ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Чамдаа л гэж эвлүүлсэн сэтгэлээс минь...

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-04-30

Сумын төвд, сургуулийн дотуур байранд, жигнэсэн гурил нь урссан шөлтэй хоолыг нь идэж чадахгүй хоосон хонож явахдаа л би чамайг хайрлаж билээ. Ангийн хүүхдүүд чамин нэртэй пүүз өмсөөд, нэг нэгэндээ гайхуулж явахад би хямдханыг ч болов авах мөрөөдөлтэй байлаа. Тийм л үедээ би чамайг хайрлаж эхэлсэн. Ном унших, хичээлдээ багахан шамдах, бага сагахан урлагийн авьяасаас өөр юу ч үгүй байхдаа би хайрлахын жаргал, шаналал хоёрыг зэрэг эдэлж явлаа. Зарим нэг нь гутлаа чирсэн гэж гоочилж, өсгий нь цоорсон гутлаасаа ичиж алхахдаа би тэдэнд гомдож, харин чамайгаа л хайрлаж явсан. Оюутны хэдэн жил айлд сууж, автобусны мөнгөгүй зүдэрч, өдөр нь ганц бууз идчихэж чадахгүй ходоодоо хонхолзуулж явахдаа чамайг л гэсэн сэтгэлээрээ би өөрийгөө тэнхрүүлдэг байсан.

Тийм л багахан дутуу, их л зүтгэлтэй амьдрал дунд хүн гэж харсан хүн нь чи минь шүү, хань минь. Арчаагүйгээр минь дуудагсад, мөнгөгүйгээр минь адлагсад элдвээр хэлж байхад надад итгэсэн, хайрласан нь бас л чи. Чинийхээ надад итгэсэн итгэл, хайрласан хайраар би өндийж боссон. Гундуухан явахад гутлаа чирсэн гэж адалж, арчаагүйгээр дуудсан болгоны ам руу алгадах хүчийг олж авсан. Чамдаа л гэж цээжиндээ бүтэн шүлэг биччихээд уншиж өгөхдөө би амьдралын шатаар гүйж гарах шидийг олсон юм. Юу ч үгүй явахад надад итгэсэн итгэл чинь юм бүхнийг бүтээх суурь нь байсан. Чи тэр чигээрээ миний мөрөөдөл, яруу найраг, дуулах дуу минь. Одоо ч гэсэн чамайг гэсэн сэтгэл минь хэвээрээ л. Хар нялхаасаа чамдаа л гэж эвлүүлсэн сэтгэлээс минь ганц ч нүд дутаж, булан нь эмтрээгүй. Цалингаа буусан өдөр эртхэн тараад, хүүхдүүддээ, ханьдаа амттан аваад харихдаа би анхны болзоондоо чамайгаа хүлээж байгаа юм шиг догдолдог хэвээрээ шүү. Хоёулаа хамтдаа эвлүүлсэн тэр сэтгэл дээрээ хайртай үрсээ, сайхан амьдралаа, зорилгоо, аз жаргал бүхнээ зурж амьдарна аа, хань минь.