Халхын голын байлдааны талбар, олон эрэлхэг эрсийн амь сөрсөн энгүй өргөн талыг зорихоор есдүгээр сарын 1-ны өдөр хэсэг хүмүүсийн хамт хөдлөх тов гаргасан юм. Энэ өдөр хүүхэд багачуудын инээд баясал цалгисан хичээлийн шинэ жил давхацсан болоод ч тэрүү, хаа сайгүй хүний хөл хөдөлгөөн, автомашины түгжрэл тоймгүй их байлаа. Улаанбаатар хотын түгжрэл, Налайхын түр замыг тэмтчин, бэдэрч явсаар нийслэлээс гарсан юм.
Бидний эхний очих газар бол 735 км хөндлөн гулд давхиж хүрэх “баатар хот” буюу Дорнод аймгийн Чойбалсан хот юм. Бид ийнхүү аялал эхлэж буй зорилго нь 1939 оны Халхын голын байлдааны түүхт 80 жилийн ойн баярыг зорьж буй хэрэг. Манай багт үзэг нэгт сэтгүүлч нөхдөөс гадна, Халхын голын байлдааны 80 жилийн ойн хүндэтгэлийн үйл ажиллагаанд оролцох Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга Г.Байгальмаа, Төрийн цэргийн асуудал хариуцсан ахлах референт, бригадын генерал Ч.Сайнтөр, Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын зөвлөх, дэслэгч генерал Д.Даваа тэргүүтэй албаны хүмүүс явсан юм.
Намар цаг хэдийнэ ирсэн ч 30 хэмийн халуунд зуны нарлаг өдрүүд мэт тааваараа явсан гээч. Салхи нь сэвшсэн налгар намраар таван сүрэг нь тавлаг бэлчиж байх нь энэ цагийн жаргал гэлтэй. Гэхдээ л зун цаг одлоо гэсэн шиг өвсний толгой шарлаж, нэг л гундуу харагдана лээ. Арга ч үгүй биз дээ, буцах цаг нь юм хойно. Ийнхүү бодон явсаар дөрөө харшуулж нэг баг болсон хоёр генералтай Халхгол сум, 80 жилийн өмнө болсон дайн гэх мэтчилэн олон зүйлийн талаар хуучлав. Эрхэм хоёр хүнээс олон сонин содон зүйл сонсож явсаар Хэнтий аймгийн Чингис хотод ирлээ. Эзэн Чингис хааныхаа нэрээр овоглосон тус хот улам өнгөлөг болжээ. Өөдлөх айл үүд хаалганаасаа гэдэгчлэн 13 дугаар зууны үеийн баатруудын хөшөө, дурсгалаар чимсэн том цагаан хаалга сүндэрлэн угтлаа. Хаалгаар ороход төрөл бүрийн ан амьтдын хөшөө дурсгалыг аймгийн төв хүртэл байрлуулжээ. Тус аймагт тоо толгой нь цөөрсөн ан амьтад,буга хандгай, олон төрлийн ховор загас амьдардгаараа онцлогтой аж. Ой хээр хосолсон байгалийн өвөрмөц тогтоц бүхий тус аймаг Онон, Хэрлэн, Балжийн голоор алдартай. Монголын нууц товчоонд ч бишгүй л дурьддаг билээ. Цааш бид “ Аймгийн төвүүд ихэнхи нь гэрэл дохиотой болжээ” хэмээн ярьсаар, Хэрлэн голын гүүрээр гарч явлаа. Энэ зун бороо хур элбэг байсан учир Хэрлэн голын усны түвшин нэмэгдэж, эргээ түрэн хальжээ.
“Баатар” хот Чойбалсан
Чойбалсан хот анх 1923 онд Баянтүмэн хан уулын хошууны төв, 1931 оноос Дорнод аймгийн төв суурин болжээ. Улмаар Баянтүмэн 1938 онд хотын зэрэг олж, 1941 оноос нам, төрийн тэргүүний нэрээр “Чойбалсан” хэмээн тогтсон түүхтэй. Хэрлэн голын хөвөөг түшиглэн оршдог тус газар Эрдэнэт, Дархан хотуудын дараа ордог томоохон хотуудын нэг аж. Орон сууцны шинэ хороолол элбэг, дэд бүтэц, гэрэлтүүлэг, зам харилцаа хөгжжээ. Хүн амын хувьд 2018 оны судалгаагаар 82 мянгад хүрснээс 55 орчим мянга нь Чойбалсан хотдоо аж төрдөг байна. Халхын голын байлдааны түүхэн ой тохиож буй учир гадна дотны хүмүүс, машин тэрэг их л холхиж байгаа харагдсан. Есдүгээр сарын 1-ний орой Чойбалсан хотод ирсэн бид “Чадангууд” гэх буриад нэртэй зочид буудалд амрав. Дорнод аймагт халх, буриад үндэстэн ихэвчлэн амьдардаг тул ийн нэрийдсэн байх. Замын уртад ихэд аяншсан бололтой, үд хэвийхэд ихэнхи нь амарцгаалаа.
