ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Залуухан АН-ын хуучирсан сонголт & таван фракцийн тэнцвэр

O.Admin
1 цагийн өмнө

Бүтэн өдөржин Төрийн ордоны их танхимд хэл ам, хэрүүл тэмцэл, ар өврийн кнопны наймаа, ашиг сонирхлын бүлэглэл фракцийн зодоонтой үргэлжилсэн Ардчилсан намын ҮБХ-ны хурал лхагва гарагт үдшийн бүрийтэй зэрэгцэн дуусаж, “хонь бүрэн чоно цатгалан” томилгоо хийгдэв. Ардчиллын төлөөх намуудын нэгдэл гэдэг ч начир дээрээ бүлэглэл, фракциуд, бүр дэлгэрүүлж ярьвал эрх баригч намын нөлөөнд хүртэл автсан АН-ынхан шинэ дүрмээ баталж, шинэчилсэн системээр явахаа зарласнаас хойш намын гал тогоог барих генсек, “100 ямаанд 60 ухна” гэгчийн үлгэр шиг таван Дэд даргын томилгоог хийх гэж сар гаруйн хугацаанд талцаж хэрэлдлээ.

Уг нь АН-ын дарга О.Цогтгэрэл ажлаа авсан даруйдаа Ерөнхий нарийн бичгийн үүрэг гүйцэтгэгчийн статуст өөрийн хүн буюу Д.Амарбаясгалан гэх Хөвсгөлийн гаралтай залууг томилсон ч шинэчилж байгуулсан ҮБХ-ны анхны хуралдааны үеэр олонхийн дэмжлэг авч чадахгүй уначихсан. АН доторх фракцууд дан ганц О.Цогтгэрэл ба түүний тойрон хүрээлэгч нар намын бүх албан тушаалд очих нь зохисгүй гэж үзсэн учраас “Гранд монгол” фракцаас гэхэд С.Баярцогт нэрээ дэвшүүлсэн бол Увс аймгийн харьяалалтай А.Батпүрэв гэх “битүү морь” нэр дэвшсэн ч өрсөлдөөний явцад нэрээ татаж, С.Баярцогт өрсөлдөөнд бараг л ганцаар орж ирсэн юм.

36-хан настай АН-ынхан 59 настай улстөрчөөр намын гал тогоог “базуулах” нь ээ

Сангийн сайд асан С.Баярцогтыг намын генсекээр томилно гэх мэдээлэл түгэхтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн Х.Баттулгын даргалдаг МоАХ зэрэг фракциуд сөрөг мэдээллийг түлхүү явуулж эхэлсэн билээ. С.Баярцогт бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн АН-д томилж буй БЭТ, Оюутолгойн алдаатай гэрээний автор, Монголоо зарсан луйварчин зэрэг мэдээлэл нэг сарын хугацаанд сошиалд хүчтэй явлаа. Нөгөөтээгүүр, МоАХ фракцийн нөлөө бүхий улстөрч, АН-ын Дэд даргаар сонгогдсон Л.Мөнхбаясгалан “С.Баярцогтод намын гал тогоог атгуулахгүйн тулд эцсээ хүртэл тэмцэнэ. Хулгайч луйварчидтай тэмцэж чадахгүй биш тултал эсэргүүцнэ” хэмээн мэдэгдсэн нь тус фракц анхнаасаа түүнд дэмжлэг үзүүлэхгүй гэдгээ ил тод зарласан үг болсон юм.

Гэвч намын даргын сунгаанаас ч илүү хэл ам, хэрүүл тэмцэлтэй генсекийн томилгоонд  илүүрхсэн “Гранд Монгол” фракцийн тэргүүн С.Баярцогт 224 хүний буюу 66 хувийн саналаар Ерөнхий нарийн бичгийн даргын суудалд очив. Хамгийн залуу Ардын их хурлын депутат хэмээн цоллуулж улс төрд “хаалга өшиглөн” орж ирснээс хойш 36 жилийн хугацаанд намынхаа хийгээд хувь улстөрчийн уналт босолт, уруудал доройтол, өгсөх зам, өөдлөх карьер гээд бүх зүйлийг бүрэн дүрэн үзсэн ахмад улстөрч ийнхүү улс төрд эргэн ирэлт хийлээ. Тэрбээр, жинхлэх шийдвэрээ сонссоныхоо дараа “Улс төрийн хүрээнд нам эв нэгдэлтэй байх үедээ ялалт байгуулж ирсэн туршлагад тулгуурлан, 1998, 2004, 2008, 2014 онуудын эвслийн Засгийн газрын гэрээг ахлан боловсруулж байсан.

