САЙН МЭДЭЭ: И-Монгол систем тантай ярилцдаг, сонсдог боллоо

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2024-05-07

Монгол Улсын Засгийн газраас цахим үндэстэн болох зорилго тавьж, үе шаттайгаар төрийн үйлчилгээг иргэдэд дараалалд зогсохгүйгээр авах боломжийг бүрдүүлж буй. Тэгвэл "И Монгол" систем ашиглалтад орсноос өнөөдрийг хүртэлх хугацаанд иргэд 86 байгууллагын 1233 үйлчилгээг цахимаар авах боломжтой болсны зэрэгцээ шинэ хувилбар болох хиймэл оюун ухаанд суурилсан "И-Монгол 4.0" систем өнөөдөр нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл  ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал болон УИХ-ын гишүүд, Монгол Улсад суугаа Элчин сайдууд, төр болон хувийн хэвшлийн төлөөлөл 200 гаруй зочид, төлөөлөгчид оролцлоо.

Монгол Улсын Засгийн газар “Алсын хараа 2050” урт хугацааны нэгдсэн бодлогын баримт бичигтэй болж, “Цахим Монгол” зорилтыг дэвшүүлж цахим шилжилтийг эрчимжүүлэн ажиллаж байна. Энэхүү бодлогын баримт бичгийн хүрээнд Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-г 2020 оны аравдугаар сарын 01-ний өдөр төрийн 23 байгууллагын 181 үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэх боломжтойгоор анх олон нийтэд танилцуулж байсан юм.

Тэгвэл өнөөдрөөс И-Монгол 4.0 хувилбар нээлтээ хийснээр 1.8 сая хэрэглэгчид хоорондоо чат бичиж болдог болж буйгаараа онцлогтой ажээ. Энэхүү чатаар фэйсбүүк, инстаграммын чаттай адилхан текст, зураг, видео, бүх төрлийн файлыг дамжуулах, оффлайн үед бичсэн чат онлайн болохоор илгээгдэх боломжтой гэх мэт олон давуу талбай юм байна. Мөн датаны төлбөр хямд, хэдэн мянган хэрэглэгчтэй групп чат ч үүсгэх боломжтой гэдгийг хөгжүүлэгчид онцоллоо.

“И-Монгол” академийн захирал Б.Мягмарнаран “Дөрвөн жилийн өмнө И-Монгол анхны хувилбарыг танилцуулж байсан. Тухайн үед 23 байгууллагын 181 үйлчилгээг цахимжуулсан бол одоо 86 байгууллагын 1233 үйлчилгээг цахимаар иргэдэд үзүүлж байна. Анх нэвтрүүлснээс хойш 930 ажлын өдөрт 1500 орчим үйлчилгээг цахимжуулсан гэсэн үг. Ингээд бодож үзвэл өдөрт нэг үйлчилгээг цахимжуулсан гэсэн үг.

Иргэд нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлт илгээх үйлчилгээг сайн мэднэ. Үүнийг бид 2022 онд цахимжуулсан. Энэ үйлчилгээг цахимжуулахаас өмнө эцэг эхчүүд сандлаа авч цэцэрлэгийн гадаа дугаарлан хонож, эсвэл сугалаагаар шийддэг байлаа. Харин цахимжуулснаар үйлчилгээ нээлттэй болсон. Дараагийнх нь хот хоорондын автозамын төлбөр төлөх үйлчилгээ. Нийслэлийг тойрсон төлбөр хураах цэгүүдэд хураамжаа галын хайчаар иргэдээс авдаг байсан бол одоо иргэн рүү цахимаар нэхэмжилдэг болсон.

Иргэний үнэмлэх шинээр авах, дахин захиалахдаа өмнө нь УБЕГ-т дугаарладаг байсан бол одоо захиалаад авдаг болсон. Өнгөрсөн хугацаанд И-Монгол апп 1.8 сая хэрэглэгчтэй боллоо. Энэ бол бидний хамгийн том бахархал. Бид Монголын хамгийн том платформ болж чадсан. Өнгөрсөн хугацаанд 1.8 сая хэрэглэгч 46 сая үйлчилгээг цахимаар авсан байна.

Насанд хүрсэн таван монгол хүн тутмын дөрөв нь "И-Монгол" аппыг ашиглаж  дунджаар 25 үйлчилгээг цахимаар авсан байна. Уламжлалт үйлчилгээг авахдаа иргэд очих, дугаарлах, буцаад явахад дунджаар хоёр цагийг зарцуулж, тодорхой зардал гаргадаг байсан. Тэгвэл цахимжуулснаар нэг иргэн 500 мянган төгрөгийн зардал хэмнэсэн. Нийлбэр цагийг бодож үзвэл 50 цагийг хэмнэсэн. Ажлын цагаар бодож үзвэл долоо хоногийг хэмнэж байна гэсэн үг.