Маргааш нь буюу есдүгээр сарын 2-ны өдөр Халхын голын байлдаанд түүхэн үүрэг гүйцэтгэсэн Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв, ТЕГ-ын тус аймаг дахь газарт Ерөнхийлөгчийн зарилгаар “Цэргийн гавъяаны одон” гардуулах ёслолын ажиллагаа болов. Шагналыг Ерөнхийлөгийн тамгын газрын албаны хүмүүс гардуулж, аймаг орон нутаг, албан байгууллагын удирдлагууд оролцлоо,
Орос, Монгол олон зуун эрсийн халуун цус урссан дайны жилүүдэд БҮЭТ нь дайны дараах хор уршгийг арилгахад 10 гаруй жил дивиз хорооны эмнэлэгт эмч, сувилагчаар ажиллаж байжээ. Түүнчлэн аймгийн төв больницдоо цэргийн долоодугаар тасгийг тусгайлан нээж шархадсан цэрэг дайчдыг эмчлэх, сувилах, асрах зэргээр мэргэжлийн тусламж үйлчилгээг чадварлагаар үзүүлж байж. Харин Тагнуулын газар Халхын голын дайны үед цэрэг, арми, техникийн хүч нөөц, ард иргэдийн санал сэтгэлийг судлах, дайсны тагнуулын зохион байгуулалт, Монгол-Зөвлөлтийн эсрэг явуулж байсан тагнуул, хорлон сүйтгэх, хил зөрчих, дээрэм хийх, өдөөн хатгах үйл ажиллагааг урьдчилан илрүүлэх, хилчидтэй хамтран таслан зогсоох, байлдааны үед цэргийн командлалыг цаг үеэ олсон үнэн зөв мэдээллээр хангах үүрэг оногдож байсан түүхтэй аж.
Хязгаар нь үгүй Мэнэнгийн талд сэтгэл эмтрэв
Төрийн зарим байгууллагуудад Цэргийн гавъяаны одон гардуулсны дараа Халхгол сумыг зорив. Халх гол сум Чойбалсан хотоос 340 орчим километрийн зайтай. Орой нь үл үзэгдэх уулс, зах нь үл харагдах алдарт Мэнэнгийн талаар, тоос татуулан ёстой л нэг дураараа давихсандаа. Аймгийн төвөөс гарч 170 километр явсны эцэст баруун, зүүн тийш салдаг хоёр салаа зам байх аж. Зүүн талын замаар явбал Буйр нууранд хүрнэ.
Харин баруун талаар нь явбал Хилийн 0306 дугаар ангиар дамжиж Халхгол сум ордог аж. Бидний зорилго Халхгол сум орох байсан тул баруун талаа барьж явсаар Хилийн 0306 дугаар ангийн хамт олон угтан, тэндээ үдлээд буцлаа. Хол замд төөрч будилах зүйл байлгүй яах вэ. Хэсэг хүмүүс маань зүүн тийш салж хөглөсөнийг эс тооцвол шүү дээ. Цэргийн ангийн хоолоор дайлуулсаар, удалгүй холын аянаа үргэлжлүүлэв. Мэнэнгийн талаар өндөр өндөр өвс хүлэг морьдын дэл мэт халиурч, битүү машинаас бууж амьсгаа авахад таана, мангирын үнэр сэнх хийх нь таатай байлаа. Бидэн шиг түүхэн баярт оролцохоор явж буй олон машин Мэнэнгийн талаар давхилдах аж.
Машинд хамт явсан Д.Даваа генерал “Мэнэнгийн талаар явахад “Дачин Тамсаг” гэж зүрх өвтгөсөн хэцүү газар таарна даа. Сэтгүүлч дүү сайн хараад аваарай” гэж халаглахад нь “Монголын нефтийг “сордог” хятадын компани байдаг бил үү” гэж асуулаа. Хоёр генерал ч “тийм ээ” хэмээн халагласаар “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн бүтээгдэхүүн олборлох 21 дүгээр талбайд хүрсэн юм. Энэ талбайд “морин толгой” гэх нефть олборлодог техникүүд байх аж. Зөвхөн зам дагуух “морин толгойг” тоолоход 30 давсан байх бөгөөд цаад талын хэсгээр ч их хэмжээний техник ажиллаж байсан юм. 21 дүгээр талбайгаас гадна 19 дүгээр талбай ч холгүй байдаг гэнэ. Талбайгаас нефтээ соруулж, өдөр шөнөгүй Баянхошууны боомтоор тонн тонноор нь хил давуулдаг юм байна. Баянхошуу боомт хүртэл засмал зам тавьчихаж.
