ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Жудагтан

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-09-16

Монголын жүдо бөхийг дэлхий мэддэг, эмээдэг болгох дардан замыг засахад сэтгэл, оюунаа зарцуулсан гурван хүн зэрэгцэж зогсоод ажлаа өгөхөө мэдэгдэв. Ард түмнийхээ өмнө цэнхэр дэлгэцээр уучлал хүсэн бөхийв. Ердөө ч харагдаагүй “гоё” дүр зураг. Ямархан содон байсан гэж санана аа. Спорт гэдэг ийм л аугаа.

Жүдо гэдэг тийм их хүндлэл, тийм том соёл байдгийг тэд биеэр үлгэрлэв. Тэр дундаа 2012 оноос хойш жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан О.Балжинням аваргын гавьяа, зүтгэлийг хэзээ ч үгүйсгэж болохгүй юм. Тэр хийдгээ хийгээд явж байна. Дэлхийн гурван аварга “төрүүллээ”. Мөн мөнгөн медальтан гурав, хүрэл медальтан арвыг “төрүүлэв”. Олимпын хоёр алтан медалийг эх орондоо авчирлаа.

Дэлхийн топ жингүүдэд Монголын бөхчүүд өнгөлсөөр байгаа. Маргааш ч өнгөлнө. Тиймдээ ч нэр төртэйгөөр ажлаа өгч байгааг нь буруутгах хүн гарахгүй нь тодорхой билээ. Их спортоос ингээд зодог тайлж байгаа хэрэг биш л дээ. Гагцхүү “Миний дасгалжуулагчийн ур чадварыг дэлхий мэддэг болсон учраас залуу үедээ залгамж халаагаа өгье” хэмээгээд албаа өгчээ. Зааж сургахаа хэзээ ч болихгүй нь тодорхой.

Асар их зангараг, маш том ухамсар гэж үүнийг л хэлнэ. Төв талбайд монгол түмнээ баясгаж явсан аварга дасгалжуулагчаар ажилласнаас хойш бэлтгэсэн хүчтэнүүдээрээ олон жил биднийгээ баясгав. Одоо юу хүсэх юм. Өөрийг нь давах, өөртэй нь эн зэрэгцэх залуу дасгалжуулагчдыг их спортод бэлтгэж өгчихөөд явлаа. 2020 оны олимпын өмнөх ДАШТ-д багаа амжилттай оролцуулж чадаагүйнхээ төлөө л хариуцлага хүлээв. Уг нь албатай ч биш юм шүү дээ. Илүү их хичээж болох л байлаа. Гэвч залуу үедээ зайгаа тавьж өгөх нь дээр гэж үзжээ, тэр. Аварга аваргаараа төрдөг гэдэг энэ юмсанж. Залуу үе нь суралцаасай, түүнээс. Та хийсэн гавьяатай, хэлэх үгтэй жүдо бөхийг удирдлаа. Цаашдаа ч таны зассан замаар жүдо бөх хөгжсөөр байх болно. Монголын жүдочид дэлхийд өнгөлсөн хэвээр байх болно оо. Баярлалаа, танд.