Тариан талбай амсхийх цагаар
Гацууртын ордыг тойрсон хэрүүл, маргаан өнөө хэр тасарсангүй. Харин ч даамжирсаар. Харин үүнд хэн хожсон бэ. Энэ талаарх мэдээ, мэдээллийг танд ямар ч нэмэлт хачиргүйгээр хамгийн энгийн үгээр ойлгуулахыг хичээе. Намрын сэрүүхэн өдрүүд хаяанд ирсэн цаг үетэй зэрэгцээд манай сонины сурвалжлах баг Сэлэнгэ аймгийг бүр тодруулж хэлбэл, Гацууртын ордыг зорилоо. Цаг агаарын нөхцөл байдал ч тун таатай аж. Сэлэнгийн талд тариан талбай халиурч, ургац хураалтын ажил бараг дуусчээ. Малчид бууриа сэлгэж, хэдийнэ намаржаандаа буужээ. Цаг эрт хүйтэрч магадгүй гэсэн яриа хаа сайгүй тархсан нь илт. Малчин, тариаланчгүй өвлийн бэлтгэлээ базааж, нөр их хөдөлмөрийн ард гарсан сэлэнгийн тал түр амсхийжээ. Үүлс суунагласан саарал манан, шаргалтаж үлдсэн тариан талбай, бүүдийж үлдсэн гэрийн буурь нь талд тодрох аж. Зам засварын ажил дуусаагүй тул очих газар хол мэт санагдаж, машины цонхоор цэвэр агаар, халиурсан тал, сэнгэсэн салхи, зах хязгааргүй уудам тал мэлтийнэ. Өмнө нь тус аймгийг хэд, хэдэн удаа ажлаар зорьж байлаа. Гэхдээ энэ удаагийнх нь чухал бас сонирхолтой санагдав.
Энэ удаад олны анхаарлыг татаад байгаа Сэлэнгэ аймгийн иргэдийн шүтээн болсон Ноён уулыг харна гэхээр өөрийн эрхгүй догдлох сэтгэл төрнө. Зорьсон газар дөхөх тусам чих сортойж, сэтгэл хөөрөх аж. Зургаагаас долоон цаг давхисны эцэст Сэлэнгийнхний шүтээн болсон Ноён уулын барааг харав. Бишрэхгүй байхын аргагүй тийм сайхан хайрхан аж. Уул, ус нь тэгширсэн, ой мод бүрхсэн. Үзэмж төгс. Байгалийн тогтоц ч хачин гоё. Ямар их зай талбай эзлэн тогтсон нь үл мэдэгдэх, хэчнээн ч их уулс, толгод юм бүү мэд. Залгамж, хэлхээ, холбоогоор сүлжилдэнэ. Тэнд байхгүй ургамал, ногоо гэж үгүй байх.
Гацууртын алтны үндсэн орд нь Улаанбаатар хотоос хойд зүгт 90 км, Зүүнхараа сумаас зүүн урагш 30 км, Түнхэл тосгоноос баруун урагш 14 км зайд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт оршдог аж. Тус ордыг анх 1991 онд нээсэн бөгөөд “Гацуурт” ХХК 1992-2000 он хүртэл найман жил шороон ордод олборлолт хийжээ. Гацууртын орд нь орон нутгийн иргэдийн шүтдэг Ноён уулаас таван км-ийн зайд, харин Хүннүгийн булш олдсон Ноён уул нь Төв аймгийн Борнуур сумын нутаг дахь Ноён уулын амнаас 7.5 км-ийн зайд оршдог байна. Энгийнээр хэлбэл, томоохон оргилуудаас бүтсэн зах нь үл мэдэгдэх салбар уулс юм. Өөр, өөрийн гэсэн газарзүйн тогтоцтой. Сэлэнгэ аймгийн шүтээн Ноён уулыг нутгийн иргэд хоёр жил тутамд тусгайлсан жимээр гарч оргил хайрхнаа тахидаг байна. Тахилгат уулын ойролцоох газрыг “Арцатын ам” хэмээн нэрлэж, малчид зундаа гарч зусдаг ажээ. Жилийн дөрвөн улиралд малчид буурь сэлгэн олон жилийн турш энэ уулсын энгэр бэл, ар, өвөрт идээшин амьдарч иржээ. Харин энэхүү шүтээн уул нь Гацууртын ордоос таван км-т оршдог байна.
Гацууртын ордын өнөөгийн төрх бол эвдэрсэн, нөхөн сэргээлт хийгээгүй халцарсан тал харагдана. Тус ордын зовлон 1992 оноос эхлэлтэй. Бидний хамгийн сайн таних “Гацуурт” компанийн Ерөнхий захирал Л.Чинбат 1992 оноос эхлэн Гацууртын ордод үйл ажиллагаа явуулж, найман жилийн дотор шороон ордын олборлолт хийжээ. Түүний дараагаар Л.Чинбат лицензээ зарсан нь хэд хэдэн компаний мэдэлд очсон байдаг. Ийн явсаар 2004 онд Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлүүд нь“Сентеррагоулд Монголия” ХХК-ийн мэдэлд очжээ.
