Цэцгэн хээтэй, ягаан даашинзтай бяцхан охиныгоо дугуй унаж сургахаар аав нь түшин гүйж явна. Тав орчим настай тэрхүү охин “Ааваа намайг сайн барьж байгаа биз” хэмээн үе үе хэлэх бөгөөд ой гаруй настай хүүхдээ тэргэн дээр түрсэн ээж тэр хоёрыг инээмсэглэн хараад зогсч байна. Үдшийн 22:30 цагт хүүхдүүдээ салхилуулж байгаа энэ залуу гэр бүл бол Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны 11 дүгээр байрны оршин суугчид аж. Хүүхдийн тоглоомын талбай байхгүй, хүүхэд гадаа тоглох аюулгүй орчин бүрдээгүй учраас өнгөрсөн жил авсан дугуйгаа охин одоог хүртэл унаж сураагүй аж. Бидний нэрлэж заншсанаар “Хүүхдийн 100”-гийн шөнийн гэрэлт гудамжийг баасан гарагаас ням гарагийг дуустал автомашингүй болгосон учраас охин аавынхаа дэмжлэгтэйгээр дугуйгаа унаж сурч байгаа нь энэ.
Манай сонины сурвалжлах баг залуусын чөлөөт цагаа өнгөрөөх шөнийн гэрэлт гудамжны нэг шөнийг сурвалжилсан юм.
Тус гудамжинд оршин суугч Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны 2А байрны иргэн Ц.Тамир “Гэрэлт гудамж чинь ёстой тамын газар. Чихний үдээр тасалсан шийтгэлийн ажиллагаа” хэмээн их ундууцангуй хэлснээс үзвэл уг гудамж ойр хавийн оршин суугч, албан байгууллагуудад ихээхэн түвэг чирэгдэл учруулдаг бололтой. Гэрэлт гудамжны хойно байрлах “Хүрээ” амаржих газрын шөнийн ээлжийн сувилагчтай очиж уулзахад “Бид баасан гарагаас даваа гараг хүртэл байнгын түгшүүрийн байдалд байдаг. Гэрэлт гудамжны замыг хааснаас болж түргэний машин хойд хаалгаар ирж чадахаа больсон. Түргэний машин замын хашилтыг тойрч ирэх гэж цаг хугацаа алдаж, эрсдэл хүлээж байгаа. Шөнийн гэрэлт гудамжны нийтийн бие засах газрыг шийдээгүй учраас согтуу хүмүүс манай эмнэлгийн хашаанд ирж бие засдаг. Шөнийн гэрэлт гудамж хотын төвд байх шаардлагагүй” гэсэн юм.
АТГ-ын уулзварыг төмөр торон хаалтаар хааж, цагдаагийн машин зогсоожээ. Дуу хөгжим хангинаж, олон залуус бужигнасан, цагирган гэрэл бүхий таазтай, гэрэлт гудамж залуусыг татдаг аж. Зөөлөн сүүн зайрмагны машинд дугаарласан балчир хүүхдүүд, аав ээжүүд, идэр залуучууд гээд тус гудамжинд ирсэн хүн бүхний царайд инээмсэглэл тодорсон байх аж. Гудамжны хоёр захаар зөөврийн сүүдрэвч, тойроод суух сандал, олон төрлийн халуун хоол, хүйтэн шар айраг, амтат зайрмаг гээд бүхий л зүйл байх аж. Амтат шорлог, хөнгөн зууш ширээндээ эгнүүлсэн залуучууд лаазтай шар айраг ууж харагдана. Гудамжны нэг захаас нөгөө зах хүртэл хоёр талаар эгнүүлсэн зөөврийн чингэлэгтэй 40 гаруй үйлчилгээний цэг байлаа.
“Гэрэлт гудамж”-д үзэх зүйл байдаггүй
Цугласан олны сонорыг мялааж, сэтгэлийг цэнгүүлэхээр ирсэн ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн “MGL Brass” хамтлагийн ахлагч Ц.Сүхбатаас “Гэрэлт гудамж”-ны талаарх сэтгэгдлийг нь асуухад “Хөгжмөөс таашаал авах зорилготой их хотын залуустаа амьд хөгжмийн сайхныг мэдрүүлж, Европын соёлыг түгээхээр бид ирсэн. Бид гаднын олон орноор аялан тоглолт хийж байсан. Гадны орнуудын “Гэрэлт гудамж”-ид үзэх харах зүйл үнэхээр их байдаг. Харин манайд эсрэгээрээ байна. Тэгэхээр шинэ залуу уран бүтээлчид болон бусад уран бүтээлчид уран бүтээлээ иргэдэд танилцуулах, бэлтгэл хийх боломжийг гэрэлт гудамжинд олгохыг уриалж байна” гэсэн юм.
