Манай оронд 80 төрлийн ашигт малтмалын 1170 орд, найман мянга гаруй илрэл бүртгэгдсэн байдаг ажээ. Үүнд алтны 1619, мөнгөний 227 мянга, зэсийн 36.3, төмрийн хүдрийн 660 сая, цайрын 5.9, нефтийн 250 сая орчим тонн нөөцийг улсын төсвийн хөрөнгөөр тогтоожээ. Мөн нүүрсний 175 тэрбум тонн таамаг нөөцтэй. Үүнээс 9.8 тэрбум тонн нөөц нь баталгаажсан байна. Монгол Улсын нийт экспортын 94 хувийг ашигт малтмал эзэлдэг. Энэ тоо баримтаас харахад, Монголчууд шиг баян улс дэлхийд байхгүй мэт харагдаж байгаа биз. Ийм их ашигт малтмалаа экспортлодог улс баян байхгүй бол өөр хэн баян амьдрах юм гэж хэлэхээр байна. Манай гурван сая гаруйхан ард түмэн арабын баячуудаас ч илүү амьдарч болох газрын доорхи баялагыг өвөг дээдэс маань бидэнд үлдээжээ.
Гэтэл улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ордууд хөрөнгө оруулалт нэрээр гадаадынхны мэдэлд бүрэн шилжээд байгаа гэхэд болно. Өнөөдөр энэ их баялагийнхаа 80 гаруй хувийг нь ашиглах тусгай зөвшөөрлийг Хятадуудын халаасанд хийж, уул уурхайн бүтээгдэхүүнийхээ 79 хувийг урд хөрш руугаа гаргаж, ард түмэн нь туйлын ядуу амьдарч байна.
Ажил хийж байгаа нийт иргэдийн 70 орчим хувь нь 500- 900 мянган төгрөгийн цалин авч, орон сууц, авто машины лизингийн өрөнд дөрлүүлэн өдөр хоногийг өнгөрөөж сууна. Манай орны нийгэм, эдийн засгийн харилцаа өөрчлөгдөөд 28 жилийг ардаа орхилоо. Энэ хугацаанд ард түмэн нь ядуурч, хэдхэн эрх мэдэлтэн дэлхийд данслагдах хэмжээнд хүртлээ баяжлаа.
Цаг хугацаа өнгөрөх тутам энэ зай улам хурдтайгаар холдож эхэллээ. Ийм л цаг үед ард түмэн өөрөөр сэтгэж, сэрэх болсон юм шиг санагдана. Хэдий хүртэл өөрсдийнхөө баялагаа бусдын халаасанд хийж хоосон амьдрах вэ. Батсүрэн бүтэн сар ажил хийчихээд сарын цалингаа хөрш Цэнгэлд өгчихөөд өөрөө халаас хоосон, хэдэн хүүхэд нь гэдэс хоосон амьдарч байгаатай чанарын ялгаагүй болчихоод байна. Тэгэхээр бид яах ёстой вэ.
Надад нэг санаа байна. Саяхан Монгол Улсын Засгийн газар Салхитын мөнгөний орд газрын ашиглалтын тусгай зөвшөөрлийг нь цуцалсан шийдвэр гаргаж, олны анхаарлыг татлаа. Төр өмчөө мэдэж болдог юм гэдгийг бас харууллаа. Тэгвэл бид одоо газрын тосны орд газрынхаа ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулж ард түмэн мэдэлдээ авъя. Манай орон 250 сая орчим тонн газрын тосны нөөцтэй гэсэн судалгаа бий. Дахин хайгуул явуулбал энэ тоо 3-4 дахин нэмэгдэх магадлалтай гэж уул уурхай мэргэжлийн хүмүүс хэлдэг.