Харин “2015 онд нэр бүхий УИХ-ын гишүүд Сэлэнгэ аймгийн Мандал суманд ажиллах үеэр тус ордыг 70 тонн алтны нөөцтэй гэх мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсан байна. Үүний улмаас Гацууртын алтны үндсэн орд руу Монгол улсын өнцөг булан бүрээс хувиараа ашигт малтмал олборлогч иргэн олон тоогоор ирж, хууль бусаар нэвтрэн оржээ. Тус газарт 2015 оны зургадугаар сараас эхлэн 2015 оны арванхоёрдугаар сарыг хүртэл хугацаанд давхардсан тоогоор 14 мянга орчим хувиараа ашигт малтмал олборлогч буюу бидний нэрлэж заншсанаар нинжа нар байсан бөгөөд байгаль орчныг ихээр сүйтгэж, гэмт хэрэг зөрчил олон гаргасан байдаг. Дээрх хууль бус ажиллагааг таслан зогсоохоор “Сентеррагоулд Монголия” компани орон нутгийн захиргаа, хууль хяналтын байгууллагуудтай хамтарсан арга хэмжээг тухай бүрт нь авч, хууль бус алт олборлогчдыг тарааж, тухайн талбайгаас албадан гаргаж, 210 орчим нүхийг булжээ. Ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар өнөөг хүртэл ямар нэгэн шийдвэр гараагүй тул тус компанийн зүгээс орон нутгийн болон өөрсдийнхөө хамгаалалтын албыг ажиллуулж, Гацууртын ордыг хамгаалж байгаа юм.
Гацууртын алтны шороон ордыг “Гацуурт” ХХК олборлохдоо компаниас ямар нэгэн нөхөн сэргээлт хийгээгүй бөгөөд газрыг нь сэндийлээд орхисон гэх. Энэ нь хувиараа алт олборлогч иргэдийн овыг нь хөдөлгөж, хараа хяналтгүйгээр ухах нөхцөлийг бүрдүүлж болзошгүй гэж нутгийн иргэд санаагаа чилээдэг байна. Харин “Сентеррагоулд Монголия” ХХК хамгаалалтад авч хамгаалснаар хувиараа ашигт малтмал олборлогч иргэд талбайд хууль бусаар нэвтрэх тоо өдөр ирэх бүр буурч, цөөрчээ.
Өмнөх шороон ордын олборлолтын улмаас Гацууртын голыг дундуур нь ухаж, малтсан шороогоор дарж, томоохон шороон далан үүсгэснээс голын голдрил өөрчлөгдөж ус далангийн доогуур шургаж, хонхор газарт хуримтлагдаж, хэд хэдэн жижиг цөөрөм үүсчээ. Өмнөх шороон ордын олборлолтод нийт 146 га талбай өртөж, нөхөн сэргээгдээгүй байгаа юм. Одоогоор Гацууртын орд газарт уул уурхайн ямар нэгэн үйл ажиллагаа явагдаагүй бөгөөд байгаль орчны нэгдсэн мэдээллийн сантай болох үүднээс Байгаль орчны хяналт шинжилгээний ажлуудыг 2010 оноос хойш БОМС болон ISO 4001 стандартын дагуу тасралтгүй хийж байгаа аж. Хуучин шороон ордын үйл ажиллагааны улмаас газар, хөрс, ургамал нөмрөг зэрэгт нөлөөлж болзошгүй сөрөг нөлөөлөл, өөрчлөлтийг судлах, хянах, хэмжих, дээж, сорьц авч шинжилгээ хийлгэх зэрэг ажлуудыг хийж байгаа юм байна.
Цаг нь болсон
Гацууртын ордыг ашиглаж эхлэх цаг нь болжээ. Ноён уулын баруун урд талын Сүжигт, өмнөд талын Журамт, зүүн талын Хужирт гэсэн гурван аманд нийт 230 орчим Хүннүгийн үеийн булш бий. Дурсгалт газрын ихэнх булш газрын өнгөн хөрсөн дээр ил цухуйх дөрвөлжин хэлбэрийн гол байгууламж, түүний өмнө талд залгуулан байгуулсан урт гонзгой үүдэвчтэй Хүннүгийн язгууртны булшнууд юм. Энэ нь Гацууртын ордтой хамаарахгүй бөгөөд нэлээд зайтай. Мөн нутгийн иргэдийн шүтдэг Ноён уул мөн л ордоос зайтай. Энгийнээр хэлэхэд залгаа холбоос бүхий сүлжмэл уулсын хоёр салбар уулст эдгээр газрууд оршдог аж. Энгийнээр хэлэхэд залгаа холбоос бүхий сүлжмэл уулс.
