ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Ташуур”

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-09-25

“60 тэрбум”-ын Ц.Сандуй 16-20 жилийн ялын сургаар сандарсан уу_ эсвэл “аавд” суухаасаа өмнө Ерөнхий сайдын бэлэглэсэн ташуураар өөрийг нь нэг ташуурдъя  гэж бодсон уу хоёр хоногийн өмнө цензургүй ярилаа. Тэрбээр, ийм хэрэгт холбогдсондоо уучлалт гуйж, 60 тэрбумын схемийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй МАН-ын удирдлагууд сайшааж байсан тухай “матав”. Үнэн худлыг цаг хугацаа л эцэслэх биз. 60 тэрбумын схемийн талаар бичиж байгаа номдоо ч болж өнгөрсөн бүх зүйлийг бичнэ гэдгээ  мэдэгджээ.

Сандарсан ч бай, сагсуурсан ч бай төрийн албыг хар зах мэт наймаалцах төлөвлөгөөнд оройлон оролцсоныхоо төлөө хариуцлагаа хүлээх л ёстой, тэр. Гэхдээ түүний гол алдаа 60 тэрбумын схемд оролцсон явдал биш юм. Дайны талбарт цэргээ хаяж зугтаадаг буруу толгойлогчийг бараадсан нь хамгийн том алдаа байжээ. Буруу газар, буруу хүнээ түшсэн хэрэг. Мэдээж ус гарчихсан хойно сал онгоц хэрэггүй. Тэгэхээр Ц.Сандуй МАН-ыг сонгуульд ялуулсан баатар гэж өөрийгөө төсөөлсөн ч  “нохойд барьсан ташуур” байсан гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Шулуухан хэлэхэд, улс төрийн золиос болов.

Мэдээж 60 тэрбумын толгойлогч хэн байсныг ард түмэн мэдэх учраас хэнийг бараадаж буруудсан бэ гэдгийг нь ойлгож байгаа биз. Сандарсан Ц.Сандуй цензургүй ярихдаа ч ханилгаагүй толгойлогчийгоо хамгаалсаар байв. Зөв үйлийн төлөө, зөв хүнтэй нийлсэн бол түүний “толгой” Монголын төрд хэрэгтэй байсан юм. Гэвч  хумсаа нуусан толгойлогчийг нөхрөө гэж андуурснаас ид хийж бүтээх насандаа карьераа дуусгаж байгаа нь харамсмаар. Толгойлогч нь улс төрд байгаа цагт Ц.Сандуй “дээлээ нөмөрлөө” ч улс төрд үүрлэсэн наймаа, солионы асуудал байсаар л байх биз ээ.