ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

С.Дорждэрэм: 972 айлын орон сууц бэлэн болсон

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-08-30

НОСК-ийн “Буянт –Ухаа”  972  айлын орон сууцанд түрээсийн болон,  түрээслээд өмчлөхтэй холбоотой бүртгэл явагдаж дууссан.  Бүртгүүлсэн иргэдийн материалыг үндэслэн сонгон шалгаруулах комисс хуралдаж, журамд заасны дагуу эрэмбэлсэн аж. Бүртгэлтэй холбоотой асуудлаар НОСК-ийн дэд захирал С.Дорждэрэмээс тодрууллаа.

-НОСК-ийн “Буянт –Ухаа”  972  айлын орон сууцанд түрээсийн болон,  түрээслээд өмчлөхтэй холбоотой цахим бүртгэл дууслаа. Бүртгэлийн явцын талаар  мэдээлэл өгөөч? 
-2019 оны долдугаар сарын 4-ний өдөр НИТХ-аар зорилтот бүлгийн иргэдийг Түрээсийн орон сууцад хамруулах журмыг батлуулсан байдаг. Уг журмынхаа дагуу НОСК ажиллаж байгаа. Долдугаар сарын 22-оос наймдугаар сарын 5-ны өдөр хүртэлх хоёр долоо хоногийн хугацаанд цахим бүртгэлийг нийслэлийн иргэдэд нээлттэйгээр явуулсан. Энэхүү цахим бүртгэлд найман ангиллын 16 төрөлд нийтдээ  35058 иргэн бүртгэлд хамрагдсан байна. Эдгээрээс  60 хувь нь буюу 580 айл нь энгийн түрээс болон, түрээслээд өмчлөх хэлбэрээр,  харин үлдсэн 40 хувь буюу 390 айл газар чөлөөлөлтөд хамрагдаж  орон сууцанд  орох учиртай. Сонгон шалгаруулалтыг Нийслэлийн Засаг даргын зөвлөл дэх орон сууцны  комиссын оролцоотойгооор  наймдугаар сарын 7, 8 –ны өдрүүдэд хэвлэл мэдээллийнхэн, хууль хүчний байгууллагынхан, зарим ТББ, иргэдийн оролцоотойгоор  шударга нээлттэй, заасан журмын дагуу, үзүүлэлт нэг бүрээр сонгон шалгарууллаа. НОСК-ийн сайт дахь ногоон өнгөөр тэмдэглэсэн нь тэнцсэнийг зарласан гэж ойлгож болно. Эхний шалгаруултад тэнцсэн иргэдийн дахин шалгаруулалтыг наймдугаар сарын 19-23-ны өдрүүдэд хоёр “Нэг цэгийн үйлчилгээ”-ээр дамжуулан цаасан материал авсан. Энэ долоо хоногт манай ажилтнууд цахим бүртгэл дахь мэдээлэл, цаасаар ирсэн мэдээллүүд хоорондоо хэр нийцэж байгаа эсэхийг нягтлах юм. Өнөөдөр /өчигдөр/ комисс хуралдаж, хоёр асуудлыг шийдэх юм. Хэрвээ хоёр материал хоорондоо зөрөөгүй байвал эцэслэн батална гэсэн үг. Батлагдсан тохиолдолд НОСК-тай гэрээ хийж,  байр, талбай,  давхраа сонгоно. Материалаа буруу бүрдүүлж өгсөн хүн шууд хар жагсаалтад орж байгаа. Жишээлбэл, 34 жил ажилласан гэж бөглөчихөөд, 34  жил ажилласан гэж хуурамч материал бүрдүүлсэн бол  хар жагсаалтад  орно гэсэн үг. 

-Комиссын хуралдаанаар өөр ямар асуудлыг шийдэх вэ? 
-Гамшигт нэрвэгдэж орон гэргүй болсон иргэдийн ангилалд шалгаруулахад нилээн ярвигтай байсан. Өнөөдөр комиссоор эцэслэн шийдвэрлэж,  квотын дагуу тэнцсэн 30 айлын гамшигт нэрвэгдсэн иргэдэд орон сууцны материал бүрдүүлэх ажил  үргэлжилнэ.  Мөн эхний шалгаруултад тэнцсэн иргэд цаасан материалаа өгөөгүй байгаа бол зарим нь зөрүүтэй,  шаардлага хангахгүй байгаа. Энэ бүхний тоог энэ сарын 30-ны өдөр тодорхой болгоно. Тиймээс дараагийн цэнхэр дэвсгэрт хамгийн эхэнд байгаа иргэд рүү утсаар мэдээлэл өгч материалаа бүртдүүлж эхлэх юм. 

