Тэр залуу сайд өөрөө тэр макетыг хийгээгүй байх л даа. Тэгэхдээ л хийлгэчихэж, хүлээн зөвшөөрчихөж, Төрийн ордонд авчраад Ерөнхий сайдад үзүүлчихэж. Хийснээс ялгаа юу байхав. Үндэсний урлагийн их театрыг яг ингэж барина гэх архитекторын “мундаг” шийдэл бүхий макет нь олон нийтийн жигшил зэвүүцлийг төрүүллээ. Зарим нь талхаар, бяслагаар, картон цаасаар макет хийн доромжилж эхэллээ. Гоё байна.
Бүтэн жилийн хугацаанд хоёр удаа тендер зарлаад бүтэлгүйтсэн, хугацаа нь тулчихаар яараад 14 хоногийн дотор нэг макетархуу юм хийгээд ирсэн нь “Зайл” гэж загнуулах шалтаг болж. БСШУС-ын дэд сайд Б.Ганбаяр энэ ажлыг хариуцаж байгаа хүнийхээ хувьд загнуулах нь зөв.
Ерөнхий сайд загнаад өнгөрсөн нь их юм. Хөөж гаргаад, тушаалыг нь унших байсан юм. Мөнгө нь байна, асуудлыг нь шийдчихсэн ажлыг иймэрхүү зохион байгуулалт муутай хийхээр хэний ч уур хүрнэ. Дэд сайдын албан тушаалд очсоноосоо хойш, 2018 онд хөрөнгө орлогоо “жилийн орлого 131 сая 929 мянган төгрөг, 775 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууцтай, 120 сая төгрөгийн “Ланд-200” машинтай, дотоодын банкны дансандаа 450 сая төгрөгтэй” гэж мэдүүлжээ.
Том байна, баян байна. Үндэсний урлагийн их театрын тендер хоёр удаа буцсан, бүтэлгүйтсэн шалтгаан нь юу юм бол. Залуу хүн, ирээдүйн карьераа бодохгүй л байна даа. МАН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас “сраз майор” гэдэг шиг дэд сайд болсон нь атаархам. FM радио, телевизэд сэтгүүлч байсан залуу сайд хийх нь НИТХ-ын төлөөлөгч байх, МАН-ын Бага хурлын гишүүн байхаас шал өөр юм л даа, уг нь.