ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ч.Алтанзагас: Цэнхэр тасалбараар хувьцаа авсан бол жилд нэг удаа шалгах хэрэгтэй

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-09-17

Иргэд одоо  болтол 1990 онд тарааж байсан Хөрөнгө оруулалтын эрхийн бичгээ  ашигласан,  ашиглаагүйгээ мэддэггүй. Тэгвэл энэ талаар Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн  Олон нийттэй харилцах албаны ажилтан Ч.Алтанзагасаас тодрууллаа. 

-Цэнхэр, ягаан тасалбар гэж нэрлэгддэг Хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр хувьцаа авсан эсэхээ иргэд хэрхэн мэдэх боломжтой вэ? 

-1990 оны үед хөрөнгө оруулалтын эрхийн бичгийг хороо,  захиргаагаар дамжуулж, иргэдэд олгож байсан. Ер нь бол хувьцаа авах эрхийг бичиг гэж ойлгож болно. Зарим иргэд ойлгохгүй цэнхэр, ягаан тасалбар,  хувьцаа, эсвэл данс гэж ойлгодог. Эрхийн бичгээрээ тухайн үедээ брокер диллер компаниудад  тухайн тасалбараа авч очин хувьцаа авах ёстой байсан. Хувьцаа авсан хүмүүсийн хөрөнгө оруулалтын эрхийн бичгийн ард талд тийм компанийн  тэдэн ширхэг хувьцаа авсан гэсэн бичилт хийдэг. Улмаар буцаагаад өгсөн байх ёстой. Мөн данс нээх гэрээ өгнө. Ингэсэн тохиолдолд манай мэдээллийн санд орсон  гэсэн үг. Хөрөнгө оруулалтын эрхийн бичигтэй хүмүүс “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-д иргэний цахим үнэмлэх, хувьцаа авч байсан  бичиг нь байгаа бол шүүлгэх боломжтой.

-Цэнхэр, ягаан тасалбар авч байсан  хэрнээ  шүүлгэхээр тухайн хүний мэдээлэл байхгүй гэсэн яриа иргэдийн дунд байдаг?

-Хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр зарим нь мал худалдаж авдаг, нөгөө хэсэг нь хувьцаа авахаасаа өмнө зарчихсан байдаг учраас манайд мэдээлэл байхгүй байх тохиолдол бий. Байхгүй гэдэг нь тэр хүн өөрөө хувьцаа авахаасаа өмнө эрхийн  бичгээ зарчихсан учир мэдээлэл олдохгүй гэсэн үг шүү дээ. Иргэдийн ихэнхи нь 1995,1996 оны үед хувьцаагаа авангуутаа зарчихсан тохиолдлууд байдаг. Заримдаа зарснаа ч мэдэхгүй иргэд манайд багагүй ханддаг. 1990-ээд оны үед брокер диллер компаниар дамжуулж хувьцаагаа зарах, нэмж худалдаж авах боломж байсан. Гэтэл  брокерийн компаниас хувьцаа авах, эсвэл захиалга өгчихөөд мартдаг. Мартсан тохиолдолд заруулчихаад  мөнгө нь байх тохиолдол ч гардаг. Эдгээр асуудал гарвал манай төвд  ирээд шүүлгэх хэрэгтэй. Цэнхэр тасалбараар хувьцаа авсан  иргэд  жилд заавал нэг удаа хувьцааны ногдол ашиг орж байна уу гэж брокерийн компаниасаа асууж байх ёстой. Иргэд үүнийг сайн мэдэхгүй олон жилийн дараа эргэж ирж асуудаг. Уг нь жил  бүр  асуугаад байвал зарсан зараагүйг нь мэдэх боломжтой юм.

-Цэнхэр, ягаан тасалбарын талаар тайлбарлаж өгөөч. Зарим иргэд үүнийг хольж, сольж ойлгодог шүү дээ? 

-Эрхийн бичиг буюу “Их хувьчлал” гэж тухайн үед ярьж байсан. Тэр нь 7000 хүнтэй, түүгээр хувьцаат компаниудын  хувьцааг авна.Үүнээс гадна, “Бага хувьчлал” гээд  гурван ширхэг жижиг ягаан өнгөтэй эрхийн бичгийг тараа­сан байдаг. Бага хувьчлал гэдэг нь тухайн үедээ иргэдийг өөрсдөө захиран зарцуулах, эсвэл цуглуулах, хоорон­доо наймаалцах, брокерийн компаниар дамжуулж заруулах гэх мэт гүйлгээ хийдэг  байсан. Гэхдээ энэ нь тодорхой хугацаатай буюу  тав орчим жил байдаг учир одоо мэдээлэл  нь байхгүй гэсэн үг. Тиймээс одоо  ашиг­лах боломжгүй. Харин хувьцаа авсан гэдгээ гэрчлээд шүүлгүүлж болно.

-Хувьцаагаа авсан хүмүүс ашгаа хүртээд явж байгаа юу?

-Тийм ээ, хүртээд явж байгаа. Гэхдээ ямар хувьцаа авахаас хамаараад ашиг хүртэх,  хүртэхгүй нь шалтгаална. Шинээр хувьцаа авч байгаа хүмүүс ногдол ашгаа өгдөг  ч юм уу,  тухайн компанийнхаа  талаар судалж үзээд хувьцаагаа аваарай гэж зөвлөмөөр байна. Ногдол ашиг тараадаг компанийн хувьцаанаас авсан хүмүүс жилд нэг удаа хурлаа хийдэг. Тэр хурлаараа “энэ жил манайх тийм ашигтай ажилласан, ашгаасаа ийм хэмжээний ногдол ашиг өгнө, өгөхгүй” гэдгээ шийддэг. Нэг хувьцаагаар хэдэн төгрөг тараах вэ гэдгээ хурлаар тодорхойлно гэсэн үг. Хувьцаа эзэмшиж байна гэдэг нь та тухайн компанийн нэг эзэн нь гэсэн үг. Их, бага байхаас үл хамаардаг. 

-Одоо гарч байгаа Эрдэнэс-Тавантолгойн хувьцаатай хамтатган цэнхэр, яагаад тасалбараа ашиглаж болно гэж зарим иргэд ойлгосон байсан?

-Хүмүүс буруу ойлголт авчихаад, ам дамжин  нэг нэгэндээ ярьдаг л даа. Үнэн бодит мэдээлэл авъя гэвэл Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд  хандах нь нээлттэй. Эсвэл брокер диллэрийн компаниудаа мэдэж байгаа бол тэндээ очоод  шалгуулж болно. Иргэдэд анхааруулж хэлэхэд, хувьцаат компанийн хувьцааг авахын тулд эхлээд брокер диллэрийн компанид хувьцааны данс нээлгэх ёстой.  Одоо үнэт цаасны гэж нэрлэгдэх болсон. Манай сайтад үнэт цаасны компаниудын хаяг, утасны жагсаалт бий. Тэдгээр компаниудад хандаж, дансаа нээлгэх боломжтой, эсвэл 158989 гэсэн дугаарт регистрийн  дугаараа бичиж илгээхэд Эрдэнэс тавантолготйн хувьцаатай, данстай дансгүй нь мэдэгдэнэ.