ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сонгинохайрханчуудын олон жилийн мөрөөдөл биелэх нь

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-08-29

Одоогоос хэдхэн сарын өмнө Сонгинохайрхан дүүр­гийн иргэд гэрийнхээ гадаа нийтийн номын сантай болж, хүүхдээ салхилуулах зуураа ном унших боломжтой болсон талаар бид мэдээлж байсан билээ. Тэгвэл өчигдөр тус дүүрэгт дахиад нэг томоохон бүтээн байгуулалтын ажил эхэлж, есөн давхар 250 ортой нэгдсэн эмнэлгийн шавыг тавилаа. Монголын хүн амын 10 хувь буюу 330 мянган хүн амтай тус дүүргийн нэгдсэн эмнэлэг хүчин чадлаасаа хэд дахин их ачаалалтай ажилладаг болохыг эмч мэргэжилтнүүд нь учирладаг. Тэгвэл энэхүү эмнэлэг ашиглалтад орсноор эмнэлгийн ачаалал 50 хувь буурах боломжтой гэдгийг тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ж.Болортуяа онцлов. Шинэ нэгдсэн эмнэлгийг тус дүүргийн Эрүүл мэндийн 14 дүгээр төв буюу Цамбагаравын нэгдсэн эмнэлгийн ард барихаар Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав тэргүүтэй албаны хүмүүс болон иргэдийн төлөөлөл  цугларч өчигдөр шавыг нь тавив.

30 гаруй жилийн турш эмч мэргэжилтэн, ард түмний шинэ эмнэлэгтэй болох мөрөөдөл биеллээ оллоо гэдгийг эмнэлгийн дарга онцолж, шинэ эмнэлэг барих төсвийг улсын төсөвт суулгуулж чадсан УИХ-ын гишүүн Ц.Гарамжавт талархсанаа илэрхийлж байлаа. Хамгийн олон хүн амтай энэ дүүргийн эрүүл мэндийн төв хүчин чадлаасаа хэд дахин илүү ачаалалтай ажилладаг ч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүссэн иргэдэд бүгдэд нь хүрч үйлчилж чаддаггүй. Тиймээс бусад дүүргийн эмнэлгүүд рүү өвчтөнөө илгээж, ачааллаа зохицуулсаар өнөөдрийг хүрчээ. Тэгвэл Ц.Гарамжав гишүүний санаачилгаар баригдах нэгдсэн эмнэ­лэг ашиглалтад орсноор дүүргийнхээ өвчтөнүүдийг бусад дүүргийн эмнэлэгт шилжүүлэх, иргэдэд хүндрэл учруулах асуудал нэг талдаа гарна гэдгийг Эрүүл мэндийн төвийн дарга Ж.Болортуяа мэдээлсэн юм. Шинэ нэгдсэн эмнэлэг 2020 оны аравдугаар сар гэхэд ашиглалтад орох юм байна. Барилгын ажлыг “Хөх бүрдний эх” ХХК гүйцэтгэхээр өчигдрөөс ажлаа хүлээж авав. Тус компанийн Захирал Н.Энхтайван “2020 оны аравдугаар сарын 25 гэхэд барилгыг хүлээлгэж өгөхөөр гэрээнд тусгасан бөгөөд энэ хугацаанд багтаан, чанарын өндөр түвшинд гүйцэтгэж хүлээлгэн өгнө” гэдгээ энэ үеэр мэдэгдлээ. 

Дүүргийн иргэдийн хамгийн тулгамдсан асуудал болох эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж тус эмнэлэг баригдсанаар шийдэгдэнэ гэдгийг дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн онцолж байлаа. Тэрбээр энэ талаар хэлэхдээ “Шинэ эмнэлэг баригдсанаар дүүр­гийн хэмжээнд 20 ортой мэс заслын тасаг нэмэгдэнэ. Одоо мэс заслын  зарим ажилбаруудыг хувийн эмнэлэгтэй гэрээ байгуулах замаар шийдвэрлэдэг. Мөн бөөрний аппаратны, хими эмчилгээний, хавдрын тасгууд нээгдэх юм. Энэ жилийн сүүлээр хүүхдийн нэгдсэн эмнэлэг ашиглалтад орно. Ингэснээр хүүхдийн хэвтэн эмчлүүлэх ор 160 орчмоор нэмэгдэнэ. Ингэснээр эмнэлэгт хэвтэх­ээр дугаарладаг байдал бүр мөсөн шийдэгдэхгүй ч багасна. Сүүлийн 20 гаруй жилийн турш манай дүүрэгт эмнэлэг баригдаагүй. Энэ жил эмнэлгийн өргөтгөлийн барилгатай нийлээд хоёр шинэ эмнэлэгтэй болж байна.  Нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн барилга энэ ондоо багтаад ашиглалтад орох төлөвтэй байгаа. Мөн Баянхошуунд ахмад­ын эмнэлгийн өргөтгөлийн барилга  жил ашиглалтад орчих байх. Ерөнхийдөө гурван шинэ эмнэлгийн асуудал шийдэгдэж байна” гэв. Шинэ нэгдсэн эмнэлэг ашиглалтад орсноор шинээр 200 ажлын байр бий болох аж. Үүн­тэй холбогдуулан дүүргээс хөрөнгө гаргаж, эмч нарыг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулж эхэлжээ. Эмнэлгүүд нэмэгдэж байгаатай холбогдуулан мэргэжлийн боловсон хүчний асуудлыг хоёр жилийн өмнөөс бэлтгэж эхэлсэн гэдгийг дүүргийн Ж.Сандагсүрэн дарга онцолсон юм. 

Шинэ эмнэлэгтэй болох асуудлыг Сонгинохайрхан дүүргийн иргэд төрд төлөөлөл болсон үе үеийн УИХ-ын гишүүдэд тавьсаар ирсэн ч бодит ажил болж амжилгүй 20 гаруй жилийг үдэж. Олон жилийн турш хүлээлт үүсгэсэн энэ асуудлыг Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Гарамжав гардан хөөцөлдөж, эмнэлэг барих төсвийг улсын төсөвт суулгуулсан байна. Энэ талаар Ц.Гарамжав гишүүн хэлэхдээ “Эмнэлэг барих төсвийг анх 8.6 тэрбум төгрөгөөр баталсан юм. Шалгаруулалтын үйл ажиллагаа явагдаад төсөв нь тодорхой хэмжээгээр хасагдаж, найман тэрбум гаруй төгрөг төсөвлөгдсөн. Монгол Улсын хүн амын 10 хувь нь зөвхөн энэ дүүрэгт байна. Тэгэхээр нэг хүнд ногдох эрүүл мэндийн үйлчил­гээний хүртээмж хаанаа ч хүрэхгүй. Иргэд олон жил хүсэлт гаргаж ирсэн бөгөөд У.Хүрэлсүх сайдын Засгийн газрын үед төсвийг баталж, энэ асуудлыг шийдвэрлэ­лээ. Тендер шалгаруулалтын ажил саяхан дуусч, өнөөдрөөс барилгын шавыг тавьж, шанг нь татлаа. Ирэх жил гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа” гэсэн юм. Сонгинохайрханчуудын олон жилийн мөрөөдөл биелж, ирэх онд шинэ эмнэлгээ хүлээж авах юм байна.