Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан аж ахуйн нэгж, хувь компаниудад “ташуур” өгч эхэллээ. Гэхдээ тэр зүгээр ч ташуурдаад зогсохгүй хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв. Тэрбээр ирэх сарын 1-нээс ажил аваад хийж чадаагүй, гэрээ байгуулаад үнээ нэмдэг. Тэр ч бүү хэл илүү мөнгө нэхдэг, ажлаа хийж чаддаггүй, мэргэжлийн боловсон хүчин байхгүй, дадлага туршлагагүй хотын ажлыг, хөгжлийг хойш нь татдаг.
Төсвийн хөрөнгийг үргүй зарцуулдаг компаниудыг олон нийтэд зарлаж, цаашид хотын болон бусад төрийн байгууллагуудын бүтээн байгуулалтын ажилд оролцохгүй байх асуудлыг шийдвэрлэнэ гэж хэлснийг жирийн иргэнийхээ хувьд хоёр гараа өргөөд дэмжмээр санагдав. Танил талаараа ажил авчихаад удаашруулж, сунæруулдаг байдал үүгээр цэг болох нь. Цаашилбал, төсөв хөрөнгө хүрэлцэхгүй бараа таваарын үнэ өссөн хэмээн шалтаг тоочдог газрууд ч “ташуур”-ын амт хүртэх нь нэгэнт тодорхой боллоо.
Энэхүү шийдвэрийн ачаар нийслэлд өрнөж байгаа олон бүтээн байгуулалт гацаанаас гарч, бариандаа орох байх. Нөгөөтэйгүүр, чаддаг нь хийж, чадахгүй нь дэмждэг тогтолцоо руу ч шилжих биз. Хэт их удаашралын байдалтай өрнөх үйл явцыг халж байгаа нь сайн хэрэг. Өөрөөр хэлбэл, түүний энэ шийдвэр хариуцлагаас гадна хурдыг нэвтрүүлэх нь тодорхой. Хариуцлага, хурд, чанар гурав байхад Улаанбаатар өндийгөөд л ирнэ. Харин гаргасан шийдвэрээсээ хэзээ ч ухарч болохгүй. Нийслэлийг хөгжүүлэх гэж байна гээд уут тарааж, утаагаа үлээж, зүрхтэй хөшөө барихыг хэлдэггүй юм байна. Харин ажил гүйцэтгэж байгаа бүхий л газраас хариуцлага нэхэж, өрсөлдөөнийг шударгаар явуулахыг хэлдэг аж. Цаашид энэ байдлаар эрчимтэй урагшлах юм бол бидний хүсэн хүлээсэн Улаанбаатар “нүүрээ угаасан хүүхэд” шиг болох цаг удахгүй биз дээ.