Өдөр шөнөгүй, 24 цагийн турш ажиллаж Монголын нефтийг 20 гаруй жил цөлмөсөн гэхээр үнэхээр зүрх өвдөж, бухимдах сэтгэл төрж билээ. Засгийн газар нь Нефтийн үйлдвэр барих шийдвэр гаргасан ч хаанаас нефть олборлох нь тун бүрхэг. Дотооддоо барих нефтийн үйлдвэрийг Дорноговь аймагт барина гэх бөгөөд газар доор нь нефть байхгүй гэдэг үг чих дэлдэнэ билээ. “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-д ихэвчлэн хятад иргэд ажилладаг, тэдний өвөрт нь монгол охид эрхэлж хэвтдэг гэдгийг нэг чихээрээ сонсоод, нөгөө чихээрээ гаргахыг хүссэн ч хараах, зүхэх хоёр зэрэгцэн шүүмжилж явлаа. Энд шөнийн гурван цагийн үед нар манддаг хэмээн цэргийн ангид үдлэж байх үеэр хэн нь ч билээ ярьж байсан юм. Тал газарт наран мандах агшныг дүрс бичлэг, гэрэл зурагнаас л харсан болохоос бодитоор нь харж байсангүй ээ. Өнгө будаг, нарны цацраг, наад талд нь сэвэлзэн ганхах өвс гээд тэрхэн агшнийг нь дүрсэлж хэлээд ч, тэр торгон мэдрэмжийг миний харсан шиг хэн ч төсөөлж чадахгүй дээ.
Мэнэнгийн талаар ийнхүү явсаар Халхгол суманд ирсэн юм. Ази тивдээ өндрөөрөө хоёрдугаарт ордог Ялалтын хөшөөний зэргэлдээх толгой дээр Хилийн 0198 дугаар ангийн төлөөлөл биднийг угтаж авлаа. Түүхэн ой болохтой зэрэгцэн бас л хөл хөдөлгөөн ихтэй байх бөгөөд бүхий л албан байгууллага, зочид буудалд баярт оролцохоор ирсэн зочид төлөөлөгчид буудаллажээ. Зарим нь Халхголын эрэг дагуу майхнаа барьсан харагдана. Харин бид угтаж авсан ангийн төлөөллийг даган Хилийн 0198 дугаар ангид буудаллав.
Тус хилийн цэргийн ангийнхан зочдод зориулж гэр барьсан бөгөөд зарим хэсэг нь цэргийн хуаранд хоноглосон юм. Сэтгүүлч миний хувьд Дорнод аймаг дахь анхны томилолт байсан бөгөөд цэргийн хуаранд хононо гэдэг бүр ч соньхон байлаа. Маргааш өглөө эртлэн босч цэргүүдийн цайны газарт цайлаад, тус тусынхаа албанд гарцгаав. Сэтгүүлч бид ч сонин содон бүхнийг гярхай ажиглаж явсаар. Өглөөний 08:00 цагт Халхын голын байлдааны түүхт ялалтын 80 жилийн ойг тэмдэглэж буй орон нутгийн удирдлагууд, баатруудын үр хүүхдүүдийн төлөөлөл болон зочид төлөөлөгчдийн хамт Яковлевчуудын танкчдын дурсгалын хөшөө, Ялалтын хөшөө, БНМАУ-ын баатар, хурандаа Л.Дандарын хөшөө, Ерэн баатрын хөшөөнд хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөлөө. Мөн Халхын голын байлдааны 80 жилийн ойд зориулж ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины бэлэглэсэн Г.К. Жуковын хөшөөний нээлт, Шинэ сумын төвийн нээлт, Хилийн цэргийн 0198, 0306 дугаар ангиудад Монгол улсын Ерөнхийлөгчийн зарилгаар Цэргийн гавъяаны одон гардуулах ёслолын ажиллагаа болов.
