Монголчууд ХЗДХ-ийн сайд Цэндийн Нямдоржоос айж эхлэв. Түүний айдас төрөм үйлдэл, булхай, луйвар он цаг өнгөрөх тусам нийгэмд ил болж байна. Ёстой л “Даравч далдайна, булавч бултайна” гэдэг шиг. Ойрын хэд хоног ТВ нэвтрүүлэгт орсон болгон, амтай бүхэн таныг ярьдаг болж. Та чинь яачихсан хүн бэ? Тэр монголчуудын хайрлаж, хүндэлдэг төрийн түшээ байв. Таныг УИХ-д долоон удаа итгэл үзүүлж, таван удаа хамгийн чухал яамныхаа толгойд залж, тахисаны хариу нь дэндүү шог байлаа. Монголын улс төрд 20 гаруй жил зүтгэхдээ шударга хүмүүний баг зүүсэн ахмад улстөрч та залуу үеэсээ ичих ёстой. Монголын өнөөгийн төрх, хууль хяналтын байгууллага, авлига, хээл, хахуулийн торон сүлжээ, хууль тогтоомжийн ойлгомжгүй байдал энэ бүхэнд та буруутай.
Хуулийн цоорхой, ноорхой нэмэлт өөрчлөлтийн чинь хар гай. Хуулийг гууль болгож, хувиргасны ид шид. Хар гэртний харгис үйлдэл, хаанаас ч хайгаад олдохгүй эх захгүй луйврын систем, иргэндээ ээлгүй төр, эмх замбараагүй хуулийн зүйл, заалтаа хар, сайд аа. Нийгэмд тогтсон гажуудал бүхний залгалмайлсан эцгээр таньж нэрлэж эхэллээ. Ингэж нэрлэлээ гээд таныг гомдохгүй байх гэж бодож байна. Тухайлбал, Үндсэн хуулийн дордуулсан долоон заалтаас эхлээд таны гараар ороогүй, засаагүй хууль Монголд үгүй. Харин хэдэн удаа өөрчилж, зассаныг нь тоолох ёстой байх. Өнөөдөр таны гэр бүл Монголын бүхий л бололцоотой, эрэлт хэрэгцээтэй чухал газарт хариуцлагатай албыг хашиж байна. Тэдний булхайг энд дурьдах нь илүүц биз.
Харин монголчууд, Монголын төр танд ямар гэм хийсэн юм бэ гэж асуумаар байна. Миний мэдэхийн бүхэл бүтэн 20 гаруй жил Ц.Нямдорж сайд “албан тушаал” нь ганхах бүрт С.Зориг агсны амиа алдсан хэргээр үе үеийн Засгийн газрын амыг үддэг айхтар хүн л гэж таних юм байна. Ах намын “хор” найруулагч, завхарсан заалтуудын автор гэж цаагуур чинь шуугиад эхэллээ. Юу бодож байна, сайд аа. Хорын ч юм уу жорын ч юм уу ерөнхий найруулагч нь та юм биш биз.