ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Ширүүн гар”

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-08-29

“Буян”-гийн Жагаа гэхээр захын хүн л “Аан нөгөө ширүүн гар уу” гэж асуух нь тодорхой. Тийм ээ, тэр “ширүүн гар”. Бизнес, улс төрийн аль алинд нь ч ширүүн нөхөр. Хаа таарсан газраа хэнийг ч загначихна. Ад үзэгдэж байсан ч тоохгүй. Улс төрийн ямар ч хурал болсон нөгөө л Жагаа оччихсон загнаж харагдана. Эдийн засгийн хурал ч Жагаагүй бол тиймхэн. Ерөнхий сайд, Ерөнхийлөгчөөс нь эхлээд загнахгүй хүн түүнд алга. “Алгаа ташаач та нар” хэмээн баахан дарга нарыг бажгадуулж байсан бичлэг ч бас бий. Төрөлхийн гэмээр энэ ёдор ааштай “өвгөн”-д загнууллаа гээд гомдох хүн байхгүй нь хачин. “Жагаа тэгж л байдаг юм.

Нөгөөх чинь дахиад л балайраад эхэлжээ” гэсэн үл тоосон, эсвэл үл ялиг хүндэлсэн үг унагадаг. Гэвч “Будаач, будаач гэхээр сахлаа будна” гэгчээр юм бүхэнд үнэнийг хэлдэг, шударга хэмээн магтах тусам мань хүн юу хэлэх, юу ярихаа ч мэдэхгүй болж эхлэв шүү. Хоёр хоногийн өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүх бизнес эрхлэгчидтэй МҮХАҮТ-д уулзалт хийв. Б.Жаргалсайхан ч тэнд оччихсон үг хэлж байх юм. Тэрбээр, “Хөдөөгөөр дүүрэн торгонд хөлбөрч, тос өөх идсэн малчид хийх ажилгүй, татвар төлөхгүй давхиж байна. Болоогүй хүүхдүүдээ бүгдийг нь хот руу явуулчихсан. Тэгээд өөрсдөө приус авч унаад өвөлдөө хотод ороод ирчихнэ. Их хотыг энэ зэрэгт хүргэх гэж насаараа татвар төлсөн унаган бид хаачих вэ. Саран дээр очиж амьдрах уу” хэмээн даналзсан нь халуунд халж, хүйтэнд хөрч, амьдралын төлөө зүтгэж яваа малчдад лав таалагдсангүй.

Б.Жаргалсайхан өөрөө бизнесмэн хүн. Малчдын өсгөж буй ямааны ноолуураар л тэр өнөөдрийн энэ өндөрлөгт хүрч, үгийг нь хүмүүс сонсдог болсон юм. Тиймдээ ч идэж байгаа тогоо руугаа нулимдаг муухай монгол хүн гэдгээ харуулчихлаа. Түүний хэлсэн үгэнд үнэний хувь байсныг үгүйсгэхгүй. Хөдөө ажил байхад хотод шигдчихээд ажилгүй байгаа залуус олон бий. Тэднийг аймгийн Засаг даргынх нь гараас хөтлүүлээд явуул гэдэг үг хатуу боловч үнэн л сонсогдлоо. Гэвч дүрдээ хэт итгэж, эгэл жирийн хөдөлмөрлөж, яваа малчдыг гомдоох хэрэг байхгүй билээ. Жаргаж яваа малчдаас илүү зовлон үзэж, зогсолтгүй хөдөлмөрлөж байгаа малчид илүү их гэдгийг хөдөө очоод үзвэл мэднэ дээ, та.