Харийн түрэмгийлэгчдийг “хөөсөн” шумуул
Халхгол сум Монгол Улсын хамгийн том нутаг нутаг дэвсгэртэй сумдын нэг. Хүн амын тоо ч бага багаар өсөн нэмэгдэж байгааг сум орон нутгийн удирдлагууд хэлж байна. Түүхэнд дурьдагдах энэ газар орос маягийн барилга, байшин олон байх бөгөөд Монгол Улсын зүүн хязгаар тул төв суурин газраас буйдхан орших аж. Эндэхийн шумуулыг ярих ч юм биш. Багахан л салхи дэгдэхгүй бол шумуул олноороо ээрнэ гээч. Сумын ард иргэд, цэргийн ангийнхан тоохоо ч байсан, бараг хазахаа больсон гэж инээлдэж суусан юм. Халхын голын байлдааны үеэр харийн түрэмгийлэгчдийг ухрахад чухал нөлөө үзүүлсэн, түүхэнд үүрэгтэй амьтад гэлцдэг. Тиймдээ ч удахгүй шумуулын хөшөөг Халхгол суманд барихаар болжээ.
Халхын голын байлдааны түүхээс сөхвөл, дайн Баянцагааны нуруунаас Эрс Уул хүртэл дал гаруй км газарт 8-18 км гүнд 128 өдөр үргэлжилсэн гэдэг. Тэнд Зөвлөлтийн талаас 25840 цэрэг, Монголын талаас 990 цэрэг эрс амь насаа алдсан юм. Буйр нуур, түүний баруун зүүн хэсэг, Халх гол Монголын биш Манжид харьяалагдана гэсэн санаагаар бодит байдлыг мушгин гуйвуулж, япончуудыг ятгаж өдөөсөн хүчин бол Манж Го-гийн удирдлага юм.
Манжийн хатгаасаар Японы цэргийнхэн 1932 оноос 1939 оны хавар хүртэл улсын хил дээр цэргийн өдөөн хатгалгыг тасаралтгүй үйлдсээр л байж. Японы цэрэг 1939 оны долдугаар сарын 03-ны шөнө 38 мянга гаруй цэрэг, 310 их буу, 145 танк, хуягт машин, 225 нисэх онгоцны дэмжлэгтэйгээр манай улсын Хилийн 0198 дугаар ангийн 0196,0157 салбарын хэсгээр түрэмгийлэн довтолж, Халх голыг гатлан Хамар даваа, Баянцагааны нурууг эзлэн авахаар дайрч байв. Хэрвээ цаг л алдвал Буйр нуур, Халх гол бүхэлдээ дайсны талд алдагдах аюул занал нүүрлэсэн байна.
Дайсны түрэмгийллийн эсрэг Монголын хувьсгалт армиас гадна 12500 цэрэгтэй, 100 их буу, 186 танк, 266 хуяг машин, 82 нисэх онгоцтой, командлагч Г.К.Жуковоор удирдуулсан 57 дугаар тусгай корпус зогсож байлаа. Жанжин Жуков Халх голоор цөмөрсөн дайсныг Хамар даваа, Баянцагаанд бэхжих бололцоо олгохгүй байх үүднээс цэргээ сөрөг давшилтад яаралтай оруулж, гурав хоног ширүүн тулалдсаны үр дүнд Японы цэргийн түрэмгийлэгчдийг бут цохин, Халх голын зүүн эрэгт шахан гаргаж, хориглох байлдаанд шилжиж байжээ. Японы тал 1939 оны долдугаар сард хүчээ сэлбэн хоёр шаттайгаар давшилтад орсон ч Зөвлөлт, Монголын цэрэгт няцаагдсан юм. Зөвлөлт Монголын цэрэг өвөлд бэлтгэж байгаа дүр эсгэн дайсныг хууран мэхэлж, хориглож байгаад дайснаас урьтан 1939 оны наймдугаар сарын 20-ны үүрээр давшилтад шилжин дайсныг бүслэн авч хэд хоногийн дотор сөрөг талын цэргийг бут цохин устгаж БНМАУ-ын хилийг хэвийн хэмжээнд сэргээсэн түүхтэй.
Аавгүй хүүхдүүд, нөхөргүй бүсгүйчүүд гээд олон хүн зүрхэндээ шархтай, сэтгэлдээ эзгүйрсэн ч эх орноо харийн түрэмгийлэгчдээс хамгаалсан олон мянган цэрэг эрсийн түүхэн гавъяаг Монголчууд бид хэзээд мартахгүй. 10 жил, 100 жил, бүр түүнээс ч олон жилийн дараа гавъяаг нь мөнхөлсөөр байх биз ээ. Ирсэн гийчин буцаж, орсон бороо арилдаг хойно, тус тусынхаа үүргийг гүйцэтгэсэн бид Улаанбаатар хотруугаа буцах болов. Буцахдаа бид,
“Дорнын тэнгэрт утаа манараад
Довтолох салхи улам ширүүсэн
Эрийн ёсоор тангаргаа давтаад
Эрэлхэг дайчдын цувуу хөвөрнө
Миний тушаал жирийн цэрэг ээ
Миний хаяг Халхын гол оо” хэмээн дуулан дуулан явлаа.