Шашны итгэгчээс тэмцэгч болох замыг сонгосон 23 настай залуухан тэмцэгч Жошуа Вонгийг энэ дугаарын “Өдрийн хүн”-ээр нэрлэж байна. Хонконгийн ардчилсан хөдөлгөөнийг тэргүүлж буй Жошуа Вонг нь 13 настайгаасаа нийгмийн идэвхтэн болжээ. 14 настайдаа дунд сургуульдаа хөдөлгөөн зохион байгуулж, сургалтын хөтөлбөрийг эсэргүүцэж байсан бөгөөд “Time” сэтгүүлээс түүнийг оны хамгийн нөлөө бүхий өсвөр үеийн алдартан хэмээн нэрлэж байсан юм. Тэр 2014 онд оюутан байхдаа Хонконгийн “Шүхэртэй хувьсгал” гэх томоохон тэмцлийг эхлүүлж, “Сколаризм” гэх хөдөлгөөнийг удирдаж байв.
Харин одоо “Демосисто” намыг байгуулж, өөрөө нарийн бичгийн даргаар нь ажилладаг бөгөөд гэмт хэргийн сэжигтнийг Хятад руу шилжүүлж шүүлгэх хуулийн төслийг эсэргүүцсэн жагсаал өдгөө дэлхий нийтийн анхаарлыг татаад буй юм. Хэдийгээр Хятад улс энэ хуулийг буцаасан ч залуусын эхлүүлсэн эсэргүүцлийн жагсаал намдахгүй байгаа учраас өнгөрөгч долоо хоногт жагсаал зохион байгуулагч Жошуа Вонг, Агнес Чоу нарыг баривчилсан юм. Түүний эцэг нь “АйТи”-гийн мэргэжилтэн бөгөөд хүүгээ багаас нь хэцүү амьдралтай хүмүүсийн гэрт дагуулан очдог байсан гэдэг.
Залбирах нь энэ нийгмийг өөрчлөх гарц биш гэдгийг ойлгосон залуу хүү тэмцэгч болж, олон нийтийг уриалан дуудаж эхэлсэн нь энэ ажээ. Түүнийг 2017 онд Нобелын шагналд хүртэл тодорхойлж байсан бөгөөд амьдралаас нь сэдэвлэсэн баримтад кино ч олон нийтэд хүрсэн байдаг. Ардчилал, хүний эрхийн төлөө тэмцэгч залууг дэлхийн хамгийн алдартай лидер хэмээн тодорхойлж, үзэл бодлыг нь дэмжих хүмүүс ч хэдэн зуугаараа байдаг аж. Талибанчуудтай тэмцэгч пакистан охин Малала Юсуфзайгийн дараа орох дэлхийн хамгийн залуухан тэмцэгч нь тэр болж байна.