ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Гар урлалд донтогч

Ц.ЭНХТҮВШИН
2019-09-16

Түүнийг Гомбосүрэнгийн Солонго гэдэг. Тэрбээр, өөрийгөө “Гар урлалд донтогч” хэмээн хэлэх дуртай хөдөлмөрч бүсгүй. Орчин цагийн залуусын адил амьдрал хэмээх их далайд сэлж яваа түүний хувьд сайхандаа сайхан, зарим талаараа амаргүй давааг туулж яваа нэгэн. Тэр ээж болох хүртлээ нөхөр, ээж хоёртоо өөрийнх нь хэлдгээр эрхлэх шиг болж явжээ. “Үл хөдлөх, худалдааны салбарт сонирхлоороо хөтлөгдөж орсон. Хэзээ ч энэ салбараас холдохгүй” хэмээж байсан ч өдгөө шал өөр, тэр дундаа гар урлалд дурлаж, түүнээсээ хэзээ ч салж чадахгүй хэмээн итгэж явна. “Хамгийн сайхан нь аливаа зүйлийн үнэ цэн, мөн чанарыг олж харж, өөртөө шингээж чадах л юм бол тэр чинь л жинхэнэ аз жаргал шүү дээ” хэмээн ярьж байсан юм.

Г.Солонго бүсгүй гоёл чимэглэлийн чиглэлд илүүтэй сонирхон суралцсан бөгөөд гар урлалтай нөхөрлөж, эхэлснээс хойш  хэдийнэ долоон жил өнгөрчээ. Нэг өдөр л гар урлал гоё юм байна, үүнийг хийчихье гэж шийдээд дурлачихаагүй юм гэнэ лээ. Анхны хүүгээ төрүүлэх үед хүү нь эмч нарын хариуцлагагүй байдлаас болж, тархиндаа гэмтэл авчээ. Ингээд нялх үр нь насан туршийн асаргаатай болж, залуухан ээж, аав хоёрын өмнө хатуу амьдрал угтсан гэдэг. Хүүгээ эмчлүүлэх гэж өдөр бүр хичээж явахад нь “боломжгүй” гэх эмч нарын өгдөг хариултаас болж, сэтгэл санаа нь хямарч явсан үе олон бий.

Тэр болгондоо хүүг нь тийм болгосон эх баригч, их эмч хоёрт өдөр бүр гомддог байжээ. Тэрбээр, энэ тухайгаа дурсан ярихдаа “Хүн, тэр тусмаа залуу хүн гутарч гунихдаа  “Хэн ч хажууд минь алга” хэмээн хүн бүрд шахам гомдоллох үе олонтаа тохиож байсныг нуух юун. Нөхрөө ажилдаа явсны дараа маш их ганцаардаж, стресс, депресс аль, аль нь зэрэгцээд ирэхээр хүүхдээ эрүүл ухаанаар асрах боломжгүй болж байгааг өөрөөсөө олж харсан. Тийм ч учраас өдөр бүр уйлж, сэтгэл тавгүйтлээ тэмдэглэлийн дэвтэрт буулгадаг байлаа. Байнгын сэтгэл гутрал хүнийг эрүүл саруул ухаанаар сэтгэх боломжийг алдуулдаг ой юм билээ” гэв.

Залуу бүсгүй ингээд бууж өгөөгүй юм. “Би хүүдээ хайртай. Хэдий ирээдүй нь ойлгомжтой, хэцүүхэн ч гэлээ хүүгээ илүү их хайрлаж халамжлах ёстой. Үхлээс амьд үлдсэн хүүгээ бид хэзээ ч гомдоож болохгүй” гэсэн бодол байнга толгойд эргэлдэж, сэтгэл зүйгээрээ өөрийгөө эмчлэхээр шийдсэн аж. Хэн нэгэнд гомдоллохгүйн тулд өөрөө, өөртэйгөө тэмцэх хэрэгтэй болсон гэсэн үг. Хэн нэгнийг уучилж, өөрийгөө давж гарах хамгийн хэцүү гэдгийг уншигч та мэдэж буй биз. Тийм л хэцүү цаг үед Г.Солонго бүсгүйд дэм болж чадсан зүйл гэр бүлээс нь гадна гар урлал байсан юм. Ингэж л эргэлт буцалтгүй дурлаж, энэ ажлаасаа аз жаргал, амьдралыг таашаалыг мэдрэх болсон юм. Нэг удаа гэрийнхээ булан тохойг цэвэрлэж байтал өмнө нь сонирхолдоо хөтлөгдөөд оролдож үзэхээр авч байсан жаахан шүр, сувс гарч ирсэн байгаа юм.

Тэр үед бага дүү нь өөрөө бяцхан маамуутай болсон ч эгчдээ дэм болохоор гэрт нь хамт амьдрахаар ирсэн үе байжээ. Ингээд дүүтэйгээ ярилцаад өнөөх шүр сувдаараа ямар нэгэн зүйл хийж үзэхээр болов. Улмаар туслах материалын дэлгүүр байдгийг ч олж мэдээд, интернет, youtube үзэж санаа аваад хамтдаа хийж эхэлсэн аж. Нөхөр, ээж хоёр нь ч эгч, дүү хоёрыг дэмжиж, хийсэн зүйлийг нь авч яван борлуулж, анхны орлогыг нь оруулж маш том урам өгсөн гэдэг.

