ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Онцгүй” дарга

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-09-05

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, тус газрын дэд дарга, бригадын генерал Г.Арвинбуян тэргүүтэй албан тушаалтнуудад холбогдох хэргийг Авлигатай тэмцэх газар шалгаж байлаа. Тэгвэл хэргийг АТГ шалгаж дуусаад, хөрөнгө завшсан найман үйлдэл нь тогтоогдсон гэж үзсэн талаар зарим хэвлэл мэдээлэв.  АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүүгээс энэ талаар тодруулахад “Найман үйлдэл гэдгийг нь мэдэхгүй. Манайх буруутай, буруугүйг тогтоодог газар биш. Ямар ч байсан тэдэнд холбогдох хэргийг шалгаад, шүүхэд шил­жүү­лэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн”.  

Т.Бадрал генерал өөрөө дөрөв­дүгээр сарын 30-ны өдөр хэвлэлд “Хөгжлийн банк­ны зээ­лээр ОБЕГ тоног төхөө­рөмж авсан. Тоног төхөө­рөм­жийг үнэтэй авсан гэсэн асуу­дал яригдсан. Би тоног төхөө­рөмж авсныг зөв гэж бодож байгаа” хэмээжээ. Тэг­вэл АТГ шалгаад, прокурорт шил­жүүл­чихэж. Шүүхэд шил­жүүлэх саналтайгаар шүү. Онцгой байдлынханд машин, тоног төхөөрөмж, хувцас хэрэглэл гээд юу эс хэрэгтэй байгаа билээ. Гал сөнөөгчид, аврагчид бүрэн бус техник хэрэгсэлтэй, дэгсдүүлсэн хүнд улаан гараараа, махан биеэрээ л аюулын өөдөөс сөрж байгаа. Гэтэл удирдаж байгаа дарга нь иргэдийн аюулгүй байдлын төлөө амь хайргүй тэмцэж байгаа аврагчид, гал сөнөөг­чиддөө хэдэн тоног төхөө­рөмж авахдаа дундаас мөнгө хумсалсан хэргээр шал­гуулж байх юм.

Зарим хэв­лэлийн мэдээлснээр найзын­хаа компанийг авто­машин нийлүүлэх тендерт шал­га­руулж, 2.1 тэрбумын илүү үнээр 15 “Газель” машин авсан гэх. Хаа байсан 1988 оны хуучин машин ний­лүүл­сэн. Зарим хэрэглэл, тоног төхөө­рөм­жийг сонгон шалга­руу­лалт зарлалгүй авсан хэ­рэгт ОБЕГ-ын дарга нарыг бу­руут­гасан гэж бичжээ.  Шүүх үнэн мөнийг нь тогтоож, хэ­рэг үйлдсэн гэж үзвэл ялаа оноо­гоод, үгүй бол цагаатгах байх. Гэхдээ ОБЕГ-ын дарга нар ийм хэ­рэгт нэр холбогдож, АТГ-аар шал­гуу­лаад явж байна гэдэг нь өөрөө гутамшиг. Онцгой байд­лын “онцгүй” дарга юм даа, та.