Өнгөрсөн онд Дорноговь аймгийн нутагт нефть боловсруулах үйлдвэр барих ажил эхэлсэн. Гэтэл бүтээгдэхүүнээ хятад улсаас худалдаж авах хэмжээнд хүрчихээд байна. Иймд Дорнод аймгийн Халх гол, Матад сумдын нутагт газрын тосны олборлолт явуулж байгаа “Петрочайна дачин тамсаг” ХХК, Дорноговийн сав газрын Зүүнбаянгийн дэд сав газрын талбайнуудад газрын тосны олборлолт явуулж байгаа “Доншен газрын тос Монгол” ХХК-иудын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах саналаа Засгийн газарт хүргүүлье. БНХАУ- ын 100 хувийн хөрөнгө оруулалттай дээрхи хоёр компанийг эх орноосоо гаргая. Ингэж чадвал бид нефть боловсруулах үйлдвэрээ түүхий эдээр хангаж, эдийн засгаа эрүүл болгох эхний алхамаа хийнэ.
Гэхдээ дээрхи компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлаж ,үйл ажиллагааг нь зогсоогоод тус орд газарт үндэсний хувьцаат компани байгуулж, монголчууд өөрийн баялагаа эзэмшиж эхлэх цаг болжээ. Ийм аж ахуйн нэгжийг байгуулахдаа нийт хувьцааны 33 хувийг төр эзэмш. Харин 37 хувийг ард иргэдийнхээ дунд нээлттэй хувьцаа гаргаж, үлдсэн 30 хувийг аж ахуйн нэгжид зориулсан хувьцаа болгон хөрөнгийн зах зээлд худалдах хэрэгтэй.
Ингэж эргэлтийн хөрөнгө босгох боломж бидэнд байна. Төр өөрийнхөө хувьцааны хөрөнгөө гаргачихна. Аж ахуйн нэгжүүд хувьцаа авах гэж өрсөлдөх нь ойлгомжтой. Ялангуяа нефтийн бүтээгдэхүүн импортоор оруулж ирдэг компаниуд илүү сонирхоно. Иргэд орон сууцны лизинг, автомашины зээл гэх мэт төлбөрт сар бүр банкинд 300-600 мянган төгрөг төлдөг. Тэгвэл ердөө хоёрхон сарын төлбөрөөрөө хувьцаа худалдан авах боломж байна. Малчид хэдэн малаасаа илүүчлээд зарахад л хувьцаа авах мөнгөтэй болно. Энэ бол хөрөнгө оруулалт босгох асар их нөөц.
Ганц жишээ хэлэхэд, “Түмэн шувуут” ХХК хувьцаа гаргасан. Гэтэл тус компани тав хоногт таван тэрбум төгрөгийн хувьцаа арилжаалж, ийм хэмжээний хөрөнгө оруулалтыг татаж чадсан байна. Тэгэхээр хөрөнгийн зах зээл гэдэг хамгийн цэвэр, боломжтой эдийн засгийн өрсөлдөөний салбар гэдэг нь харагдаж байна.
Тэгвэл бид газрын тосны орд газрууддаа үндэсний хувьцаат компани байгуулж, хөрөнгийн зах зээл нээлттэй хувьцаа борлуулахад хувийн компаниас бага хөрөнгө оруулалт босгоно гэж хэзээ ч үгүй. Гэхдээ энэ хувьцааг зөвхөн монгол хүн авах, борлуулах эрхтэй байх хэрэгтэй. Ингэж хөрөнгийн зах зээлээс дотоодынхоо нөөц бололцоог ашиглан хөрөнгө оруулалт татах нь олон давуу талтай. Иргэд, аж ахуйн нэгжүүд олсон хэдэн төгрөгөө эргэлтэд оруулж өсгөх боломж бүрдэнэ.
Харин газрын тосны орд газруудад шинээр байгуулагдаж байгаа компанийн хувьд хөрөнгийн зах зээлээс хөрөнгө оруулалт босгож байгаа болохоор хүүгийн дарамтгүй үйлдвэрлэл явуулна гэдэг жилийн эцэст ашиг өндөр байна гэсэн үг. Ийм л замаар бид харийнханы халаасанд орж байгаа ашигт малтмалынхаа ашгаас тэгш хүртэх боломж нээгдэнэ. Энд нэг болгоомжлол бий. Хувьцаат компани байгуулчихаар хэдэн жилийн дараа нэг хүн эсвэл нэг аж ахуйн нэгж бүх хувьцааг нь худалдаж аваад ганц хүний мэдэлд очихдог. Манай оронд явагдсан өмч хувьчлал яг ингэж хийгдсэн.
