Одоо түүнд үнэхээр харамсалтай санагдаж байгаа. Өөртөө, үүссэн нөхцөл байдалд тэр маш их харамсаж байгаа нь мэдээж. Ялагдсаныхаа дараа ихэд харамсаж уйлж, бачуурсан байсан, Э.Сумъяа. Дэлхийн аваргад явахаасаа өмнө л мордохын хазгай гэгч болж, монголчуудын тал нь түүнийг буруутгасан. Аргагүй, улсын аваргаар жиндээ орж чадалгүй хасагдсан. Гэтэл 53 кг-ын жинд залуучуудын болон насанд хүрэгчдийн улсын аваргад түрүүлсэн М.Пүрэвтунгалагийн ДАШТ-д явах боломжийг хааж, Казахстаныг зорьсон. М.Пүрэвтунгалагийн аав охиныхоо төлөө хөлөө хүрэх газар явж заргалдаж, нийгэмд “түймэр” тавьсан юм.
Охиныхоо төлөө явсан эцэг хүний зөв. Э.Сумъяа олон жил барилдсан, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан туршлагатай бөх. Улсын аваргаар жиндээ орж чадахгүй хасагдана гэдэг хариуцлагагүй хэрэг. Буруутгахгүй байхын аргагүй. Гэхдээ л түүнийг Чөлөөт бөхийн холбоо сонгоод, дасгалжуулагч нар нь итгээд дэлхийн аваргад явуулсан. Харин хүмүүсийн хүссэн шиг медальд хүрч чадсангүй. Аргагүй ээ, тийм их хэл ам, дарамтын дараа. Хэрвээ ялагдчихвал яана даа гэсэн дарамтын дор дэлхийн шилдгүүдтэй барилдахад амар биш байсан нь ойлгомжтой.
Тэр дарамтыг ч тэсэж, давж гарч чадалгүй ялагдчихлаа. Ийм л юм болох байж. Тэр сайн тамирчин, дэлхийд аль хэдийнэ нэрээ данслуулчихсан. Баргийн аавын хүү, ээжийн охин дэлхийд финалддаггүй юм. Тэр чадсан, амжилт гаргасан. Үнэндээ М.Пүрэвтунгалаг гэдэг охиноос илүү амжилт гаргах найдлага байсан. Харин бид өөрсдөө тамирчныхаа боломжийг хумсалчихлаа. Одоо дээрээс нь нэмж битгий дэвслээрэй. Тэр улсын аваргаар жиндээ орж чадаагүйдээ, залуу тамирчинтай холбоотой асуудалд хутгалдсандаа, Казахстанд очоод ялагдсандаа голдоо ортол харамсаж байгаа. Тэр харамсалтай нь л үлдээе, нэмэрлээд яах вэ.