ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Хөхөө”

А.ОДСҮРЭН
2019-09-18

Тэр ууртай байна. Уурандаа дэлбэрэх шахаж байна. Намынхаа генсекийг “УИХ-ын гишүүдээс өөрсдөө УИХ-аа тараах талаар дуудаж уулзаж, гарын үсэг цуглуулаад эхэллээ. Нам нь оролцож төрөө үймүүлж байна” хэмээн ууртай жиргэж, хариуд нь “тарвал таарна, хохь нь, танай нам ч тар” гэдэг хариу “мессеж”-ээр даруулж сууна. Өрөвдөх ч шиг. МАН-ын генсек Д.Амарбаясгалан “Парламентыг тараах нь УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн асуудал. Энэ хүмүүсийн гуравны хоёр нь хуульд заасны дагуу энэ цаг үед парламентаа тараах нь зүйтэй. Магадгүй ард нийтийн санал асуулгаа хамт явуулъя гэж үзэх юм бол энэ асуудал цаашдаа яригдана. Тэгж үзээгүй тохиолдолд бид ярих ямар ч боллмж байхгүй” гэсэн байр сууриа илэрхийллээ. Түрүүлж дугарсан хөхөөний ам хөлдөнө гэдэг.

УИХ-ын гишүүдээр гарын үсэг зуруулах эсэх, зурах эсэх нь Д.Хаянхярваа гишүүнд тийм ч их хамаатай гэж бодохгүй байна. Хувь хүмүүс, өөрсдийн үзэл бодолтой улстөрчдийн өмнөөс ингэж дугарснаар өөрийгөө эвгүй байдалд оруулж, элдвээр баалууллаа. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөө хэлэлцэж чадалгүй, давхар дээлнээсээ татгалзаж чадаагүй 65-ын бүдүүн бүлэгт ард иргэд аль хэдийнэ дүнгээ тавьчихсан. Төрийн албыг 60 тэрбумаар наймаалцах гэсэн хэрэг бол төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархсан гэх хүнд зүйл ангитай хэрэг. Жирийн бизнес эрхлэгчдийн хүртэх ёстой зээлийг мэдээлэлд ойр, давуу байдлаа ашиглан өөрсдөө авсан хэрэг нь мөн л гэмт хэрэг.

Ийм хэргийн эзэд, гэрчүүдээс бүрдсэн энэ УИХ хугацаанаасаа өмнө тарах ёстой. Бүр жилийн өмнө тарах байсан юм. Тийм үү, Д.Хаянхярваа гишүүн ээ.  Төр, ард түмнийхээ өмнө шившгээ тарьж яваа танай намын гишүүн парламентчид яс юман дээрээ таньтай таньгүй гарын үсгээ зураад УИХ-аа тараачих байлгүй дээ. Хүнд ичих нүүр, булчирхай аль аль нь байдаг даа. УИХ тарлаа гэхэд төр үймнэ гэж байхгүй. Харин ч ард иргэд, сонгогчид буруу зөвийг нь шүүгээд, зөв хүнийг нь олоод сонгочихно. Санаа зоволтгүй. Хөхөө болж хошуугаа хөлдөөснөөс намаа, нөхдөө түш. Намаасаа, нөхдөөсөө урвасан улстөрчийн карьер яаж дуусдгийг та эрхбиш мэдэх байх.