Засгийн газрын хуралдаанаар нэр бүхий 19 аж ахуйн нэгжийн 23 тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэрийг өнгөрөгч долоо хоногт гаргасан. Үүнтэй зэрэгцэн эдгээр уурхайн эзэд “Новотел” зочид буудалд нууц уулзалт хийж байна гэх мэдээлэл соошл орчинд болон зарим мэдээллийн сайтуудаар гарсан юм.
Харин тэрхүү нууц уулзалтад төрийн шийдвэр гаргагч улстөрчдөөс УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа байна гэх мэдээлэл гарсан байдаг /b. Харин мэдээлэл гарсны дараахан эрхэм гишүүн өөрийнхөө гэрээс лайв хийж, “гэр бүлээрээ байна” гэж мэдэгдэв. Тун ч чухал царай гарган, гэрээ тойруулан харуулж, гадна дотноос ирсэн ах дүү нараа хүртэл харуулж барьц алдсан гишүүний дээрх бичлэг цацагдсан даруйдаа л трэнд болох нь тэр. Түүний мэдэгдлийг дуурайсан бичлэгүүд соошл орчинд цацагдаж, хошин шогийн жүжигчид хүртэл сэдэв болгон шүүрчээ.
“Хуульд захирагдаж амьдарна шүү. Хуулийн дор амьдрах ёстой. Худлаа мэдээлэл цацаж болохгүй” хэмээн ихэд ноцтой мэдээлэл хийсэн нь олны доог тохуу болоод л өнгөрлөө. Мэдээж уулзалтад оролцоогүй бол мэдээлэл хийх нь зүйн хэрэг. Гэвч заавал гэр орноо харуулж, элдвийн тайлбар хийж барьц алдах хэрэг байсан юм уу даа, гишүүн ээ. Уулзалтаа тараад оччихсон байсан уу, эсвэл уулзалтад оролцоогүй гэртээ байсан уу гэдгийг лайв хийж нотлох аргагүй билээ. Тэгээд ч “хүн алж, хүрээ талсан” биш тэгтлээ сүржигнэх хэрэг юун. Бизнес эрхлэгчидтэй уулзлаа гээд ардын дайсан болчихдог цөвүүн цаг энэ улсад ирээгүй байлтай.
Уул уурхай гэхээр л ад үздэг, урвагч, хулгайч нар эзэн суудаг гэсэн буруу хандлагаас болж улстөрчид хүртэл баялаг бүтээгчидтэйгээ уулзахаас айдаг, лайв хийж арьсаа хамгаалдаг цөвүүн цаг ирэх юм гэж хэн мэдлээ. Эр хүн шиг бай, гишүүн ээ. Энэ улс чинь ардчилсан улс. Хэнтэйгээ хаана уулзаж, ямар сэдвээр хэрхэн ярилцах нь чөлөөтэй биз дээ. Тиймээс хэнтэй уулзсан, хэнтэй уулзаагүйгээ нотлох гэж, эсвэл булзах гэж барьц алдаж, бусдын амны зугаа болох хэрэг байхгүй юм. Танай нам ийм нийгмийг бий болгоогүй гэж найдаж байна шүү.