ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Миний таргалсанд ардчилал буруутай юм байна

Б.ОЮУНГЭРЭЛ
2019-09-18

“Социализмын үед Монгол дарга нар л гүзээтэй байсан. Тэд албаны болон амины машин унадаг байсан. Машинтай хүмүүс тарган гүзээтэй байсан. Машин унадаг дарга нараа бүдүүн дарга гэдэг байсан” гэж нэг нийтлэлч бичсэн байв. Хүн хувьдаа машинтай байхыг хатуу хязгаарлаж байсан мунхаг үеийг ардчилал устгасан. Ардчиллын буянаар бүгд машинтай болсон. Алхдаг хүн цөөрсөн, дэлгүүрийн лангуу амттанаар дүүрсэн тул монгол хүний биеийн дундаж жин 15 кг-аар нэмэгдсэн гэжээ. Тийм ээ, би 165 см өндөртэй тул 65 кг л жинтэй байх ёстой.

Одоо 80 кг руу дөхөж нэг, илүүрхэж нэг галигуулж явна. Яг 15 кг жингийн илүүдэлтэй гэсэн үг. Буруутныг нь олчихлоо. Өөхтэй мах их идэж, элгээ өөхлүүлчихсэн нь миний буруу биш ардчилал намайг ийм болгосон юм байна. Шүүхдэнэ ээ. Харин ардчилалтай юу, Ардчилсан намтай юу гэдгээ нийтлэлчээс нь асуух уу, нийтийн дунд санал асуулга явуулах уу. Санал асуулгаа цахимаар авах уу, цаасаар авах уу. Хэд хоног бодъё байз.  Ажил гэр хоёрынхоо дунд болж л өгвөл алхчих санаатай, амттан шимттэнээр тэгтлээ бялуураад байдаггүй хүн л дээ, би.

Жийптэй баячуудыг илүү хардаггүй, приустай хүнийг ч ад үздэггүй нэгэн. Энэ улсын гурван сая иргэний хоёр олонхи нь над шиг бодолтой, мөрөөрөө, мөнчгөрөөрөө хоолоо олж идэж яваа гэж боддог. Харин баатар нийтлэлчийн маань бодлоор бол үгүй юм байна. Монгол хүний гэж тодотгосон болохоор надтай нийлээд 3.281.542 /ҮСХ-ны өчигдрийн мэдээгээр өдий тооны хүн амтай. Урьд шөнө хэдэн хүн шинээр мэндэлснийг мэдэхгүй/ хүн хэлмэгдчихлээ. Дарга нарын гэсэн бол өөр л дөө.