Улсын баяр наадамд ес даван түрүүлж, аварга цол хүртсэн Э.Оюунболдоос сэргээш илэрсэн байж магадгүй гэсэн мэдээлэл гарсан. Гэвч Э.Оюунболд аварга энэ мэдээллийг эрс үгүйсгэж, түүнийг хорлож байна гэсэн тайлбар хийсэн юм. Харин өчигдөр Үндэсний бөхийн салбар хорооноос улсын баяр наадамд түрүүлсэн Э.Оюунболдоос Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан “Хориглосон жагсаалт 2019”-д орсон S1.1A бүлгийн Станазол, S4 бүлгийн мелдониум, S5 бүлгийн гидрохлортиазид, хлориазид хэмээх дөрвөн төрлийн бодис илэрснийг зарлалаа. Тэрбээр журамд заасан хугацаанд Б сорьцоо шинжлүүлэх хүсэлтийг “Допингийн эсрэг үндэсний төв”-д гаргаагүй юм байна. Тиймээс өчигдөр ийн албан ёсоор сэргээш илэрснийг нь олон нийтэд зарлалаа.
Э.Оюунболд 2013 онд 20-хон насандаа улсын баяр наадамд зургаа давж, харцага цол хүртсэн. 2015 онд ес даван түрүүлж, улсын арслан цол хүртсэн залуу хүчтэн. Ж.Мөнхбат аваргаас хойш 22-хон насандаа улсын наадамд түрүүлсэн амжилтыг Э.Оюунболд үзүүлсэн. Түүнийг аварга цолонд хүрч, улсын баяр наадамд хэд хэд түрүүлэх боломжтой, хүчтэй, баяртай, уран барилдаантай бөх хэмээн ард түмэн үнэлж, аварга цол авахыг нь хүлээсээр ирсэн. Тэр хүлээлтийг эцэслэж, өнөө жилийн баяр наадамд бүх өрсөлдөгчөө хялбархан давж, түрүүлсэн. Гэвч ард түмний хүндэлдэг залуу хүчтэн сэргээш хэрэглэж, үнэнч шударгаар барилдаж байгаа бөхчүүдийн амжилтаас хойш татсан нь ил боллоо. Дагестан явж хүчний бэлтгэл хийсэн, жин хассан гэсэн мэдээлэл ч гарсан.
Бэлтгэлээ эрчимтэй базаасан учраас аргагүй сайн барилдлаа гэж хүн бүр бахархаж байтал ард түмний итгэлийн өөдөөс тэр сэргээшээр хариу барилаа. Одоо журмын дагуу түүний цолыг хураах байх. Харин үзүүрлэсэн Н.Батсуурь аваргад Даян аварга цол олгох уу гэдэг асуулт хариулт нэхэж үлдэх нь. Шөвгийн дөрөвт Э.Оюунболдод өвдөг шороодсон Ц.Содномдорж арслан үзүүр түрүүнд үлдсэн бол түрүүлэхгүй гэх газаргүй байсан. Мөн долоогийн даваанд Э.Оюунболдод өвдөг шороодсон Д.Анар харцагыг яах билээ. Цаашаагаа сайн барилдаад, түрүүлэхгүй гэх газаргүй. Наадам ингэж л будилж, бэлтгэлээ эрчимтэй хийж байгаа бөхчүүдийн амжилтыг нэг сэргээшчин бөх хумсалчихлаа.