ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“ЖДҮ-чин дарга”

O.Admin
2019-07-09

2015 он буюу дөрвөн жилийн өмнө зургадугаар сарын 20-нд тавдугаар хурлаа хийж, тэргүүнээ сонгосноос хойш нэг л удирдлагатай өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулсан МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны зургадугаар хурлыг хийх шаардлагыг одоогоос арав гаруй хоногийн өмнө 21 аймаг, есөн дүүргийн төлөөлөл болсон залуус гаргасан билээ. Тэд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд шаардлага хүргүүлсэн байдаг.

Тэд шаардлага өгөхдөө “Зургадугаар Их хурлыг яаралтай хуралдуул гэж байгаа нь хэн нэгэн албан тушаалтан, дарга цэргийг солих зорилгогүй бөгөөд зөвхөн сонгуулийн өмнө намын дэргэдэх ТББ яаралтай хуралдаж, дүрмээ шинэчлэх ёстой” хэмээн мэдэгдсэн юм. Гэвч энэхүү шаардах бичгийн эцсийн зорилго нөгөөх л дарга солих эрх ашгаас үүдэлтэй байжээ. Улс төрд орох гэсэн амбийцтай залуусыг бэлтгэж, тэдний гүүр нь болж ирсэн энэхүү ТББ-ыг МАН-ын гишүүн, УИХ-ын гишүүн Ням-Осорын Учрал удирдахаар болжээ.

Тэр өөрийгөө угсаа залгамжилсан хунтайж биш хэмээн тодорхойлсон байх юм. Тодорхойлох ч гэж дээ. Дагалдан “баясах” залуус нь соошл орчинд ийм мессеж түгээв. НАМЗХ-ны ээлжит зургадугаар хурал өчигдөр үймээн бужигнаан дундуур нам гүмхэн хуралдаж, Н.Учралыг 100 хувийн саналаар сонгосон аж. Хэн түүнтэй өрсөлдсөн, хэрхэн ялалт байгуулсан нь ч тодорхой бус байгаа учраас энэ мөчид эрхэм даргыг “угсаагүй хунтайж” хэмээн тодорхойлвол зохилтой.

Тэр хэн нэг дарга цэргийн хүүхэд биш байж болно. Эсвэл угсаа залгамжлах эрхгүй баян ч байж болно. Гэвч сайн эцгийн нэрээр өнөөдрийг хүртэл явж, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн болж чадсан. Их засаг, Роял академи гэх мэтээр боловсролын салбарт чамгүй амжилттай явж буй сургуулийн бизнесийг тэр аавынхаа хамт удирддаг. Хамгийн залуу ЖДҮ-чин гишүүн хэмээн цоллуулж явсан үе ч түүнд бий. Тийн атал угсаа залгамжилсан хунтайж нараас НАМЗХ-г салгалаа гэх явуургүй пиар хийж буй нь дэндүү муухай харагдлаа. Тэрбумын ЖДҮ-гийн зээлээ өдөрт нь төлнө хэмээн даналзаж байсан энэ залуу тийм ч сайхан нэр төртэй нэгэн биш байсан. Хэдийгээр зээлээ төлж барагдуулсан ч ард түмний боломжоос хумсалсан гэх муу нэр нь хэзээд ч арилахгүй билээ. Тиймээс хэрээ, хэрээнийхээ харыг гайхах хэрэг юун.