Сүүлийн жилүүдэд нам дотор үүссэн хуваагдлыг даван туулж, 2021–2023 оны хооронд намыг нэгтгэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон. Цаашид намын зохион байгуулалтын бүтцийг удирдан, 30 гаруй нэгжийг нэгдсэн бодлогоор хангаж ажилласнаар ялалтад хүрэх боломжтой гэж үзэж байна. Намын удирдлагын зүгээс итгэл хүлээлгэж буйд талархаж, өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно” гэв. Түүнийг хамгийн их эсэргүүцэж байсан фракциуд ч олонхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандана гэснээр АН хэрүүлээ хойш тавьж, гурав дараалласан сонгуульд 59 настай улстөрчөөр гал тогоогоо бариулан оролцохоор эцэслэн шийдлээ. Нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх легаси буюу нэр хүнд муутай ч улс төрийн тогоонд унаж босож үзсэн, ялалт, ялагдлыг яасхийгээд давж гарах, олон толгойтой намынхаа учир зүйг олох ухаан залуучуудаас илүү С.Баярцогтод байна гэж нам нь итгэсэн учраас ирэх өдрүүдэд тэр БЭТ байх уу, бие даасан шийдвэр гаргачихдаг улстөрч байх уу гэдгээ харуулах биз ээ. Залуу улстөрчдөөр цус сэлбэсэн гэх АН-ын сонголт 80, 90 оны бус 60 оных байсан нь харин туйлын сонирхолтой шийдвэр байлаа.

Хонь бүрэн чоно цатгалан” буюу таван фракц Дэд даргаа хувааж авчээ

Намын генсекээ хэл амтай ч хэлцлийн ширээний ард эвлэрч суугаад баталсан АН-ынхан 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль хийгээд 2028 оны УИХ-ын болон Орон нутгийн сонгуульд таван Дэд даргатай оролцох сонголт хийв. Энэхүү томилгоо жинхнээсээ эхийг эцээж, тугалыг тураахгүй буюу фракц бүрийн төлөөллийг хангах зарчмаар хийгдэв. Ингэснээр “хонь бүрэн чоно цатгалан” тарж одоцгоолоо. Тухайлбал, Ардчилсан нам доторх хамгийн хүчтэй фракц гэгдэж буй МоАХ-аас Дэд даргаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан орж ирэв. Монголын хэвлэлийн хүрээлэнг 1998 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөнөөс хойш Сэрүүлэг, Ардын эрх, Өдрийн сонинд тоймч, Улс төрийн тойм сонинд Ерөнхий эрхлэгч, С1, Шонхор телевизээр овоглож, хожим “Цензургүй яриа”, сурвалжилгаараа танигдсан бөгөөд говийн бүсийн ард түмнийг төлөөлөн УИХ-д сонгогдсон билээ. Өдөр тутмын сонины хүчтэй автор гэгдэж явсан дайчин, цуцашгүй зоримог, өөрийн өнгө төрхийг бүрдүүлж чадсан сэтгүүлч бүсгүй энэ удаа АН-ыг ирэх өдрийн сонгуулиудад удирдаж орох чухал кандитат болох нь ээ.

Тэгвэл “Гранд Монгол” буюу С.Баярцогтын даргалдаг фракцаас хуульч Ч.Өнөрбаяр орж ирлээ. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн улс төрд бэлтгэсэн цөөхөн залуусын нэг болох Ч.Өнөрбаярын тухайд өнгөрсөн сонгуулиар Чингэлтэй дүүрэгт нэр дэвшсэн ч ялалт байгуулж чадаагүй. 2002 онд “Шихихутуг” Хуульзүйн сургуульд бакалаврын зэрэг эзэмшиж, магистр, докторын зэргээ МУИС-д хамгаалсан бөгөөд 2009 онд ҮАБЗ-ийн ажлын албаны ахлах референтээр ажиллан төрд орж ирснээс хойш Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой ойр явж, хуулийн зөвлөхөөр нь ажиллаж байсан намтартай.

