ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“Төмрийн сэг”-ийн ченжүүд

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-06-08

Байгуулагдсан цагаасаа хойш нэг ч удаа улсад татвар төлж үзээгүй “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийг тойрсон дуулиан өдөр бүр шинэ баримтаар баяжиж, илүү олон тэрбумын мөнгө угаасан, хувьдаа завшсан, хуулиас бул­туулсан хэргээр нэмэгдэж байх юм. Угтаа төмөр зам дагасан их хэмжээний мөнгө угаах хэрэг ар араасаа гарч эхэлсэн юм биш биз гэсэн хардлагыг батжуулах баримтуудыг Зам тээвэр, хөгжлийн сайдаасаа эхлээд гаргаж эхэллээ, өнгөрсөн өдрүүдэд. Тухайлбал, Ж.Бат-Эрдэнэ сайд тун саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа салбарынх нь дэд сайд Б.Цогтгэрэл, “УБТЗ” ХХН-ийн өнөөгийн удирдлага Д.Жигжиднямаатай хамтран ашиглалтаас гарсан, ОХУ-д тээвэрлэлт хийгээд 25 жил /нэг вагоны ашиглалтын хугацаа 30 жил байдаг/ болчихсон, “төмрийн сэг”-үүдийг нэг бүрийг нь 9-10 мянган ам.доллараар оруулж ирсэн дуулиан үнэн гэдгийг нотлов. Мөн өмнөх Зам тээврийн сайд Д.Ганбат ч миний өгсөн үүрэг даалгаврыг мушгин гуйвуулж, өөрт ашигтай наймаа болгож, халаасаа зузаалсан гэдгийг баттай, баримттай ярьсан байх юм.

Эндээс л өнөөх алдарт шилэн дэдийн зуурсан бантан, түүний гол дүрд тоглосон мөнгө угаасан, төсөвт өртгийг нь нэмэгдүүлсэн гэх ноцтой хэргийн сэжим илүү тодорхой болж байх шиг байна. Угтаа хуучин вагон авах саналыг анхлан Д.Ганбат сайд байхдаа гаргасан нь үнэн аж. Тээвэрлэлт нэмэгдсэн учраас ОХУ-д 8-10 жил ашигласан вагон оруулж ирэх талаар Д.Жигжиднямаад чиглэл өгсөн ч нөгөөх нь Монголын талыг ахалдаг дэд сайд Б.Цогтгэрэлтэй хамтарч, акталсан, металл лоом болох шахсан 25 жил ашигласан 1000 вагоныг оруулж иржээ. Эдгээр вагоныг ОХУ-ын талаас нэгийг нь 4000 ам.доллараар өгөх саналтай байсан ч эрхэм дэд сайд мөнгө угаахын тулд нэг бүрийг нь 9-10 мянган ам.доллараар оруулж ирсэн гэх. Угтаа төсөвт өртгийг нь нэг дахин нэмсэн байдаг ч энэхүү гэрээ УБТЗ-ын санхүүгийн хэлтэст байхгүй юм гэнэ билээ. Харин сэтгүүлчид өөр өөрийн эх сурвалжаар олж авч чаджээ. Энэ асуудлаас үүдэж, тэд одоо АТГ-т шалгуулж буй. УБТЗ-ыг тойрсон мөнгө угаах, идсэн уусан хэрэг үүгээр замхарсангүй. Өмнөх 1000 вагоны дуулиан намжаагүй байхад дахин суудлын 16 вагон, авто зам засварын хоёр шинэ вагоны дуулиан дэгдэж эхлэв.

Тодруулбал, өмнөх удирдлагууд нь 2006 оны үед БНХАУ-аас мөн л 16 ширхэг хуучин суудлын вагон оруулж иржээ. Эдгээр вагон эвдэрч эхэлсэн учраас Д.Жигжиднямаа долоон сая ам.доллараар буюу мөн л төсөвт өртгөөс нь нэг дахин илүү үнээр засуулах мэргэн санааг бодож олжээ. Нэг бүрийг нь 7-8 сая төгрөгөөр засуулсан гэсэн үг. Гэтэл БНХАУ-аас энэ мөнгөөр цоо шинэ вагон худалдаж авах боломжтой гэдгийг төмөр замын салбарынхан нотолж байх юм. Өнөөх л мөнгө угааж, өртгийг нь хоёр дахин нэмэгдүүлж, өндөр үнээр засуулсан чиргүүл вагоны генератор нь Монгол руу буцах замдаа дахиад шатчихжээ. Гайхамшиг ийнхүү үргэлжлэв. “Амташсан хэрээ 13 дахидаг” гэгчээр 1000 вагоноор наймаа хийж чадсан хоёр цаашдаа ч олон зүйл дээр ганзага нийлсэн юм бил үү, хэн мэдлээ. УБТЗ-ын хашаанд музейн үзмэр болон хэвтэж буй автозам засварын цоо шинэ хоёр вагоныг /нэг нь 20 мянган ам.долларын үнэтэй/ УБТЗ-ын өмнөх удирдлагууд буюу Л.Пүрэвбаатар оруулж ирсэн аж. Гэсэн ч хэрэглэж амжаагүй цоо шинээр байсаар байхад вагоны бизнесээр гаршсан Д.Жигжиднямаа дарга дахиад нэгийг оруулж иржээ. Хамгийн сонирхолтой нь эдгээр вагонууд хэний өмч гэдэг нь өнөөдрийг хүртэл тодорхой бус. УБТЗ-ын өмчид байхгүй. Төрийн өмчийн хороо ч мэдэхгүй гэсэн тайлбар өгдөг юм байна. Төрийн өмч ийнхүү үнэгүйдэж, хоёрхон албан тушаалтан хэдэн зуун тэрбум төгрөгөөр “төмрийн сэг”-ийн наймаа хийж, тэндээс мөнгө завшиж суугааг төр мэдсэн ч мэдээгүй юм шиг чихээ бөглөчихөөд сууж байна. 