Үлээвэр хөгжмийн хамтлагийн хөгжмийн хэмнэлд хурсан олныг гайхширтал бүжиглэдэг залуусын төлөөлөлтэй бид уулзсан юм. “Welcome to Mongolia” бүжгийн хамтлагийн ахлагч Эбагаас “Гэрэлт гудамж”-ны талаарх сэтгэгдлийг нь асуухад “Гудамжны бүжгээр хичээллэдэг залуус чанга хөгжим тавиад бүжиглэх боломж хязгаарлагдмал байдаг. “Гэрэлт гудамж” бий болсноор бидэнд уран бүтээлээ танилцуулах боломж олдсон. Цаашид гэрэлт гудамж илүү гэрэлтэй байгаасай, илүү цэвэрхэн байгаасай, гудамжинд ирж байгаа бусдыг гаднах хувцаслалтаас болж ялгавартай битгий харьцаасай” гэж хүсч байсан юм. Эдгээр залуучуудын хүсэл зорилго гэгээн бөгөөд туйлын бүтээлч санагдсан юм.
“Гэрэлт гудамж бол хулгайчдын өлгий юм байна”
Хоёр талаараа үйлчилгээний чиргүүл, зөөврийн сүүдрэвчтэй ширээ, сандал эгнүүлэн өрсөн гудамжинд хэв журам сахиулахаар цагдаагийн алба хаагчид хоёр хоёроороо эргүүл хийдэг аж.
Испани улсаас Монгол Улсад жуулчилж ирээд ес хонож буй Ханна найзуудын хамтаар гэрэлт гудамжаар аялж яваад үүргэвчээ хулгайд алджээ. Тэрбээр цагдаад гомдол гаргаж байхтай таарсан юм. Түүний орчуулагч “Ханна маш их стресстэй байна. Гудамжны хяналтын камерын бичлэгт хулгайч харагддаг боловч дүрсний нягтрал муугаас болоод хэн болох нь танигдахгүй байна. Гэрэлт гудамжны хяналтын камер ийм муу байгаад итгэж чадахгүй байна. Ханна маш их цухалдаж, Монголын талаар үнэхээр таагүй сэтгэгдэлтэй үлдэж байна” гэсэн юм. Үүргэвчээ алдсан Испани бүсгүй төрөлх хэлээрээ үглэсээр байсныг хараад сэтгэл тавгүйрхэж байсныг нуух юун. Мөн энэ үед цагдаад “Задгай мөнгө өгөөч хэмээн гуйлга гуйж явсан залуу “iphoneХ” утсыг маань хулгайлчихлаа” хэмээн гомдол гаргахаар нэгэн эмэгтэй ирсэн юм. Тэрбээр “Гэрэлт гудамж гэдэг чинь “Гэрэлт гудамж” биш. Энэ бол хүний сайхан сэтгэл, хөнгөн баярыг далимдуулан хулгай хийгчдийн өлгий гудамж” байна гэж бухимдлаа илэрхийлж байв.
Гэрэлт гудамжнаас нэг шөнөдөө дунджаар 60-70 гэмт хэрэг, гомдол мэдээллийн дуудлага хүлээн авч ажилладаг тухай эргүүлийн цагдаа ярилаа. Цагдаагийн албан хаагчтай мөр зэрэгцэн ажилладаг хүн бол дэрсэн хогийн шүүр, түрдэг тэрэг, хүрз барьсан ТҮК-ийн ажилтан байлаа. Гэрэлт гудамжнаас баасан гарагийн оройноос даваа гарагийн өглөө хүртэлх хугацаанд нэг шөнөдөө 4-5 машин хог ачуулдаг гэнэ. Шөнөжингөө үргэлжилсэн архидалт өглөө дуусч, ширээ сандлаа хураагаад явсны дараа, доод хог нь дэндүү их, тамхины иш, нус, цэр, шүлс тамтгаа алдсан байдгийг тэрбээр толгой сэгсрэн ярьж байлаа.
Хөөрхөнтийн хөндийн оркууд
Шөнийн 02:00 цагаас хойш ч гэсэн тус гудамж иргэдэд архи согтууруулах ундаагаар үйлчилдэг аж. Яг энэ үеэс эхлэн согтуу халамцуу хүмүүсийн тоо эрс олширч, энд тэндгүй хашхиралдан, таарсан газраа нус цэрээ хаяж, тамхи зуусан залуучууд дэвийн бузар шингэв үү гэлтэй дур зоргоороо аашилж эхэлсэн юм. Нийтийн эзэмшлийн ногоон бүс рүү бие засч байсан 20 гаруй насны залуу цагдаад баригдангуутаа “Шээгээ л биз тэгээд яах гээд байгаа юм, торгууль төлөх мөнгө байхгүй” хэмээн хэгжүүрхэж зогсох нь ухамсар ёс зүйн хувьд үнэхээр өчүүхэн хүн юм даа гэх бодлыг төрүүлэв. Нийтийн эзэмшлийн зам талбайг гутаасан үйлдлүүд энд олон гардаг аж. Тамхины хяналтын тухай хууль энд хэрэгждэггүй бөгөөд залуус хүссэнээрээ тамхиа баагиулж, дураараа шүлсээ хаядаг аж. “Гэрэлт гудамж” төслийн менежер н.Нямдоржтой уулзаж гэрэлт гудамжны талаар цөөн асуултад хариулт авсан юм.
