууд гаргаж байв. Мөн гадаад харилцааны талаар Монгол Улс нэг цонхны бодлоготой байх ёстой гэдгийг олон гишүүн тэмдэглэн хэлж байсан юм. Цаашид хоёр орны худалдааны төлөөлөгчийн Газруудыг нээх, эрчимтэй ажиллуулах, монголын нүүдлийн мал аж ахуйн онцлогийг сурталчилж, энэ чиглэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, сурталчлах, Япон Улстай агаарын тээврийн харилцааг хөгжүүлэх талаар ажил хэрэгч яриа, хэлэлцээ өрнүүлэх, мэргэжилтэй, хариуцлагатай залуу боловсон хүчнийг суугаа орондоо бэлтгэх чиглэлд анхаарч дэмжин ажиллах, хөгжлийн тулгуур болох иж бүрэн судалгааг хийх шаардлагатай зэрэг саналыг УИХ-ын гишүүд Элчин сайд нарт сануулж байлаа.
Үндсэн чиглэлийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Мөн өчигдрийн чуулганаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр эдийн засгийн орчин, бодлогоо зөв болгон тогтвортой үргэлжлүүлж чадах юм бол бизнесийн орчин сайжрах нөхцөл бүрдүүлэх, түрээсийн орон сууцны тоо, санхүүжилтийг нэмэгдүүлэхийг, төсөлд уул уурхайн салбарын хөгжлийг дэмжих, нийгмийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, үр ашиггүй зарцуулагдсан төсвийн хөрөнгийн мөрөөр хариуцлага тооцох зэрэг асуудлаар тодруулга хийж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг “Манай байнгын хорооноос оруулсан 11 саналыг бүгдийг нь унагасан. Гэтэл яг адил зарчмаар оруулж ирсэн Хууль зүйн байнгын хорооны саналыг дэмжсэн. Засгийн газар яагаад хөтөлбөрт тусгасан асуудлаа дэмжихгүй байгаа юм бэ. Дараа жил ийм зарчмаар үндсэн чиглэл явахгүй” гэж сануулав. УИХ-ын Б.Энх-Амгалан “Агаарын бохирдлыг бууруулах 216 тэрбум төгрөг салхинд хийсгэсэн.
Үүний 147 тэрбум төгрөг нь 2012-2016 онд хийгдсэн. Зарцуулалтыг харахаар 175 мянган зуух аваад өгчихсөн. Дээр нь олон улсын байгууллагаас авсан 3.3 тэрбум төгрөг авчихсан. Зарцуулалтыг нь харахаар агаар.мн сайт хийсэн нэрээр 327 сая төгрөг, судалгаа хийсэн нэрээр 30, 40 сая төгрөг, хийгээр халаалт шийдэх нэрээр 1.9 тэрбум, Цэвэр агаар сангийн дотоод зардалд 932 сая төгрөг байна. Цэвэр агаар сан үр дүнгүй ажилласан тул татан буулгасан шүү дээ. Одоо энэ бүх асуудлаа цэгцэлж хариуцлага тооцож болдоггүй юм уу” гэж хэлэлцэх асуудалтай холбогдуулан асуусан юм. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Эдийн засгийн орчин, бодлогоо зөв болгон тогтвортой үргэлжлүүлж чадах юм бол бизнесийн орчин сайжрах нөхцөл бүрдэнэ. Утааг бууруулах бодлогоо нарийн гаргаагүй. Үүнээс болоод олон зүйлд самгардаад үр дүнд хүрээгүй. Хамгийн буруу шийдвэр бол түүхий нүүрсийг ууталж зарсан явдал. Тиймээс ирэх оноос түүхий нүүрсний хэрэглээг зогсоож байгаа. Үүнээс гадна нам даралтын зуух болон 100 мянган айлд индукцийн арга нэвтрүүлнэ. Энэ ажилд 200 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт гарах байх гэж тооцоолж” байгаа гэх тайлбарыг өгсөн юм. Ийнхүү Эдийн засгийн байнгын хорооноос нэгтгэн ирүүлсэн зарчмын зөрүүтэй 33 саналын томъёоллоор санал хураалт явуулан шийдвэрлээд тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.