Хоёр бүсгүйн хийсэн урлалыг ажлын хамт олон, найзууд нь илүү их дэмжиж, худалдан авалт үргэлжилсээр л байлаа. Нөхөр нь түүнд өөрийн гэсэн лого, шошго, нэрийн хуудас хийж өгөхөөс гадна фэйсбүүк хуудас хүртэл нээж өгчээ. Ингээд л нүүр номоор захиалга авч эхэлсэн түүхтэй. Г.Солонго бүсгүй хүүгээ асрах зуураа уйдах ч зайгүй ажилласаар. Тэр хэрээр өрхийн орлого ч нэмэгдсээр, найз нөхөд, захиалагчийн тоо ч олон болсон байна. Нэг ёсондоо тэр өөрийгөө ялжээ. Ганцаардахын тухай бодох ч юм биш. “Хүн чинь стресдэхээрээ янз бүрийн зүйл идэх дуртай болдог юм билээ.

Тэр тусмаа амттанд бүр ч их дуртай болдог юм билээ” хэмээн тэр ярив. Гэсэн ч өөрийгөө ялж чадсан учраас амттан, чихэр жимсэнд үрдэг байсан мөнгөө туслах материал авахад зориулдаг болсон хэмээн хуучлав. Сэтгэл санаа өөдрөг, завгүй байхаар элдвийг бодохоо ч больж хүүхдээ ч аз жаргалтай, инээмсэглэн асардаг болсон тухайгаа ч тэр ярьсан юм. Г.Солонго бүсгүй өөрийнхөө хүүхдээс гадна хүүхэд баярлуулахыг хүсдэг болж, 2013 оноос эхлэн шинэ жилээр хамаатныхаа хүүхдүүдэд өөрийн олсон мөнгөөр бэлэг бэлддэг болжээ. Улмаар сайн дурын ажилд оролцож, сурсан мэдсэнээ хүмүүст зааж өөрөө ч тэднээс суралцаж эхэлсэн нь сэтгэл заслын эмчилгээ болсон.

Түүний хүү шөнө унтаж чадахгүй, булчин нь чангардаг. Уйлж чимээ өгч чадахгүй чангардаг учраас хажууд нь заавал харж хонох шаардлагатай болно. Учир нь удаан чангарвал таталт өгөх аюултай гэнэ. Нөхрөө ажилтай байлгахын тулд бүсгүй өөрөө нойргүй хонож, хүүгээ асрахаас өөр сонголт байсангүй. “Ийм хүнд үед надад дэм болж байсан зүйл маань гар урлал байсан. Хүүгээ өвөр дээрээ унтуулж байгаад л нэхэж, оёж, шүр сувдаа хэлхээд л өглөөг үзсээр нэг л мэдэхэд дөрвөн жил болсон.

Хүн дуртай зүйлээ хийж байхдаа сэтгэлийн ядаргаа авдаггүй, жаргалтай байдаг юм байна гэдгийг ойлгож, надад өөр найз байхгүй юм шиг улам л хорхойсдог болсон. Захиалагч нартаа талархаад баршгүй. Намайг үргэлж завгүй байлгадаг. Одоо ч тийм хэвээрээ долоон жил болсон байна. Хүү минь асаргаанд хэвээрээ ч гэлээ, би хэзээ ч салахгүй хоббитой болж, хүүтэйгээ хамт байж, гэр бүлдээ ч санхүүгийн дэмжлэгтэй, найз нөхдийн хүрээ арвинтай, сэтгэл гутралд өр­төх­гүй сайхан амьдар­саар бай­на” хэ­мээн инээм­сэг­лэн ярьж байв. Тэр аз жаргалыг тэндээс олжээ, бас амар амгаланг. Г.Солонго дүүтэйгээ, мөн өөр нэг бүсгүйтэй хамт­ран жижигхэн хэм­­жээ­ний бизнес­тэй болц­­гоо­сон.

Тэд  0-оос дээш нас­ны бүх эмэгтэй­чүүдэд тохирох гоёл урлаж, өдөр тут­мын, баяр ёслолын, хурим найрын, хичээлийн дүрэмт хувцас, үндэсний ур­ла­лын гээд л төрөл бү­рээр гоёлыг өдөр ту­там урласаар л бай­на. Бяц­хан бизнес нь хүрээгээ тэлж, цэцэр­лэг, сургуулийн насны охидод зориулан гоёл урлах болсон бөгөөд “Efes” хүнсний сүлжээ дэлгүүрүүдээр гэрээгээр борлуулдаг болоод дөрвөн жил болжээ. Өөр сүлжээ дэлгүүрүүдээс ч тэдэнд хамтран ажиллах санал ирдэг ч  одоогоор ачааллаа дийлэхгүй байгаа учраас хамтран ажиллах саналаас түр татгалзсан гэв. Бизнест нь ээж, дүү нар нь татагдан орж, захиалгаа ч хамтдаа хийдэг болсон аж. Г.Солонго бүсгүй бас хөөрхөн охинтой. Бяцхан охин Заяа хүртэл ээж шигээ хөдөлмөрч болох нь харагдав.

Хэдийгээр дөнгөж таван настай ч ахыгаа асарч, ээжийгээ урлалаа хийхэд нь тусална. Г.Солонго бүсгүйн бизнес хүрээгээ тэлж тив алгасах болсон гэнэ лээ. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот болон АНУ-ын Чикаго хотоос хүртэл хамтран ажиллах санал ирж, хамтын ажиллагаагаа эхэлсэн сайхан мэдээг бидэнд дуулгав. Бидний ярилцах цаг дуусч байна хэмээхэд тэрбээр ”Өөрийнхөө төлөө, хайртай бүхнийхээ төлөө тэмцэх итгэлтэй болгож, намайг хэн бэ гэдгийг ойлгуулж өгсөн гар урлалд би дэндүү их хайртай” хэмээлээ. Тун удахгүй шинэхэн хүнээ өлгийдөн авах бүсгүйд аливаад огтхон ч түүртсэн шинжгүй нөгөөх л урлах ажлаа хийсээр намайг үдэн гаргалаа.