Дөнгөж өчигдөрхөн генсекийн томилгоотой хамт АН-д шинээр “мэндэлсэн” УИХ-ын гишүүн Д.Ганбатаар удирдуулсан “Ардчилсан сэргэлт” фракци сэтгүүлч бүсгүй Д.Энхтуяаг намын Дэд даргын суудалд томилуулав. УИХ-ын гишүүн Д.Энхтуяагийн тухайд С.Эрдэний хүн гэдэг автортай олон жил явсан. Түүний удирдаж байсан “Шонхор” фракцид харьяалагдаж байсан бөгөөд Герман улсад телевизийн сэтгүүлчээр мэргэжил эзэмшиж ирснээс хойш 20 жил телевизийн салбарт ажиллажээ. “Ийгл” телевизийн мэдээний албаны даргаас ажлын гараагаа эхэлж, 2024 оныг хүртэл ТВ2 телевизийн захирлаар ажиллаж байгаад жагсаалтаар нэр дэвшин ялалт байгуулсан намтартай нэгэн билээ.

Бизнесийн салбараас улс төрд орж ирсэн, “Тоди” живхний эзэн, УИХ-ын гишүүн Г.Очирбатын удирддаг “Нэг Монгол” фракц УИХ-ын гишүүн, АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч асан Н.Ганибалыг Дэд даргаар томилуулав. Н.Ганибалын тухайд Хэрэглээний математикч, Программ хангамж хөгжүүлэгч мэргэжилтэй бөгөөд Сүхбаатар аймгийн Засаг даргын зөвлөхөөр томилогдон улс төрд хөл тавьж, 2020 оны УИХ-ын сонгуулиар ялалт байгуулан УИХ-ын гишүүнээр томилогдож, өдгөө хоёр дахь удаагаа улиран сонгогджээ. Н.Ганибалтай хамт орон нутгаас буюу Сүхбаатар аймгийн Засаг даргаар үүрэгт ажлаа эхлүүлж байсан УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн ахалдаг “МонДе” фракцаас УИХ-ын гишүүн П.Мөнхтулгыг намын Дэд даргаар томилуулав.

Улс төрд “түүхий” гэгдэж байсан эдийн засагч мэргэжилтэй П.Мөнхтулгын тухайд 2003 оноос эхлэн 2017 оныг дуустал тасралтгүй мэдлэг боловсролдоо анхаарч, хэд хэдэн гадаад, дотоодын Их сургуулийг төгсчээ. 2009 оноос аавынхаа үүсгэн байгуулсан “Хөх чоно” группын Гүйцэтгэх захирлаар ажиллахын сацуу намын залуучуудын байгууллага, сонгуульт албан тушаал буюу Байт харвааны Ерөнхийлөгч зэрэг албан тушаалыг эрхэлж явсаар 2024 онд Баянхонгор, Өвөрхангай, Архангайн бүсээс УИХ-д сонгогдсон залуу улстөрч юм.

...Ийнхүү намынхаа хүчтэй таван фракцийн хүслийг гүйцээж, “Морьтон”, “Од” зэрэг залуусынхаа фракц, МҮДН, Алтангадас зэрэг хууччуулын фракцийг гомдоож үлдээсэн томилгоо хийгдсэнээр “хөнжилдөө унтах завгүй хөнөөлдөн тэмцэлдэж” байсан АН-ын дотоод томилгооны зодоон бага ч болов намжиж, ирэх өдрүүдэд хүссэн ч эс хүссэн ч эв нэгдлийн малгай өмсөж, инээж зогсохоос өөр аргагүйд хүрэв. Ерөөс даргаа, цэргээ ч ярсхийтэл гараа өргөж, нэгэн дуугаар сонгож байгаагүй АН-ын тухайд энэхүү эвлэрэл харин ч их амжилт өөд хөтлөх тохиролцоо болчихов уу гэж харж болно. Нэг эрх ашгийн төлөө нэгдэж зогсохдоо зогсож, нэгнээ үзэж чадахгүй болтлоо зодолдож бас чаддаг АН-ын энэ удаагийн томилгоо хонь бүрэн чоно цатгалан томилгоо болсон ч гэлээ нам дотроо, үе дундаа өөр, өөрийн замаар түүх бүтээсэн таван өөр араншин, намтартай улстөрч, 59 настай генсектэйгээ нэгдэж нийлээд намаа ялалтад хүргэж чадах эсэхийг ирэх өдрүүдэд харах л үлдэж байна.

Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин