Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн “Сансрын хөлөг” эргэлдэгч тоглоом осолдож, дөрвөн хүүхэд гэмтсэн асуудлын шалгаан нөхцөлийг сурвалжиллаа. Өчигдөр өглөө биднийг ҮСАХ-ийн төв хаалгаар ороход автомашины зогсоолд нэг ч машин байгаагүй бөгөөд дотогш нэвтрэх төмөр хаалган дээр “Дотоод ажилтай” хэмээн А4 цаасан дээр бичиж наасан байв.
Хүүхдийн паркийн хашаа эль хуль хүний бараа харагдаагүй бөгөөд хөх ягаан өнгийн тууш зураастай эрээн бүтээлгээр осолдож эвдэрсэн тоглоомыг битүү бүтээсэн нь салхины аясаар дэвэлзэж харагдав. 5-6 метрийн өндөртэй эвдэрч нурсан төмөр тоглоом осолдохдоо хүүхдийн аминд хүрч болохуйц байсныг хараад өөрийн эрхгүй сүрдсэн юм. Эвдэрсэн тоглоомоос бусад тоглоомуудыг тойрч харахад техникийн аюулгүй байдал өдөр тутмын засвар арчлалт хийгддэг эсэх нь эргэлзээтэй байв.
Бид ҮСАХ-ийн захиргааны оффисын хоёр давхар цэнхэр барилга руу орж ослын шалтгаан нөхцөл болон, ҮСАХ-ийн тоглоомуудын насжилт, чанар аюулгүй байдлын талаар тодруулахаар очиход “Мэргэжлийн хяналтын газар” гэсэн бичигтэй хар хөх өнгийн форумтой таван хүн гаднаас ирж, хурлын зааланд оров. ҮСАХ-ийн захирал Б.Батнягт цагдаад мэдүүлэг өгөхөөр яваад эзгүй байсан тул ҮСАХ-ийн Санхүү албаны захирал эмэгтэй ХАБЭ-ийн инженер болон холбогдох албаныхан хурлын өрөөнд цугларч 20 орчим минут хуралдаад тарсан юм. Хурлын заалнаас гарч ирсэн ажилчдыг архиваас холбогдох бичиг баримтыг авч ирэхийг мэдэгдсэнээр шалгалтын ажиллагаа эхэлсэн юм. Б.Батнягт захирал Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст мэдүүлэг өгөөд ирсний дараа бид түүнтэй уулзаж цөөн асуултад хариулт авсан.
ҮСАХ-ийн гүйцэтгэх захирал Б.Батнягт: Манай тоглоомууд Бээжингийн улсын үйлдвэрийнх
-Эвдэрсэн тоглоом дээр сууж байсан хүүхдүүдийн ар гэртэй холбоо барьсан уу. Хүүхдүүдийн биеийн байдлын талаарх мэдээлэл танд ирсэн үү?
-Тоглоомд сууж байсан хүүхдүүдийн гэр бүлтэй холбоотой байгаа. Өчигдөр гэмтлийн эмнэлэг дээр манай эмч, менежерүүд цуг байж үзүүлсэн. Хүүхдүүдийн биеийн байдал одоогийн байдлаар зүгээр. Манайхаас баримталж байгаа зарчим бол зүгээр гээд орхилгүй бүх зардлыг дааж дараагийн шатны эмнэлэгт бүрэн шинжилгээнд хамруулж байна. Өнөөдрийн байдлаар иргэдийн үзүүлнэ гэж хүсэлт гаргасан эмнэлэгт нь үзүүлээд онош тодруулах шинжилгээг хийлгэж байна.
-Тоглоомуудын аюулгүй байдлыг шалгадаг уу?
-Жил бүр нээлт хийхээс өмнө холбогдох засвар үйлчилгээг хийж тестэлж мэргэжлийн хяналтын газраас үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосноор тоглоомуудыг ажиллуулдаг. Өдөр бүрийн засвар үйлчилгээ аюулгүй байдлыг ҮСАХ хариуцаж ажилладаг. Тиймээс манай зүгээс ямар нэгэн байдлаар мэргэжлийн хяналтын газарт буруу өгөхгүй. Бидний хариуцах ёстой байсан цаг хугацаанд осол гарсан.
-ҮСАХ-д нийт хэдэн тоглоом ажиллаж байна. Осол гарч эвдэрсэн тоглоом хэдэн жилийн насжилттай вэ? Элэгдэл хорогдолд орсон эсэхийг тодорхойлох боломжтой биз дээ?
-Өнөөдрийн байдлаар 22 тоглоом ажиллаж байна. 2007 оноос хойш гэрээ хэлэлцээр хийж, 2009 оноос тоглоомнуудыг суурилуулан 2010 оны есдүгээр сард ашиглалтад оруулсан. Манай тоглоомууд Бээжингийн улсын үйлдвэрийн тоглоом байгаа. Хуучин тоглоом нэг ч байхгүй. 2008 оноос хойш нийт 53 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн.