н.Нямдорж: Нийтийн 00 байрлуулах газар үнэхээр олдохгүй байна
-“Гэрэлт гудамж”-ны энэ жилийн онцлогоос дурьдаач. Өдөрт хэчнээн хүн үйлчлүүлдэг вэ?
-“Гэрэлт гудамж” энэ жил А, Б гэсэн хоёр хэсэгтэй болсон. А хэсэг нь өнгөрсөн жилийн хуучин хэсэг, Б хэсгийг энэ жил шинээр бий болгосон. Анзаарсан бол А хэсэг дээр нэг ч асар байхгүй. Барууны болон Азийн томоохон хотуудын жишигт нийцсэн зөөврийн чиргүүл хоолны машинуудаар үйлчилгээ үзүүлж байна. Цаашид гудамжны хоолны урлагийг Монголд нутагшуулах зорилготой ажиллаж байна. “Гэрэлт гудамж” жуулчдыг татах эерэг хандлага гэж үзэж байгаа. Жуулчид нисэх буудал дээр буугаад Улаанбаатар хотод үзэж харах юм байхгүй тул нэг хоног буудалдаа буугаад хөдөө гардаг байсан. Гэрэлт гудамж нээгдсэнээр энд ирсэн нэг жуулчин дунджаар 10 доллар үрдэг. Нэг сая жуулчин ирвэл 10 сая ам.доллар үрнэ гэсэн үг. Ам.долларыг 2400 төгрөгтэй тэнцүү гэж бодвол 2.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх боломжтой. Зөвхөн жуулчдаасаа л олох орлого юм.
-Үйлчилгээ явуулах зөвшөөрөл хэдэн төгрөг вэ?
-Үйлчилгээний төрлөөс хамааран нэг оройн талбайн түрээс 90-190 мянган төгрөг. Үндэсний хоол хийдэг хоолны газруудыг дэмжих бодлогоор нэгээс хоёр зөвшөөрөл нэмж олгоно. Энэ жилийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгогдож дууссан.
-Гудамжинд бие засах газрын хүрэлцээгүй байдлаас болж хүмүүс нийтийн эзэмшлийн зам талбайд бие засах тохиолдол гарч байгаа нь ихээхэн шүүмжлэл дагуулаад байна. Нэмж бие засах газар байгуулахгүй юм уу?
-Нийтийн бие засах газар хүрэлцээгүй байгаа нь үнэн. Б хэсэгт нийтийн бие засах газар гаргана гэхээр тохиромжтой газар үнэхээр олдохгүй байна. Төслийн багийн зүгээс био 00 суурилуулахаар ажиллаж байна.
-Төслийн багийн менежерийн хувьд хүндрэлтэй зүйлсийг нэрлэвэл?
-“Гэрэлт гудамж” нь шөнийн гудамж. Монголоос бусад улсад 22:00 цагт хүүхдүүд унтсан байдаг. Харин Монголчууд хүүхдээ шөнийн 01:00-02:00 цагийн хооронд мөрөн дээрээ суулгаад, өөрөө тамхилаад явж байдаг. Монголчууддаа хандаж хэлэхэд энэ бол шөнийн гудамж хүүхдэд зориулсан гудамж биш. Тиймээс шөнийн цагаар хүүхдээ битгий дагуулж ирээч гэж хүсч байна.
Цагаан гэгээ хаяарч үүр цайхын алдад хөгжилд яарсан их хотын залуус стресс бухимдлаа тайлж архидсаар, шоудсаар. Шөнийг цэнгэлдээ алжааж ядарсан зарим залуус гэртээ харих тэнхэлгүй сандлын түшлэг налан дуг нойрондоо автсан харагдана. Хэрэглэгч хаан уриатай үйлчилгээний газрууд тасраад унтсан үйлчлүүлэгчээ дулаан бүтээлгээр хучсан нь үйлчилгээний бэлтгэлээ сайтар базаасныг харуулах ажээ. Нөхцөл боломжийг төгс бүрдүүлж өгсөн хотын захирагчийн захирамж нь Монгол Улсын Үндсэн хууль, Зөрчлийн хууль, Тамхины хяналтын тухай хууль гэх мэт олон хуулийг давж хэрэгжиж байна. Харин тус шийдвэрийг биелүүлэхийн тулд төрийн албан хаагчид цурам хийлгүй эргүүл хийж Монгол залуучуудаа хамгаалж байна.