ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

А.Оргилсайхан: Налайхын замын ажил 40 хувьтай байна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-08-27


Улсын хэмжээнд зам, бүтээн байгуулалтын томоохон ажлууд өрнөж байна. Харин Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх замын ажил  ямар шатанд үргэлжилж байгаа талаар Нийслэлийн авто замын хөгжлийн газрын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн А.Оргилсайханаас тодрууллаа.


 

-Налайх-Чойрын уулзвар хүртэлх замын ажил  эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Өнөөдрийн байдлаар гүйцэтгэл хэдэн хувьтай үргэлжилж байгаа вэ?
-Гадаадын зээлийн хөрөн­гөөр хэрэгжүүлж буй томоо­хон төслийн нэг болох Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүр­тэлх 20.9 километр авто замын өргөтгөл, шинэч­лэл­тийн  ажил үргэл­жил­сээр байгаа. Төс­лийн бэлт­гэл ажлынхүрээнд түр замын барилгын ажил, инженерийн шугам сүл­жээ­ний ажил, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний чиглэлд өөрчлөлт оруулсан. Улмаар түр замаар тодорхой хязгаартайгаар зорчуулах ажлуудыг тус тус зохион байгуулсан. Тус замын үндсэн чиглэлийн хөдөлгөөнийг 2019 оны аравдугаар сард нээхээр график төлөвлөгөө гарган ажиллаж байна. Нийт ажлын явц наймдугаар сарын 26-ны байдлаар 40 хувьтай байгаа бөгөөд энэхүү төсөл нь цогц зам гэдгээрээ онцлогтой юм. Энэ төсөл нь Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, Нийслэлийн Засаг даргын үйл ажил­лагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй 60 гаруй жил болсон хуучин  хоёр  эгнээ 20.9 километр авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөж шинэчлэх ажил юм.  

-Цогц зам гэхээр гэрэлтүүлэг,  явган хүний болон дугуйн зам давхар баригдана гэсэн үг үү?
-Тийм ээ. Төслийн ажлын хүрээнд 20.9 км авто зам, нүхэн  гарц суурьшлын бүс дагуу явган хүний болон  дугуйн зам, явган хүний гүүр,  хамгаалалтын аюулгүйн тусгаарлах зурвас, нийтийн тээврийн зогсоол, ус зайлуулах байгууламж, гэрэлтүүлгийн ажлуудыг  график төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэнэ. Одоогийн байдлаар 38 ус зайлуулах хоолой ажиллуулж дууссан. Гурван нүхэн гарц барихаас хоёр  нь 100 хувь дууссан бол нэг нь 92 хувьтай байна. 

-Замаас гадна Хөлийн голын гүүр  барих ажлыг давхар хийж байгаа. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Хөлийн голын гүүр барих  ажил олон хоног үргэл­жил­сэн борооны улмаас удаа­шир­сан.  Технологийн горим алдагдуулахгүйн тулд бороо­той үед хийх­гүй байгаа юм. Гэхдээ үндсэн гүйцэтгэлийн төлөвлөгөөнөөс хоцроохгүйн тулд  бусад ажлуудаа нөхөж хийх  маягаар ажиллаж байна. Мөн бороогүй өдрүүдэд ажлаа шахаж байна. Ер нь илүү цагаар, маш шахуу ажиллаж байгаа  шүү дээ.

-Одоо дөнгөж 40 хувийн гүйцэтгэлтэй гэхээр энэ жил амжих уу?
-Аравдугаар сард 20.9 километр замын хучилтыг хийж, үндсэн хөдөлгөөнийг ямар ч байсан нээнэ. Гэхдээ 2020 онд дугуй зам, гэрэлтүүлэг зэрэг бусад ажлуудаа хийхээр төлөвлөсөн. Налайхын замыг шинэчилсэнээр алслагдсан дүүргийг нийслэлтэй холбох,  төвийн бүсийн  авто замын сүлжээг өргөтгөж, замын хөдөл­гөө­ний нэвтрүүлэх чадвар, аюулгүй байдлыг нэмэг­дүүлэх, хотын түгж­рэл, агаарын бохирдлыг бууруулах, зорчигч тээврийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцлийг хангах зэрэг олон талын давуу тал  бий болох юм.  Мөн босоо тэнхлэгийн авто зам буюу Алтанбулаг-Улаан­баатар-Замын-Үүд  чиглэлийн автозамын транзит ачаа тээврийг нэвт­рэн өнгөрүүлэх чадварыг дээш­лүү­лэх боломжтой гэж харж байгаа. 

-Төслийн гүйцэтгэгч болон туслах компаниуд ажлаа хэр хийж байгаа вэ. Нийслэлийн Засаг дарга Налайхын ажилгүй иргэдийг ажиллуулах үүрэг өгч байсан шүү дээ?
-Төслийн гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Синохайдро Лимитед Корпорейшн” ХХК ажиллаж байгаа. Харин туслан гүйцэтгэгч гурван монгол компани ажиллаж байна. Тухайлбал, “Тэгштплант ХХК”, “Гашууны гол” ХХК, “Дархан-Говь”” ХХК-д нийт монгол, хятад нийлсэн 323 инженер техникийн ажилчид, 153 машин механизм, техник тоног төхөөрөмжтэйгөөр төслийн ажлыг гүйцэтгэж байна. Замын ажилд одоо­гоор ямар нэгэн асуудал гараагүй байна. Налайх дүүргийн иргэдийг  ажлаар хангаж байгаа.