Миний хүүхдүүд тоглож байхад осол болсон бол яана аа
Биднийг холбогдох хүмүүстэй уулзаж яриа авч байх үед Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумаас ирсэн Г.Ганчимэг билетийн буцаалт хийж байхтай таарсан юм. Тэрбээр “Би хоёр хүүхдээ тоглуулахаар хөдөөнөөс ирсэн. Харамсалтай нь дөнгөж нэг тоглоом дээр тоглож байтал техникийн гэмтэл гарсны улмаас хааж байна гээд хаачихсан. Хоёр хүүхэд билетээ буцаах үнэхээр дургүй байгаа. Хөдөө буцах болсон учраас аргагүйн эрхэнд билетээ буцааж байна. Гэхдээ эвдэрсэн тоглоомын талаар зурагтын мэдээгээр үзээд, миний хүүхдүүдийг сууж байхад эвдэрсэн бол яана гэж их айлаа” хэмээн ярилаа.
“Мангасын ам” гулгуурын урд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас ирсэн “Гэрэлт-Ирээдүй” сүмийн 10-15 насны найман хүүхэд дагуулсан итгэгч н.Цэцэглэнтэй таарав. Тэрбээр “Манай сүмийн нэг гишүүний аав нь бурхан болсон өдөр өнөөдөр тохиож байгаа учир хүүхэд баярлуул гэж бидэнд хагас сая төгрөг өгсөн.
Энэ мөнгөөр хүүхдүүдээ паркад тоглуулах, Зайсан гаргаж үзүүлэхээр Сэлэнгээс өглөө ирсэн. Манай хүүхдүүд дунд хотод анх удаа ирж байгаа, хүүхдийн парк дээр тоглож үзээгүй хүүхдүүд явж байна.
Даанч парк маань хаалттай байна” хэмээн ярьж байтал 12 настай н.Оюунбаатар хүү “Би паркт ерөөсөө ирж үзээгүй. Үнэн гоё санагдаж байна. Ажиллахгүй байгаад нь аймаар харамсч байна” гэв. Тэр үед 50 орчим насны десант хувцастай хамгаалагч ах “Одоо та нар гарцгаа, мэргэжлийн хяналтын газраас дарга нарын шалгалт ирсэн. Хүмүүсээ гарга гээд загнаад байна” шууд гарцгаа хэмээн шулуухан хөөв.
ҮСАХ гэж ширж бичсэн улбар шар ажлын хувцастай хэдэн залуусын хамт зогсож байгаа мэргэжлийн хяналтын байцаагчаас нөхцөл байдлын талаар тодруулах гэсэн боловч 40 орчим насны нуруулаг нүдний шилтэй залуу “Чи энүүгээр юугаа хийгээд шиншлээд яваад байгаа юм. Тэртээ тэргүй бид нар хариуцлага алдсанаа мэдээд, дарамттай байна” хэмээн уцаарласан нь инженер техникийн албаны ажилчин н.Батмөнх гэгч болохыг албаны эх сурвалж хэлсэн юм.
Алхам тутамдаа анхаарал болгоомжтой байж үйлчлүүлэгч иргэдийн амь нас аюулгүй байдлын эрсдэлийг хариуцан ажиллах ёстой инженер хүний гаргаж буй үйлдэл нь үнэхээр бүдүүлэг байлаа.
Г.Эрдэнэхүү: Тоглоомын өдөр тутмын үзлэг шалгалтыг хангалтгүй хийсэн байсан
Манай сонины сурвалжлах баг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Г.Эрдэнэхүүтэй уулзаж ослын газарт анхны үзлэг оношилгоо, шалгалтын талаар тодруулсан юм. “Шалгалтаар “Сансарын хөлөг” тоглоомонд зургаан хүүхэд, хоёр том тоглож байгаад зогсох үед хос гар /сум/-ны нэг хугарч дээд талын хөлгийн бүхээгт байсан дөрвөн хүн бүхээгийн хамт доод талд байсан хөлгийн бүхээгийн зүүн талыг дарж унасан байна. Тус тоглоомын гар /сум/-ны хугарсан хэсгийн метал хийц, холбоос шилбэнд 200 мм урттай хуучин ан цав гарсан байсан.
Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн инженер техникийн ажилчид нь тус тоглоомын өдөр тутмын үзлэг шалгалтыг хангалтгүй хийсэн байна. Тус байгууллагад техникийн аюулгүй байдлыг хангаж ажиллах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллах тухай 2018 оны тавдугаар сарын 22-ны өдрийн 02-07-092/190 дугаартай зөвлөмжийг хүргүүлсэн байдаг.
“Сансарын хөлөг” тоглоомын техникийн байдлыг бүрэн тодорхойлж аюулгүй ажиллагааг бүрэн хангаагүй нь “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалтыг зөрчсөн. Тус осол нь эрүүгийн хэргийн шинжтэй байх тул Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлсэн” хэмээн мэдэгдсэн юм. Бид Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст очиж хэргийн талаар тодруулга авлаа.
Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Б.Саруултуяа “Хэргийн газрын үзлэг хийж материалжуулан мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна. Одоогийн байдлаар хэрэг бүртгэлтэд шалгагдаж байна. Гэмтэж бэртсэн хүмүүсийн шүүх эмнэлгийн дүгнэлтээр эрүүгийн хэрэг үүсэхгүй болох нь тогтоогдоно. Одоогийн байдлаар холбогдох хүмүүсээс мэдүүлэг авсан байгаа. Тухайн хэрэг нь Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлд заасны дагуу Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль зөрчих гэдэг зүйл заалтын гурав дахь заалтыг зөрчсөн бөгөөд дээрх зөрчил гаргагч хуулийн этгээдийг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгоно гэж заасан байдаг” гэв.