ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Бөхчүүд минь, барилдаж л үзээрэй

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-06-12

Улсын баяр наадам эхлэхэд сарын хугацаа л үлдээд байна. Өдийд бөхчүүд бэлтгэлдээ гарч, уяачид морио сунгаад, харваачид сумаа тавьж байдаг цаг. Гэтэл энэ жил наадам болох нь уу гэмээр ойлгомжгүй нөхцөл байдал үүсээд байдаг. Баяр наадмын комиссын дарга нь ч наадмын талаар бодох сөхөөгүй хэд хоног дотуур хувцасны асуудал шийдэх гэж явав. Азаар өнгөрсөн долоо хоногт аваргуудын төлөөллийг хүлээж авч, бөхчүүдийг наадамд барилдуулах асуудлаар санал солилцлоо. Аваргууд яахав, наадмын үеэр түр зуур “гал зогсоох” хэлэлцээр хийж болно гэж мэдэгдсэн байна билээ.  Ээ дээ, бөхчүүд минь. Тэр дундаа аваргууд, арслан, гарьдууд минь ээ, наадамдаа л барилдаж үзээрэй. Та наргүй бол улсын наадам гэдэг юу болох билээ.  Ямар хэдэн заан, харцага л барилдалтай биш дээ.  

Аягүй бол та нарын эзгүйд шинэ арслан төрж баларна. Тийм болохоор булаацалдаж байгаа зүйлээ түр хойш нь тавиад, биднийгээ хүндлээд барилдчихаарай. Хэрүүл тэмцэл, тал хуваагдал, булаацалдах зүйл байгаа бол наадмын дараа л шийднэ биз. Та нар минь л байхгүй бол төв цэнгэлдэх ханхайгаад, бөх үзэх урам төрөхгүй нь тодорхой. Ядаж байхад ганц хоёр уяач цолоо хураалгаснаас болоод гомдолтой яваа бололтой юм билээ. Гэнэт хурдан морь уралдахгүй болж, уяачид эсэргүүцээд эхэлбэл яана.  Ямар ганцхан сур, шагай үзэж, хуушуур эргүүлэлтэй биш. Ядаж л бөхөө үзэж, аваргуудаа дэмжмээр байна. Тиймээс хоёр бөхийн холбоо “гал”-аа түр зогсоож, бөхчүүдээ барилдуулаад, хажуугаар нь уяачдыг ч аргадчихаарай.  Иргэд бид та нартай юу ч булаацалдахгүй ээ.