Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхэд даатгалын цэнхэр дэвтрээ үзүүлэх шаардлагагүй болжээ. Энэ талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Мэдээлэл технологийн хэлтсийн дарга Х.Бат-Оргилоос тодрууллаа
-Иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад цэнхэр дэвтрээр үйлчлүүлэхээ больжээ. Энэ талаар манай уншигчдад дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Эрүүл мэндийн даатгалын цахим системд эрүүл мэндийн даатгалын санг бүрдүүлж буй даатгал төлөгчдийн шимтгэлийн мэлээллийг бүрдүүлсэн. Ингэснээр эрүүл мэндийн байгууллагууд иргэдээс заавал цэнхэр дэвтрийг шаардахгүй гэсэн үг. Тухайн иргэний регистерийн дугаараар эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн, эсвэл төлөөгүй гэх зэрэг бүх мэдээллүүд цахим системд гарч ирнэ. Энэ мэдээллийг манай байгууллагаас 2019 оны нэгдүгээр сараас эхлэн эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагуудад чиглэл хүргүүлсэн. Мөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар 2018 онд эрүүл мэндийн даатгалын цахим системийг нэвтрүүлсэн. Шинэ цахим системээр хөнгөлөлттэй эмийн жор, Элэгний В,С илрүүлэх, баталгаажуулах шинжилгээг бүртгэх хянах, Өрх сум тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх тусламж, үйлчилгээ мөн “Урьдчилан сэргийлэх үзлэг”-ийг бүртгэх хянах, тайлагнах зэрэг тус тус ЭМД-ын тусламж, үйлчилгээг даатгуулагч иргэдэд түргэн шуурхай хүртээмжтэй хүргэж байгаа.
-Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөөгүй олон иргэн байгаа байх. Тэдгээр хүмүүсийн мэдээллийг цахим системд бүртгэх үү?
-Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлөөгүй иргэн эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах, аливаа тусламж үйлчилгээг авах боломжгүй. Нэг зүйлийг анхааруулж хэлэхэд, иргэд заавал өвдсөн үедээ эрүүл мэндийн даатгал төлнө гэхээс илүү, өвдөхөөсөө өмнө төлөх нь чухал байна. Эрүүл мэндийн даатгалын хуулийн шинэчилсэн найруулгаар, эрүүл мэндийн даатгал нь албан журмынх болсон. Хэрэв та Монгол Улсын иргэн л бол албан журмын даатгалд заавал хамрагдах ёстой. Иргэд эрүүл мэндийн даатгалд хамрагдахын тулд тухайн оны төлөөгүй шимтгэлээ хөдөлмөрийн хөлсний доод хэмэжээний тодорхой хувиар тооцож төлнө. 2019 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320 мянган төгрөг болсон. Үүнтэй холбоотойгоор даатгуулагч эрүүл мэндийн даатгалд сард 3200, жилд 38400 төгрөг төлнө.
-Регистерийн дугаараар үйлчлүүлснээр эрүүл мэндийн даатгалын дэвтэр ашиглалтаас гарч байна гэсэн үг үү?
-Ер нь бол эрүүл мэндийн дэвтрээ биедээ авч явах шаардлагагүй. Гэхдээ зарим тохиолдолд, жишээ нь, хувиараа даатгуулагч 2019 оны эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төллөө гэхэд орлогыг нь төвлөрүүлж байгаа ажилтнууд ногдлын үүсвэрийг нь үүсгээгүй байвал цахим системд 2019 оны даатгалын төлөлт харагдахгүй гэсэн үг. Тиймээс эрүүл мэндийн даатгалын дэвтрээ үзүүлэх боломжтой тул цэнхэр дэвтэр ашиглалтаас гарахгүй. Аль алинаар нь л үйлчлүүлэх боломжтой. Цахим бүртгэлийн лавлагаанаас таны орлогын баримт харагдаж байвал иргэн эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэх эрх нь нээлттэй.