Найман зууны өмнө буюу аравтын зохион байгуулалттай байхдаа л монголчууд хүчирхэг байжээ. Бүр дэлхийн талыг эзэлж байсан оргил үе аравтын зохион байгуулалттай байх цагийнх. Тэгвэл хүчирхэг байх энэхүү менежментийг төрийн түшээд анзаарч “тоотын систем”-д дахиад шилжихээр аль хэдийн ажилдаа орсныг бид л анзаараагүй байж.
Хүн амынхаа өсөлтийг тооцож аравт бус мянгатын зохион байгуулалтад орох бэлтгэл хэдэн оны өмнөөс эхэлснийг мэдэлгүй, идлээ уулаа, хулгайллаа гэж бухимдсаар. Улс орныг хөгжингүй болгох хамгийн гол гаргалгааг олж харсан улс ЖДҮ зэргийг “цохих” гавьяатай байлгүй яах вэ. Бухимдах хэрэг юун. Хамгийн хүчирхэг, дугаар нэг улс байх гол гарцыг төрийн түшээд аль хэдийн олж харсан байж.
Итгэж ядаад байвал сүүлийн хоёр жил болсон чуулган, хурал цуглааныг бодоод үз. Бүгд мянгатынх. Мянган ээж, мянган инженер, мянган оюутан гээд нийгэмд өрнөж байгаа томоохон чуулга, уулзалтуудыг дандаа мянгатаар зохион байгуулж байсан нь учиртай байсан аж. Анзаарсан бол мянгатын чуулганууд дандаа төрийн өндөрлөгүүдийн ивээл дор, ялангуяа Ерөнхий сайдын ивээл дор болдог нь учиртай. Ерөнхий сайд мянгатын чуулганд л үг хэлж байгааг уншигч та анзаарсан биз. Хэдхэн хоногийн өмнө мянган мөрдөс эмэгтэй чуулсан нь мянгатад шилжих бодлого өрнөсөөр байгаагийн бас нэг баталгаа.
Одоо л Монгол Улс хөгжих нь. Одоо л бид хүчирхэгжих нь. Айлаас гуйхаар авдараа ух гэдэгчлэн гадныхнаас гуйлга гуйж, зам, гүүр барих гэж мунгинаж байснаас аль эрт л мянгатын системд шилжих байжээ. Тэгсэн бол одоо нисдэг такси туршаад сууж байх байсан ч юм бил үү, хэн мэдлээ. Тоотын системээр амжилттай явсан туршлага бидэнд бий учраас түшээд эргэлзэхгүй байгаа нь лавтай. Тэдний холч ухааныг ухаж ойлгож чадахгүй нүдэнд харагдаж, гарт баригдах бодит хөгжил, дэвшил нэхэж суусандаа харамсмаар. Оройтоогүй байна. Одооноос бүгдийг мянгатаар зохион байгуулъя.