Харин “Сентерра гоулд Монголия” ХХК-ийн үйл ажиллагаа явуулах лиценз нь хуучин шороон ордын талбайд л хийгдэнэ. Шороон ордыг гар аргаар ашиглаж авч болох алтны үндсэн ордыг техник, технологийн хөгжил, үйлдвэрлэлийн аргаар авахгүй бол болохгүй. Үүнийг ашиглахад, олборлолт явуулахад шинэ газар хөндөгдөхгүй. Шороон ордын хуучин туурин дээр ажиллагаа явагдах юм. Өөрөөр хэлбэл, сэндийлсэн газарт олборлолт явуулчихаад, нөхөн сэргээлт хийнэ. Тиймээс эрт, орой хэзээ нэгэн цагт аль нэг компани “Гацуурт”-ын ордод олборлолт хийх нь тодорхой билээ. Хуучин ашиглаж байсан талбайд тэгж, нөхөн сэргээлт хийнэ. Зөвхөн хэзээ гэдгийг нь цаг хугацаа харуулах үлдлээ.
Эс бөгөөс хувиараа алт олборлогчдын гараар орж, сүйрэх нь тодорхой билээ. Монгол Улсад нэг төгрөг ч үлдэхгүй. Онгойсон нүх Сэлэнгийн талд үлдэнэ. Тиймээс лицензийг ашиглах ёстой компанид өгчихөөд Монгол Улс 34 хувийнхаа ашгийг хүртэж, уул уурхайгаас олсон баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулж, улс орныхоо хөгжилд нэмэрлэх нь зүйтэй гэсэн санаа ч зарим хүнээс гардаг. Байж болох л асуудал. Буух эзэн, буцах хаягтай газарт нь “Гацуурт”-ын ордыг эзэмшүүлье. Харин ч хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, эргээд байгалийн нөхөн сэргээлт хийх, нийгэмд үр ашигтай олон бүтээн байгуулалт хөрөнгө оруулалт хийх эргээд хариуцлага хүлээх чадвартай тийм л компани байх ёстой.
Тиймээс Гацууртын ордыг гацаанаас гаргаж, яагаад болохгүй гэж. Төр нь зохих хувиа хүртэж, газрын доорхи баялагтаа монголчууд эзэн нь болж, үр шимийг хүртэж явах нь зөв. Газар доорх эрдэнээ зөв ашиглаж чадвал хууль журмын дагуу нөхөн сэргээлтийг нь 100 хувь хийлгэх талд хатуу хяналт тавьж ажиллахад болохгүй зүйлгүй санагдсан. “Сентерра гоулд Монголия” ХХК-д монголчууд итгэж болно. Тэд нөхөн сэргээлт төдийгүй Монголын уул уурхайн салбарт хариуцлагатай, аюулгүй ажиллагааны дүрмийг нутагшуулсан компани билээ.
Тэднийг Бороогийн алтны үндсэн ордод хийсэн нөхөн сэргээлтээс харж болно. Бороогийн уурхайн үйлдвэрлэл 2004-2014 оныг хүртэл 10 жил үргэлжилж 2015 оноос тус уурхай хаалтын горимд шилжээд байна. Бороогийн алтны үндсэн ордоос нийт 56 тонн алт үйлдвэрлэсэн байна. 2004-2017 оныг дуустал улсын болон орон нутгийн төсөвт нийт 341 тэрбум төгрөгийн татвар, төлбөр, хураамж төлжээ. Хөдөлмөрийн эрүүл, ахуй, аюулгүй ажиллагаа, байгаль орчинтой холбоотой компанийн бүхий л үйл ажиллагааг олон улсын стандарт, шилдэг туршлагууд болон Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд компанийн дотоод дүрэм журмын дагуу явуулдаг.
Түүнчлэн “Сентерра гоулд Монголия” ХХК нь 1997-2006 онд хийсэн хайгуулын ажлын үр дүнд Гацууртын алтны үндсэн ордыг нээн илрүүлсэн бөгөөд хайгуулын ажил, уурхайн дэд бүтцийг байгуулахад нийтдээ 100 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байна. Гацууртын алтны үндсэн ордын нөөцийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар анх 2007 оны арванхоёрдугаар сард шинэчлэн баталжээ. Гацууртын орд нь эдийн засгийн үр ашигтай 17.1 сая тонн хүдэрт агуулагдах 50 тонн тодорхой нөөцөд үр ашигтай 10.6 сая тонн хүдэрт агуулагдах 26.1 тонн алтны нөөцтэй гэжээ.