Харин зардлыг тооцвол 56.434.078.160 төгрөгийг хэмнэсэн. Мэдээж хамгийн үнэтэй нь цаг хугацаа. Зөвхөн бичиг цаасанд гэхэд дөрвөн тэрбум төгрөгийг хэмнэсэн. Нийт утгаараа "И монгол" систем анх нээгдсэнээс хойш 921 тэрбум буюу бараг нэг их наяд төгрөгийн хэмнэлтийг хийсэн. Хэмнэлтээс гадна төрийн байгууллагын ажлыг хөнгөвчилж өгсөн. Иргэд сар бүр 1.6 сая үйлчилгээг цахимаар авч байна. Ингэснээр зургаан Сүхбаатарын талбайг дүүргэх хэмжээний цаас буюу  3.2 сая ширхэг цаасыг сар бүр хэмнэж байна.

Үүнийг платформ нээгдсэнээс хойшхи хугацаагаар тооцож үзвэл 92 сая ширхэг цаас буюу 9200 мод, 9200 литр усыг эх дэлхийгээсээ хэмнээд байна. Бидний ажлыг үргэлж дэмжиж ирсэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танд талархмаар байна” хэмээлээ.

Mungkin gambar teks

аппликэйшнээ дараах холбоосоор шинэчлээрэй. 

Apple
https://apps.apple.com/us/app/e-mongolia/id1513340888
Android

https://play.google.com/store/apps/details?id=mn.gov.emongolia&pli=1&fbclid=IwZXh0bgNhZW0CMTAAAR3Avkkojsmk555XOuUy6SNb28a5ejzEmJ4vb3o3cM6ZdVz-cHJtn3-n68U_aem_AboNXAArhsw7WHPffScvHaCD7DM9C5_GevpIX4RRIp5pgTykVZ7SA598MRIy9A97elCZx8j9DxWeMJdx4tpJEwxH

И-Монгол 4.0 шинэчилсэн хувилбарт дараах өөрчлөлт оржээ. Тодруулбал, тээврийн хэрэгсэл, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, эзэмшил бүхий аж ахуйн нэгжийн бүхий л мэдээллийг профайл хэсэгт тусгай талбарт байршуулсан байна. 

Зээл авах, виз мэдүүлэх, бичиг баримт захиалахад шаардлагатай лавлагаа тодорхойлолтуудыг иргэдийн хэрэгцээнд тулгуурлан багцалсан үйлчилгээнүүд хэлбэрээр санал болгодог болсноос гадна өөрийн авах үйлчилгээгээ дуу хоолойгоо ашиглан хайх боломжийг хиймэл оюунд тулгуурлан бий болгосноор хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлжээ.

Мөн замын хураамж, тээврийн болон жолоочийн торгууль, үер ус, угаарын хийн мэдрэгчийн мэдээллийг ухаалаг мэдэгдэл хүргэх системийн тусламжтай хүргэдэг болсон байна. Тухайлбал, угаарын хийн мэдрэгч утаа мэдрэх үед анх төхөөрөмж бүртгүүлсэн иргэний E-Mongolia гар утасны аппликэйшнд мэдэгдэл очих бөгөөд хэвийн болтол 20 секунд тутамд мэдэгдэл илгээнэ. Эрүүл мэндийн үйлчилгээг цахимжуулах ажлын хүрээнд E-Mongolia 4.0 хувилбараар эрүүл мэндийн цогц үйлчилгээг нэвтрүүллээ.

Өвчний оношид тохирсон эмнэлгийг сонгох,шинжилгээ болон дүрс оношилгооны хариу харах, эмийн жорын түүхээ харах, AR технологи ашиглан эмийн танилцуулгыг үзэх зэргээс гадна жирэмсэн үеийн бүхий л үйл явцаа хянах боломжийг бүрдүүлэв.Түүнчлэн дархлаажуулалтын мэдээллийг хянах хэсгээр дамжуулан шинээр төрсөн нярайгаас эхлээд заавал хийх үндэсний товлолт дархлаажуулалтаа хянах юм. Тухайн иргэний "E-Mongolia" системд нэвтэрсэн түүх, бүртгэлтэй төхөөрөмжийн мэдээллийг “хандалтууд” хэсгээс он, сар, цаг, минуттай нь харах боломж нэмэгдлээ.

Мөн “туслах цонх” хэсэг нэмэгдэж системээс гарах болон "dark mode" тохиргоог хийхэд илүү хялбар болсон бол төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд “Монголнэт” ХХК-тай хамтран E-Mongolia системийн хэрэглэгчид хоорондоо чат бичдэг болсноор E-Mongolia 4.0 хувилбар иргэд олон нийтийн хэрэглээнд амжилттай нэвтэрч байна.