-Журам батлагдсанаас хойш мэдээ мэдээлэл их цацагдсан.  Гэхдээ одоог хүртэл зарим  иргэдийн дунд мэдээлэл дутуу хүрч байна. Үүнээс болж зарим нэг төөрөгдөл ч үүсээд байх шиг. Тухайлбал, орон сууц бэлэн болсон, болоогүй гэх мэтээр ойлгомжгүй байна шүү дээ?
-Бүх барилга, инженерийн байгууламжийн ажил хийгдэж дууссан бөгөөд 972 айлын орон сууц бэлэн болсон. Зөвхөн улсын комисс хүлээж авах дутуу байна. Эдгээр 972 айлын орон сууцын 60 хувь буюу 580 айлыг энгийн түрээс болон, түрээслээд өмчлөх гэсэн хэлбэрээр 30, 30  хувиар хуваарилж байгаа. Найман ангиллаар квотын дагуу явж байна. Үлдсэн 390 айл нь газар чөлөөлөлтөөр  олгогдоно. Орон сууцыг  газраар чөлөөлөх журмыг боловсруулж дууссан. Ирэх долоо хоногт олон нийтэд журмаа танилцуулна. Анх удаа орон сууцаар газар сольж, анх удаагаа түрээслээд өмчлөнө гэдэг  хэлбэрийг хэрэгжүүлж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Өнөөдөр хуралдаад, тэнцсэн иргэд шууд батламжаа авч  орон сууц хуваарилалтдаа орж эхэлнэ. 

-Хар жагсаалтад орсон иргэд дахин бүртгүүлэх боломжгүй гэсэн үг үү? 
-Хар жагсаалтад орсон  иргэд дахин НОСК-иас хийж буй үйл ажиллагаанд орох эрхгүй болно гэсэн үг. 

-Хэдэн айл орсон бэ? 
-Хар жагсаалтад орсон иргэдийн тоо одоогоор гараагүй байгаа. Комиссын хурлаар шийдэгдэнэ. 

-Гамшгийн улмаас орон гэргүй болсон иргэдэд орон сууц хуваарилах ажил хэрхэн хийгдэж байгаа вэ гэдгийг иргэд их сонирхож байгаа байх? 
-Гамшигт нэрвэгдсэн иргэдийнх бусад ангиллаас нилээд онцлог  байна. Учир нь тухайн айл гамшигт нэрвэгдсэн гэдгийг тухайн үеийн Онцгой байдлын газар болон  бусад байгууллагаас тодорхойлж, акт үйлддэг юм. Түүнийг нь үзээд цаг хугацааны дарааллаар, учирсан хохирлын хэмжээгээр нь эрэмбэлнэ.  1990 оны мөнгөн дүн, өнөөдрийн  мөнгөн дүн эрс  ялгаатай шүү дээ.Тиймээс материал ирүүлсэн айл бүрийн материал нэг бүрийг шалгаж, ярилцаад эхний шалгаруулалт хийгдсэн байгаа. Комиссын хурлаар 30 айл зарлагдана гэсэн үг. 

-Айлуудын материал бүрдүүлэлт удаан үргэлжиллээ шүү дээ?
-Төлөвлөгөөний дагуу л явж байна. Журманд гурав хоногт багтаж иргэдийн  мэдээллийг  эх хувиар нь авна гэж байсан ч боловч, тав хоног болсон. Нэг хүний материал гэхэд ном шиг маш зузаан байгаа учир нэг бүрчлэн үзэж, цахим бүртгэлтэй нь тулгахаар цаг хугацаа их шаардагдаж байна. Хурлаас өмнө ямар ч байсан дуусгана.  

-Нээлттэй явагдаж байгаа гэлээ. Нээлттэй гэдгийг хэрхэн батлах вэ?
-Хэн нэгэнд давуу эрх олгох ямар ч боломж байхгүй. Цахим бүртгэл түүнтэй холбоотой сонгон шалгаруулалтыг  иргэд  олон нийтээс гадна, хууль хяналтын байгууллага  хянаж байна. Өөрөөр хэлбэл, АТГ,  ТЕГ, ЦЕГ тодорхой хэмжээгээр хамтран ажиллаж байгаа.