ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Жижгэрээд л...

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-09-25

Саяхан гадны нэг улсын парламентын гишүүд нь бусдын өмнөөс кноп дарсныхаа төлөө уучлалт гуйж, сайн үйлсийн аянд мөнгө хандивласан юм байх. Тэдний энэ мэт хариуцлагаа ухамсарласан үйлдэл заримдаа хөгийн санагдах юм. Гаргасан алдаандаа уучлалт гуйж, сайн үйлсийн аянд мөнгө хандивлаж, бөхөлзөөд, жижгэрээд  байх зүйл огт биш. Харин ч даам гардаг байхгүй юу. Тэд мэдээлэл муутай бололтой. Ядахад тойрон хүрээлэгчид нь тааруухан зөвлөдөг юм болов уу.

Тэднийг  Монголд уриад, өөрсдийнхөө гишүүдээр жаахан зүйл заалгах юмсан. Манай хэд бол  багшлана даа. Юун сайн үйлс. Манайд кноп дарсныхаа төлөө уучлалт гуйж, бөхийх нь бүү хэл “Сан”-гийн  сав руу гараад дүрчихээд “Юун сүртэй юм бэ. Жаахан идээ амссаны төлөө нийгмээрээ адлаад сүртэй юм бэ. 900-хан сая төгрөгийн төлөө үхлээ. Энэ мөнгийг өдөрт нь төлнө. Юм үзээгүй царайтай юм бэ. Горгор гарууд. Тэрбум тэрбумаар иддэг гишүүн байна” гэх зэргээр барьцах нь энүүхэнд. Юун тэр гэм зэмээ ухаарах. Харин ч хариуцлага нэхсэний төлөө “сэгсийтэл” загнуулна.

Цаашилбал, гуравхан сая хүнтэй Монголд 76 гишүүн тарвалзаж, дэлгэсэн тэрлэг шиг дэрвэлзэж байхад  бусад улсын гишүүд нь ард түмнээсээ айгаад жижгэрч яваа нь дэндүү инээдтэй байгаа биз дээ. Харин ч эсрэгээрээ даам гарч, даварч байдаг газар. Түүний гаргасан үйлдлийг харахаар доошоо орчихсон юм шиг мэдрэмж төрж байгаа биз дээ, шал утгагүй ч юм шиг. Өөрт нь олгосон боломжийг ч олигтой ашиглаж чадахгүй, доожоогүй хүмүүсийг сонгодог тэр улсын иргэд ч асуудалтай. Бид бол загнуулсан ч дахиад л сонгодог юм.