Үүнээс арай өөрөөр эрх зүйн орчныг нь бүрдүүлэх нь чухал. Өөрөөр хэлбэл багц хувьцаа гаргалгүйгээр нэг хүн, аж ахуйн нэгжид ногдох нийт хувьцааны дээд хязгаарыг тогтоож, хуульчилж өгөх хэрэгтэй. Энэ тохиолдолд хувьцааны хэт төвлөрөл үгүй болж, хувьцаат компанийн хувь эзэмшигчдийн харьцаа алдагдахгүй тогтвортой олон жил ажиллах нөхцөл бүрдэнэ. Газрын тосны орд газарт байгуулагдсан үндэсний хувьцаат компани ашиггүй ажиллана гэж бараг л байхгүй гэхэд болно. Яагаад гэвэл дотоодын нефтийн үйлдвэртээ бүтээгдэхүүнээ нийлүүлнэ.
Энэ тохиолдолд дотоодод үйлдвэрлэж байгаа нефтийн бүтээгдэхүүний үнэ 40-60 хувь буурах магадлал өндөр бий. Өнөөдөр нефтийн үйлдвэр ашиглалтад орлоо гэж бодоход Хятадуудтай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан учраас тухайн орны зах зээлийн үнээр газрын тосоо худалдаж авах болчихоод байна. Ийм нөхцөлд дотоодын нефтийн үйлдвэрээс гарч байгаа нэг литр шатахууны үнэ 1500 төгрөг байна гэсэн тооцоог гаргаад байгаа. Гэтэл бид энэ орд газраа төрийн мэдэлдээ аваад үндэсний хувьцаат компани байгуулан олборлолт явуулж чадвал шатахууны үнэ литр тутамдаа 200-400 төгрөгөөр буурах магадлал өндөр байна. Манайхан хувьцаанд нэг их итгэдэггүй.
Мэдлэг мэдээлэл ч муу байдаг. Гэхдээ нефтийн бүтээгдэхүүн шиг хурдан борлуулалттай, ашиг өндөртэй үйлдвэрлэлд хөрөнгө оруулж ашгийг нь хүртэж үзээгүй ард түмэн. Хэрэв үнэхээр зориглон ийм шийдвэрийг төр гаргаж, иргэд хувьцаа эзэмшсэн тохиолдолд Монголын эдийн засаг сэргэх эхлэл тавигдана. Ийм л замаар бид стратегийн орд газруудаа эзэмшиж, үр ашгийг нь хүртэх боломж нээлттэй байгааг олж харах л үлдээд байна. Үүний дараа төмрийн ордоо энэ загвараар эзэмшиж, төмөр, төмөрлөгийн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болъе.
Мөн нүүрсний уурхай түшиглэсэн цахилгаан станцууд барих хөрөнгө оруулалтаа хөрөнгийн зах зээлээс босгож, ард түмэндээ хувьцааг нь эзэмшүүлье. Ингэж стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газруудаа төр, иргэдийнхээ мэдэлд бүрэн авч, хувьцаат компаний хэлбэрт оруулсан тохиолдолд монголчууд сайхан амьдрах үүд нээгдэнэ. Иргэн бүр сард 1-1.5 сая төгрөгийн ногдол ашиг хүртэх зах зээл нээлттэй байна Үүнийг төр хэрэгжүүлж чадвал иргэдийн орлого нэмэгдэнэ. Орлоготой иргэд орон сууц руу хошуурч, барилгын салбар сэргэнэ. Хотын утаа багасна гээд л олон эерэг хандлагыг дагуулна. Төр төмөр нүүрээ үзүүлж стратегийн орд газруудынхаа ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлаж, ард иргэддээ хувьцаа эзэмшүүлж чадвал, монгол хүн бүр орлоготой сайхан амьдрах гарц бидний өмнө сүүмэлзэж байна.