Дэд сайдын суудлаар шагнуулсан Б.Цогтгэрэл хоёрхон жилийн өмнө “Миний бие Иргэний нисэх, МИАТ, Төмөр замыг шилэн байлган, замын болон бусад тендерүүдийг шилэн болгож, найрсаг хөнгөн шуурхай үйлчилгээтэй, ил тод, хүнд сурталгүй нээлттэй байлгахыг та бүхэнд амлая. Зам тээврийн дэд сайдад нэр дэвшиж буйгаа зарлаж, намынхаа Удирдах зөвлөлд саналаа хүргүүлж байна” хэмээн жиргэж байлаа. Тэр хүссэн ёсоор бялууны хэрчмээ авчээ. Гэвч амтыг нь тэр таалсангүй. Тиймдээ ч ахиухан, бас илүү амттай хэрчим авахын тулд зам тээврийн салбарыг төгс утгаар самарч байх юм. Өөртөө оноосон нэр шигээ “шилэн” байж чадсангүй. Хуучирсан вагоны наймаанаас гадна Тос, тосолгооны материал нийлүүлэх өндөр өртөг бүхий гэрээ, өндөр дүнтэй Худалдан авалтын гэрээний үнийн дүн нэг бүрийг энд бичвэл цаг ч багадна, цаас ч олдохгүй. Шилэн Цогоо амласан шигээ шилэн байж чадаагүй юм. Харин ч эсрэгээр нь төрийн мөнгөөр хэрхэн туйлж болдгийг, хэрхэн завшиж болдгийг төгс утгаар нь харуулах шиг болов. Хуучин тонныг нь 5-6 сая төгрөгөөр авч байсан “Caprinus HPD 40” тосыг Д.Жигжиднямаа дарга 10 сая төгрөг болгон өсгөсөн гэх гэрээний баримт ч байна. Хамгийн сонирхолтой нь эдгээр бүх баримтуудыг “шилэн” дэд сайд ил гаргах бус харин ч бетон хананы цаана, далдхан нууцлахыг хүсчээ. Тэр ингэж л амлалтаа биелүүлэв. Өмнө хэлсэнчлэн улсад нэг ч төгрөгийн татвар төлж үзээгүй энэ нийгэмлэгийг тойрсон ноцтой баримтууд цаашдаа ч олон гарах биз. Бүр 1998 оноос хойш төлсөн түлшний онцгой албан татвараас чөлөөлөх, нийт 73 тэрбум төгрөгийг төсвөөс буюу бидний халааснаас гаргах талаар УИХ ярьж эхэлсэн талаар эдийн засагч Д.Жаргалсайхан жиргэжээ.

Тэд ингэж л даам гарч байна. Дэр модоо сэлбэх мөнгөгүй, хуучирсан хэмээн ослоо хаацайлдаг, түүнийхээ бурууг жирийн нэг мэргэжилтнээс хайж ажлаас нь чөлөөлсөн. Гэвч төмрийн хог болсон 1000 вагоны мөнгөөр Хөтөлд байрлах УБТЗ-ын бетон дэр хийдэг үйлдвэр шиг үйлдвэрийг нэлээд хэдийг ч байгуулах боломж харагдаж байх юм. Харин тэд хүссэнгүй. Ослын буруугаа модонд тохож, сэг болсон вагоны алдааг нэг нэг рүүгээ шидэлцэж суусаар гэмгүй хэмээн мултрахыг оролдож суугаа нь илт. “Нэг бол яах вэ гэхсэн. Хоёр бол засаад авахсан. Гэтэл гурвын гурван гахай” гэдэг шиг нэг эсвэл 10 ч бус бүр 1000 “төмрийн сэг” оруулж ирсэн, эдгээр ченжүүддээ хариуцлага тооц, Ерөнхий сайд аа. Өнөөх төрийн хулгайтай тэмцэх ажлаас эндээс л эхэлмээр байх юм. Эс тэгвээс Монгол Улс хувь нийлүүлсэн ОХУ-ын өмнө шившиг болж дуусах нь.