Таван буудлаас Долоон буудал хүртэлх авто замын хөдөлгөөнийг дулааны төв шугамын угсралтын ажилтай холбоотойгоор түр хаах шийдвэр гаргасан. Харин иргэд хаагуур, ямар замаар зорчих талаар болон бусад асуудлаар Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Засвар ашиглалтын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Мөнх-Одоос тодрууллаа.
-Долоон буудал чиглэлийн замыг хэсэгчлэн хаах болсонтой холбоотой мэдээлэл өгөөч. Хэзээнээс эхэлж хаах вэ?
-Улаанбаатар хотод хийж буй бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор Таван буудлаас Долоон буудал хүртэлх авто замын хөдөлгөөнийг түр хугацаагаар бүрэн хааж байна. Нийслэл хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банкны хөрөнгөөр хэрэгжиж байгаа. Энэ ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Чингэлтэйн 18 дугаар хороонд хэрэгжиж буй Сэлбэ дэд төвийг Чингэлтэй төвтэй холбох ус, дулаан хангамж, төв шугамын угсралтын ажлыг хийх юм. Энэ ажилтай холбоотойгоор долоон буудал руу чиглэсэн авто замыг есдүгээр сарын 20-ны 23:00 цагаас есдүгээр сарын 22-ны 00:00 цаг хүртэлх хугацаанд тээврийн хэрэгсэл, нийтийн тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарлахаар боллоо. Энэ хугацаанд тухайн авто замын зорчих хэсэгт гурван цэгт зам сэтэлж, дулааны шугам сүлжээ угсрах юм. Тиймээс Таван буудлаас Долоон буудал хүртэлх авто замын хөдөлгөөнийг хааж, бусад замаар зорчих зохицуулалтыг хийсэн.
-Энэ замаар дамжин Чингэлтэй, зуслан чиглэлд гэртээ очдог хүн олон бий. Хөдөлгөөний яаж зохицуулсан бэ?
-Чингэлтэйн өргөн чөлөөгөөр хойшоо долоон буудал руу зорчих иргэд Чингэлтэй-Хайлаастыг холбосон чулуун авто замаар дамжин зорчино. Харин долоон буудлаас 32-ын тойрог руу зорчих тээврийн хэрэгсэл Чингэлтэй холбосон замаараа буцаж яваад, Хайлаастын уулзвараараа явна. Нийтийн тээврийн маршрут ойролцоогоор нэг км орчим газар богино эргэлтэд иргэдэд үйлчилнэ. Бусад хэсгийн тээврийн хэрэгслүүд Дамба буюу Дарь-эхийн замаар явах боломжтой. Нийслэлд хийгдэж буй бүтээн байгуулалтыг иргэд ойлгож, тухайн зорчих хэсгийг хязгаарласан хэсгээр зорчихгүй, хөдөлгөөн зохицуулалттай автозамаар зорчин замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулмаар байна.
-Төсөв, санхүүжилтийн тухайд?
-Энэхүү төсөл нь Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк, НЗДТГ-ын санхүүжилтээр хэрэгжиж байгаа гурван багц төслийн эхний үе шат болох Баянхошуу, Сэлбэ дэд төвийн авто зам, ус, дулааны шугамын угсралтын ажлыг гүйцэтгэж байна.
-Гурван багц төслийн байршлын талаарх мэдээллийг өгөөч?
-Үүнд Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо буюу таван буудал, хоёр дахь байршил нь тус дүүргийн 14 дүгээр хороо буюу зургаан буудал, гуравдугаарт 18 дугаар хороо буюу долоон буудал гэсэн гурван байршлын авто замд сэтлэгээ хийнэ. Эхний төслийн үе шатанд Сэлбэ дэд төвийг Чингэлтэй төвтэй холбох ус, дулааны 9.9 км төв шугамын угсралтын ажлын явц 37.1 хувьтай явж байна. Ингэснээр 2020 онд Чингэлтэй, Сэлбэ орчмын оршин суугчдыг дулаанаар хангах боломжтой болох юм.
-Өмнө нь зам сэтлээд дулааны шугам янзалсан хэсгүүд байгаа шүү дээ. Гэтэл замаа буцаад янзлаагүй байна. Эдгээрийг хэзээ дуусгах вэ?
-Нийслэлийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг 239 аж ахуйн нэгжид зөвшөөрөл өгсөн. Үүнээс 136 аж ахуйн нэгжид авто зам дагуу буудах зөвшөөрөл өгснөөс 47 компанийн нөхөн сэргээлтийн ажил дутуу байгаа. Авто замын нөхөн сэргээлтийн ажлыг ирэх аравдугаар сарын 1-нд бүрэн дуусгахаар төлөвлөөд байгаа бөгөөд ажлын явц 80 хувьтай байна.